Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​А. Өсөхбаяр: Зургийн байрлалд өнгө хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг

Хэрвээ та зураач байсан бол ямар өнгийг сонгох байсан бэ?

Хамгийн тод өнгөтэй зургаас эхэлсэн эдгээр өнгө өнгийн учир битүүлэг бүтээл хэнийх болох талаар “Монголын урчуудын эвлэл”-ийн үзэсгэлэн зохион байгуулагч А.Өсөхбаяраас сонирхлоо.

Урлагийг хүн бүр харилцан адилгүй ойлгодог бөгөөд зураач бүрийн хэв маяг үргэлж өөр байх аж. Тэр тусмаа өнөөдрийн үзэсгэлэнгийн хэв маяг өөр хоорондоо бүр ч ялгаатай. Учир нь Монгол, Солонгос хоёр өөр улсын зураачдын бүтээл болохоор тэр. Энэ жил Монголд анх удаа хоёр улс хамтран шилдэг зураачдынхаа бүтээлийг гаргаж байгаа гэнэ. Монголын зураачдын бүтээл яагаад ийм цөөхөн байгааг сонирхоход О.Энхтайван, М. Баярмагнай, Г. Батчулуун, Алтанцэцэг гэх ердөө дөрөвхөн зураачийн бүтээл оролцож байгааг мэдлээ. Харин Солонгос зураачдын бүтээл яггүй их харагдсан нь 72 зураачдын бүтээл Монголын үзэсгэлэнд тавигдахаар шалгарсантай холбоотой байж. “Монголын урчуудын эвлэл”-ийн галерейд янз бүрийн содон зургууд, өөр өөрийн түүхтэй тавигддаг ба заримдаа тэдгээр зургууд бүхэлдээ нэг утгыг илэрхийлдэг гэж зохион байгуулагч Өсөхбаяр ярилаа.

Өмнө нь үзэж байсан зургуудтай харьцуулахад энэ удаагийн зургууд завсрын өнгөтэй гэхэд тун хурц юм. Эсвэл хүний нүдэнд тусах цэгийг нарийн тодорхойлсон юм шиг. Энэ талаар асуухад Солонгосын зураачид зургаа байрлуулахдаа урьдаас тусгайлан зааварчилгаа өгдөг гэв. Зургийн байрлалын хувьд өнгөний хоршил хамгийн чухал аж. Гэвч ийм завсрын хэрэн тод өнгөнүүдийг хэрхэн зохицуулж байрлуулдаг нь сонирхолтой. Зарим нь цагаан, шаргал, усан цэнхэр гэх зэрэг бүдэгхэн өнгөнүүд зонхилсон байхад нил ягаан, хар хөх, улаан зэрэг тод өнгөнүүдтэй хооронд нь шингээнэ гэдэг ярвигтай. Гэсэн хэдий ч зураачид өөрсдийн бүтээлийг үзэсгэлэнд өгөхдөө тусгайлан байрлалыг тогтоосон байдаг байна.

Хамгийн сонирхолтой зүйл бол галерейд ажиллаж буй хүний хувьд Монгол Солонгос хоёр өөр улсын зураачдын зургийн онцлогийг дүгнэх байх. Тиймээс зохион байгуулагч А. Өсөхбаяраас энэ тухай асуухад, зураачдын зургийн өгүүлэмж, харж тусгах өнцөг, өнгийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь өөр хоорондоо ялгаатай байх ба энэ нь тэдний онцгойрох өнцөг байдаг байна.

Долоо хоногийн хугацаатай явагддаг уг арга хэмжээнд ийм байдлаар өдөр бүр зургийн байрлалыг тогтоодог гэхээр нэг талаар урлагийг ойлгох амаргүйг сануулна. Хэрэв нэг л зургийг буруу байрлуулвал ерөнхий өгүүлэмж тэр чигтээ балартах аюултай.

Ингээд хамгийн тод нил ягаан өнгөөр эхэлсэн бидний зургийн аялал мөн адил хамгийн тод хар хөх өнгөөр сүүдэрлэсэн загасны зургаар дууслаа.

Ирэх жил Солонгосын галерейд мөн адил Монгол зураачдын бүтээл давамгайлсан үзэсгэлэн зохион байгуулагдана гэдгийг сонсоход таатай байв.







Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *