– ТАЛИЙГААЧТ.ГОМОБСҮРЭНГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДАЖ ДАРАМТАЛСАН ХЭРЭГТ САЙД АСАН Ж.БАТ-ЭРДЭНЭ, ДЭД САЙД, ТНБД НАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс бусдын амь насыг хөнөөсөн энэ хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Б.Махбалыг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны хоёр жолооч, төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч, тухайн үед талийгаач Т.Гомбосүрэн, Б.Махбал нартай хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан алба хаагчдыг давхар шалгаж буй. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насаа алдсан хэрэгт яамны газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр шалгаж байгаа. Тэдний маргалдсан шалтгаан нь ажил албан тушаал өгөх, ажлаас халагдах асуудалтай холбоотой байж болзошгүй. Мөн яамны томоохон албан тушаалтнууд ч талийгаачийг үндэслэлгүйгээр ажлаа өгөхийг шаардаж, айлган сүрдүүлж дарамтлах оролдлого хийсэн байж болзошгүй нөхцөл бий болоод байна. Энэ ноцтой асуудалтай холбоотойгоор сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон” гэдгийг онцолж байв. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
“НАЙЗ МИНЬ УЛС ТӨРЧДИЙНГАР ХӨЛ БОЛСОНТАНХАЙ БАЛМАД, ЗЭРЛЭГ НӨХРИЙНГАРТ ХАРАМСАЛТАЙГААР АМЬ НАСАА АЛДЧИХЛАА”
Талийгаач Т.Гомбосүрэн 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн байна. Тэрээр 2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд, 2012 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежмэнтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2018 онд магистрийн зэрэг хамгаалсан байна. Т.Гомбосүрэн нь ажлын гараагаа 2001 онд эхлүүлж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хуулийн зөвлөх, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ. Мөн 2013 онд шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, “Эм Эл Эс партнерс” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албанд томилогдсон аж. Талийгаачийн дотны найз Г.Батсүхтэй ярилцлаа.
-Таны найз бусдад зодуулж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Найзыгаа юунаас болж амиа алдсан гэж бодож байна вэ?
-Бид багын найзууд. Одоо хүртэл найзыгаа бусдад зодуулаад нас барьсан гэхэд итгэхгүй байна. Миний найзад маш олон сайн чанар байдаг. Хүүхэд байхаасаа бусдыг манлайлж, онц сурдаг байсан. Хичээлдээ онц сурахаас гадна аливаа асуудалд чин шударгаар ханддаг, ямар ч ажлыг сэтгэл гаргаж хийж чаддаг байсан. Гэтэл улстөрчдийн гар хөл болсон танхай балмад зэрлэг нөхрийн гарт харамсалтайгаар амь насаа алдчихлаа. Дөрвөн хүүхэд, эхнэр нь өнчирч үлдлээ шүү дээ. Үнэхээр их харамсаж байна. Ар гэрийнхэн нь гашуудаж, буян ном хурах ажил дөнгөж эхэлж байхад ярилцлага өгч байна. Миний хувьд энэ хэргийг хууль, хяналтынхан үнэн зөвөөр шийдэж өгөөсэй, ар гэрийнхэн нь гашуудалтай байгаа энэ үед хэргийн гол буруутнууд ял авалгүй үлдчихвий гэсэндээ ярилцлага өгч байгаа юм шүү.
Найз маань Сэлэнгэ аймагт өмгөөлөгчөөр олон жил ажилласан. Хууль хяналтын байгууллагаар асуудлаа шударгаар шийдүүлж чадахгүй байгаа ядарсан хүмүүст их тусалж байсан. Маш чадварлаг сайн хуульч. Тийм ч учраас Монголын өмгөөлөгчдийн холбооны шилдэг шагналыг хүртэж байлаа. Сэлэнгэ аймагт ажиллаж байх үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамтарч ажиллаж эхэлсэн. Ингээд 2016 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажилласан. Энэ салбарын болж бүтэхгүй байгаа зүйлийг шалгаж илрүүлэх том ажлыг хийж эхэлсэн. Олон жил бугшчихсан идээ бээрийг манай хүн шахаж эхэлсэн. Нүүрсний тээврийн компаниудын хятад жолооч ажиллуулдаг байдлыг таслан зогсоож чадсан. Мөн салбарын мэргэжилтнүүд нүүрс тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл дуртай компаниудад олгож, авлига авдаг байсан асуудлыг цэгцэлж чадсан. Бас мэргэшсэн жолооч бэлтгэх нэрийдлээр жолооны курсуудэд давуу эрх олгодог байдлыг ч илрүүлж, хууль бус үйлдэл хийгдэж байгааг илрүүлсэн. Өнгөрсөн жил Гашуунсухайт хилийн боомт дээр олон мянган нүүрсний машин урт дараалал үүссэн. Гэнэт яагаад машинууд хилийн наана цуваа үүсгэх болсон цаад шалтгаан нь мөн л авлигын ноцтой хэрэг байсан.
Энэ асуудлыг шалгалтаар илрүүлж шат дараалсан арга хэмжээ авсан. Энэ ажлыг Т.Гомбосүрэн гардаж хийсэн байдаг. Мөн МАН-ын нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүн Монголын төмөр замын ачаа тээврийг гартаа атгаж, монопольдож байсныг нь таслан зогсоох арга хэмжээ авсан. Нөгөө дуулиант мянган вагон оруулж ирсэн гэх асуудал гарсан. Үнэндээ УБТЗ буюу Монгол Улсад төмөр замын ачаа тээврээс их хэмжээний ашиг олох гарц гаргалгааг яамны зүгээс хариуцаж ажиллаж байсан. Энэ салбарын авлига хээл хахуульд идэгдсэн хууль бус зүйлтэй найз минь чин шударгаар тэмцсэн. Бас олон ажлыг хийж хэрэгжүүлж чадсан. Хэдийгээр улс эх орондоо сайн зүйл хийж чадсан ч энэ нь олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. Яам болгонд шинэ дарга, мэргэжилтнүүд ирсэн. Энэ үеэс эхэлж манай хүнийг шахах ажил эхэлсэн. Ажлаа сайн хийсний төлөө шинээр томилогдсон сайд дарга нарт манай хүний талаар буруу ташаа мэдээлэл их очдог байсан юм байна лээ. Ингээд ажлаас нь халахаар шахаж эхэлсэн гэж надад ярьсан. Гэвч ажлаас нь халах ямар ч үндэслэл олдоогүй юм байна лээ. Бүр манай хүний албан тушаалд томилогдож ирэх хүний нэр хэдийнэ ил болчихсон, яриа хөөрөө, тохироогоо хийчихсэн байдаг. Гэтэл манай хүн “Та нар намайг үндэслэлтэйгээр ажлаас хал” гэсэн байна лээ.
-Тэгээд ажлаас нь шууд халчихаж чадахгүй байсан юм уу?
-Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож ирээд удаагүй байхдаа гадаад руу томилолтоор явсан байдаг. Олон улсын хуралд оролцох хүмүүсийн тоонд манай найз багтсан. Олон улсын хурал дээр манай найз шиг мэдлэгтэй хүн байгаагүй гэсэн. Ингээд Ж.Бат-Эрдэнэ сайд нэлээд үнэлсэн гэсэн. Ингээд ажлаас нь халах асуудал түр намжиж байгаад дахин босч ирсэн байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг гардаг өдөр Ж.Бат-Эрдэнэ сайд найзыг минь өрөөндөө дуудаж оруулаад айраг аягалж өгсөн. Үүний дараа “Чи ажлаа өг” гэж шахсан гэх зүйл гарсан байна лээ. Энэ үнэн байж магадгүй. Б.Махбал ч хэрэг гардаг өдөр “Ажлаа өг” гэж шахаж, дарамталснаас үүдэж хэрэг гарсан байж болзошгүй байгаа шүү дээ.
– Таны хэлж буйгаар талийгаач Т.Гомбосүрэн энэ салбарын хууль бус үйлдлийг мэдэж байсан юм байна?
-Тийм ээ. Би түрүүн зөвхөн надад хэлсэн зүйлсийг л ярилаа. Өөр ноцтой олон асуудал байхыг үгүйсгэх аргагүй. Найз минь Зам, тээврийн салбарын идээ бээрийг шахах ажил хийхээс гадна хөгжил, дэвшилд өөрийн гар биеэ зориулсан байдаг. Агаарын салбарт шинэ гарц нээх талаар байнга ярина. Бас өрөөндөө баахан бичиг цаас дэлгэчихээд тооцоо судалгаа хийгээд суудаг байсан. Бид агаарын замын шинэ зам, үүд хаалга нээж чадвал манай улс бусад орны агаарын тээврийн компаниудаас их хэмжээний хөрөнгө босгох юм гээд л инээгээд сууж байдаг байсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвийг нь тогтоож, гэм буруутай этгээдүүдэд хуулийн зохих хариуцлага хүлээлгэх ёстой. Хүмүүс яамны дарга нар нийлж архи ууж байгаад нэг нь танхайраад амь насыг нь хөнөөчихлөө гэж асуудлыг өнгөцхөн ойлгоод байна. Хэргийн цаад учир нь албан тушаалын наймаа байсан уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Ж.Эрдэнэбатын хүн гээд ажлыг нь хийлгэхгүй шахдаг байсныг Зам, тээврийн яамны олон хүн гэрчилнэ. Хүүгээ бусдын гарт амь насыг нь алдсан аав нь “Хичээлдээ сайн сур. Хүнийг хайрлаж бай. Чи сайн хүн бол гэж зааж сургаж байхын оронд хүн цохиод авах юм бол өөрийнхөө биеийг хамгаалж сур гэж зааж сургадаг байж” гээд л уйлж байна гэсэн. Миний найз хэнд ч муу зүйл хийдэггүй зөөлөн сэтгэлтэй, шударга хүн байсан.
-Талийгаачийг Б.Махбал гэгч хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гараад байна лээ?
-Тийм ташаа мэдээлэл гарсан байна лээ. Зам, тээврийн хөгжлийн яамны камерт бичигдсэнээр найзыг минь газарт унагаж байгаад дэвсэж, эрүүг нь мулт өшиглөсөн байсан. Б.Махбал зэрлэг балмадаар зодож байхад таван хүн хараад зогсож байсан юм байна лээ. Найз минь эмнэлэгт очоод амь насаа алдсан байсан. Хэрэгт шалгагдаж байгаа таван хүнийг цагдаа нар нэг камерт хориод маргааш нь тавиад явуулсан гэх ноцтой зүйл ч гараад байна. Үүнээс болоод хэргийг үнэн зөв шалгах ажиллагаанд саад учирч байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа юм байна лээ.