Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдаад байсан билээ. Тус хөтөлбөрийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдийн 84 хувь нь шүд цоорох өвчтэй. Шүд цоорох өвчин бол чих, хамар хоолойн өвчлөлөөс гадна амьсгалын замын, архаг хууч өвчний дам шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ноцтой байгаа учраас Засгийн газар 2019 оноос таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн төсөвт багтаан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх аяныг явуулах гэж байна. Үүнд 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс сэргийлж, хамгаална. Засгийн газар төсвийн хөрөнгөөс эрүүлжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Амны хөндийн эрүүл ахуйг сахиулах орчныг сургууль, цэцэрлэгийн орчинд бүрдүүлнэ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэжээ.