Categories
мэдээ цаг-үе

Р.Пүрэвдулам: Ангийнхан маань өвөө, эмээ болсон ч нөхдөө сурагчийн дүрэмт хувцастай гүйж буй дүрээр нь л харж байгаа даа

Нийслэлийн 78 дугаар сургуулийн монгол хэлний багш Р.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Та тэртээ 1984 онд 78 дугаар сургуульд тавын “В” бүлгийн хүүхдүүдийг хүлээн авч байжээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Өвөрхангай аймагт дөрвөн жил багшлаад тухайн үед шинээр баригдаж байсан хорооллын 78 дугаар сургуульд ирж байсан юм. Хөдөөний сургуульд багшилж байсан намайг шил толь болсон хачин сайхан орчин угтаж байсан нь санаанаас гардаггүй юм. Сургуулийн хоёр давхрын 213 тоот ангидаа ороход шинэ сургуульд нийслэлийн газар газраас цугларсан хамт олон бүрдээд намайг тосч байсан даа. Сэхээтэн, ажилчин гээд нийгмийн бүх л давхаргын айлын хүүхдүүд нэг ангид цугларсан байсан.

-Тавдугаар анги гэхлээр 12,13 хүрчихсэн хүүхдүүдийг дааж авч байж. Хэрхэн нэг анги, хамт олон болгож байсан бэ?

-Хэдий нэгдүгээр ангиасаа хамт нэг ангид суугаагүй ч их сайхан хамт олон болсон юм шүү. Бидний наймдугаар анги төгссөнөөс хойш 30 жил өнгөрсөн байна. Хүний амьдралд янз бүрийн л юм тохиолдох урт хугацаа. Уулзалдахад ангийнхан маань бие биенээ сурагчийн дүрэмт хувцастай дэггүйтээд гүйж буй дүрээр нь л хүлээж авч байна даа. Зарим нь өвөө, эмээ болсон ч манай ангийн хүү, охин гэж ярина. Зургадугаар ангид ороход л манай хүүхдүүд зуны амралтаар бие биенээ их санаж үгүйлсэн байсан нь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Ангиараа хамт волейболын секценд явдаг байсан. Багийн спортоор хичээллэж байсан нь илүү нэгтгэж өгсөн болов уу гэж санадаг юм. Гар бөмбөгийн спортод авьяастай

ангийнхан маань зургадугаар ангид байхдаа дээд үеийн ах, эгч нараа бүгдийг нь хожиж сургуулийн аварга болж багшийгаа их баярлуулсан даа. Энэ шавь нар маань нийслэлийн газар газраас цугларсан ч хэл ам таталж, чих халууцуулж байсан удаа нэг ч байхгүй, хүмүүжилтэй хүүхдүүд.

-Тэр үеийн хүүхдүүд бүтээлч байсан байх. Ямар ажил хөдөлмөр хийдэг байв?

-Манай ангийнхан Төв түүхий эдийн баазтай шефийн харилцаатай байсан. Нийгмийн тустай хөдөлмөрт суралцуулна гэж хавар, намар зэрлэг зулгааж хог цэвэрлүүлнэ. Тавдугаар ангийн жаахан хүүхдүүд ирэхдээ гэрээсээ жаахан талх авчирна. Ажлын дундуур буланд шувуу шиг суугаад идэцгээж байсан нь санаанаас гардаггүй юм. Мөн мод тарина, өвөл цас цэвэрлэнэ. Гэрээсээ яс авчирч тушааж мөнгөтэй болно. Ингэж нийгэмд тустай хөдөлмөр эрхлээд өнөөдөр муудсан юм алга. Бүгд л тус тусын ажил мэргэжилдээ эзэн нь болоод явж байна. Харин ч багад нь нөхөрсөг нийтэч зан суулгаж өгсөн гэж надад санагддаг юм.

-Их ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар хичээлээ хэрхэн амжуулдаг байсан бол?

-Аль алиныг нь амжуулахаас өөр аргагүй шүү дээ. Улсын шалгалтын билет боловсруулна гэж амаргүй ажил байлаа. 32 билет боловсруулж 96 хуудас дэвтрийг дүүртэл бичүүлнэ. Одооных шиг тест байхгүй байсан болохоор манайхан ч өглөө эрт 5:30 минутад босч билетээ уншина. Гэсэн ч өдөр хичээл дээр нойрмоглодог хүүхэд нэг ч байгаагүй. Сэргэлэн цовоо үрс байсан даа.

-Ийм нөхөрсөг дотно хамт олноос гэр бүл төрсөн л байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Манай ангийн дарга Д.Батболд гэж хүү М.Чулуунбаатар гэж урт хар үстэй хөөрхөн бор охинтой гэр бүл болсон. Ангийн нөхөд чинь гэр бүл болсон хоёр дээрээ их цугладаг юм байна ш дээ. Хүн амьтан бужигнасан гэр бүл сайхан л амьдарч байгаа. Хүүхдүүд л юм чинь бие биедээ сайн болно. Манай ангийн Д.Ариун-Эрдэнэ гэж хүү бага зэрэг сахилгагүй. Тэр маань ангийнхаа Д.Булган гэж охинд захиа өгөөд “Чи надтай үерхмээр байвал хичээлээ сайн хий” гэсэн хариу авсан байгаа юм. Ариун-Эрдэнэ ч химийн хичээлээ давтаад шалгалтандаа онц авахад нь багш нь “Чи хэнээс хуулсан” гэж загнасан гэнэ лээ. Тэр үеэс хойш Ариун-Эрдэнэ химийн хичээлд анхаарахаа больсон гэж ярьж байсан.

-Гол төлөв ямар мэргэжилтнүүд төрж гарсан бэ?

-Энэ ангид салбар бүрийн ажилчид төржээ гэж одоо боддог юм. Эрчим хүчний салбарын хэдэн мэргэжилтэн төрсөн. Хорооллын 28 дугаар байрны нэгдүгээр орцонд эрчим хүчний салбарын ажилчид амьдардаг байсан л даа. Тэр байрнаас Н.Энхбат, Т.Төмөрхүү, Р.Ганболд гэж гурван хүү манай ангид суралцдаг байсан нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан байна лээ. Манай сургуулийн хими биологийн багш мундаг байсан учраас эрүүл мэнд, хими биологийн мэргэжилтнүүд төрсөн. С.Гансүх гэж охин Монголд ховор байдаг үр шилжүүлэн суулгах Юнимед төвд эмчээр амжилттай ажиллаж байна. Мөн Ё.Баясгалан маань нийслэлийн Засаг даргын тамгын газарт ахлах мэргэжилтнээр албан тушаалыг нэр төртэй хашиж байгаа. 10 жилдээ бүлгэмийн дарга байсан Ө.Мэнджаргал Дархан-Уул аймагт суурьшиж Тамгын газрын ахлах мэргэжилтнээр ажиллдаг. Б.Хуягсүх гэж хүү хилчин болж эх орныхоо алтан хилийг хамгаалж байгаа. Бидний хамт олны хэсэг нь хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Сарантуяа БНСУ-д, Ш.Дуламсүрэн Германд, Б.Баттулга АНУ-д аж төрдөг.

-Тухайн үеийн хүүхдүүдийн гангараа нь юу байсан бол?

-Охидын гангараа нь дүрэмт хувцас, хоёр салаа гэзэг л байсан даа. Би “Хайр нь дотроо, хал нь гаднаа” тийм л багш байсан. Үсээ зүгээр боогоод ирвэл авгай шиг гээд л загнана. Би долоо хоногийн нэг өдөр семинарт суухад манайхан үсээ янз бүр болгодог байсан гээд сүүлд инээлдэж байсан. Нэг удаа ажил тараад сургуулиас гараад ирсэн чинь ангийн охид, хөвгүүд бүгд хөлбөмбөг тоглоод гүйлдэж байна. Тэгэхэд хичээлээ хийхгүй тоглолоо гэж уурлаад охидоор сургуулийн нэг давхрын, хөвгүүдээр хоёр давхрын шал угаалгаж байсан. Хүүхдүүд маань олон сайхан дурсамжийг одоо болтол ярьдаг юм.

-Ангийн хамт олон тань наймдугаар анги төгссөнөөсөө хойш 30 жилийн дараа уулзахаар товлосон юм байна?

-Гуравхан сар амраад ирэхэд л биенээ саначихсан байдаг байсан шавь нар маань уулзалтын зар сонссон цагаас хойш шөнө ч унтаж чадахгүй байгаа сурагтай. Би ч дүрэмт хувцастай дэггүйтэн гүйлдэж, зэмлүүлхэдээ зэмлүүлж, магтуулж байсан шавь нар минь яаж өөрчлөгдсөнийг харах өдрийг хүлээж сууна. Хүүхэд бүрийн минь төрх яг л тэр хэвээрээ сэтгэлд өнөөдрийг хүртэл тодхон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *