Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа

УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных осолдсон төмөр замын сэргээн босголтын ажилтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостны хэлэхдээ “Би нутагтаа төмөр замд ажиллаж байсан сэргээн босголтын туршлагатай. Бид хоорондоо зөвлөлдөж байгаад намайг ослын газар руу явуулсан. Ослын шалтгаан гэвэл маш хүчтэй усны урсгал 15 минутын турш замын хэсгийг угаасан. Урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй. Ослын дараа зүтгүүрийн бригад, галт тэрэгний үйлчлэгч нар мэргэжлийн үүднээс маш сайн ажилласан. Ийм осол зөвхөн Монголд гардаггүй. Бусад улсад ч тохиолддог болохоор хэн нэгнийг буруутгахад эрт байна. Сэргээн засах бүхий л ажлыг УБТЗ-ынхан хийсэн. Бид ослын газарт нэмэлт үзлэг хийнэ. Ус зайлуулах дахин төлөвлөлт хийнэ” гэв.

Хэвлэлийн хурлын дараа УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

– Таныг ажлаа өгөх хүсэлт гаргасан, гаргаагүй хэмээх мэдээллүүд ослын дараа тарж эхэлсэн. Үнэхээр та ажлаа өгөх хүсэлт гаргасан юм уу?

– Өнгөрсөн долоо хоногт хүнд өдрүүд үргэлжиллээ. 747 дугаар км дээр гарсан ослын дараа штабын ажлыг өөрийн биеэр удирдаж, хэрэгцээтэй бараа материалаар хангах гээд олон асуудлууд дээртөвлөрч ажиллалаа. Нөхцөл байдлыг орхиод явах сэтгэл надад байгаагүй. Би тийм хүсэлт гаргаагүй. Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн дүгнэлттэй. Хэн нэгэн хүний болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байна.

– Төмөр замд дэр модны асуудал байнга яригддаг. Осол гарахад дэр модны нөлөө байсан байж болох уу?

– Манай суурь бүтцийн байдал сайнгүй байгаа. Замын ихэнх хувь нь хуучны модон дэртэй, шороон чигжээстэй. 2018 онд хийхээр төлөвлөсөн их засвар хийгдэж дуусаагүй. Одоогоор 404 км замын засварын ажил дутуу байна. Осол гарсан замд хамгийн сүүлд 1997 онд их засвар хийгдсэн. Дэр модны аж ахуйн хувьд байдал нэлээн хүнд байгаа. Гол замаа төмөр бетон дэртэй, хайрган чигжээст рүү шилжүүлж амжаагүй. Тэгэхээр эрсдэл байж болохыг үгүйсгэхгүй.

– Замаас гарч унасан зүтгүүр, вагонуудыг дахин ашиглах боломжтой юу?

– Зорчигчдын болон тээшийн вагонууд цаашаа ашиглагдах боломжгүй болсон. Хоёр загал 009 гэсэн зүтгүүрийн хувьд өнөөдөр сүүлийн секц нь дугуйн дээрээ босч байгаа.. Зүтгүүрийг цаашид ашиглах боломжтой эсэх нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой болно. Ашиглаж болохгүй гэсэн тохиолдолд сэлбэгийн асуудал яригдана.

– Хөдөлгөөн саатсантай холбоотойгоор гарсан хохирлыг тооцоолсон уу?

Хөдөлгөөн 30 гаруй цаг саатсан учраас хохирол гарах нь тодорхой. Ачаагаа цаг хугацаанд нь хүргэх боломжгүй болох нөхцөл үүссэн. Зорчигч тээврийн хувьд осол гарсан хэсгээс бусад хэсэгт тээвэр хэвийн үргэлжилж хаасан замд зорчигчдыг автобусаар тээвэрлэсэн. Эцсийн байдлаар тооцоолол гараагүй байна. Төмөр зам жил бүрийн хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. Энэ оны гуравдугаар сард мөн тушаал гарч холбогдох ажилтнуудад замын суурь бүтцийн шалгалтыг тогтмол хийх үүргийг өгсөн. Өдрийн цагаар төмөр замын тор засагч нар тороо засахаас гадна замын нөхцөл байдлыг шалгаад явдаг. Дээрээс нь бороотой, үер болох эрсдэлтэй үед хариуцаж буй ажилтнууд нь тодорхой хэсэг хэсэг газруудын байдалтай танилцаад явдаг. Үүнийгээ хийж байсан. 747-р км-ийн хэсэг бол гуравдугаар сард гарсан тушаал дээр онцгой анхаарах талаар заасан байсан. Үер 20 минут хүрэхгүй хугацаанд орж ирсэн байгаа юм. Богино хугацаанд тиймэрхүү хэмжээний их устай бороо орохыг тааж мэдэх боломжгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *