Categories
мэдээ цаг-үе

Хубилай хааны толбот ирвэс

Их хаан сэнтийдээ залрахыг төдийлөн яарсангүй. Хааны ордны нас ахисан шивэгчингүүдийг охид, залуу бүсгүйчүүдээр сольж, сэлбэх ээлж иржээ. Ийнхүү сэлбэх тоолонд их хааныг баясгаж, бие сэтгэлийн жаргал эдлүүлэх гоо бүсгүйг сонгон хааны таалалд өгдөг заншлаар арваад охиныг сонгон, чимэг зүүлтээр гоёж хааны өргөөнд аваачлаа. Хэдийгээр өмнө зүгийнхэн охид хүүхнүүдийн будмал төрхөнд дуртай ч хаан таалах бүсгүйчүүдээ зөвхөн байгалиас заяасан махбодиороо байлгахыг тушаадаг ажээ. Тиймээс будаг засалгүйгээр хаанд таалагдах охиныг олно гэдэг амаргүй. Хэр баргын бүсгүйчүүдэд “Нүдний хор гарчихсан” хааны сэтгэлийн утсыг доргиож, зүрхийг нь булгилуулах бүсгүйг олох гэж шадар хүмүүс нь үйлээ үзэцгээнэ.

Хаан хивсэн олбогтой өргөн буйдан дээр ташаалдан хэвтэж, амттан өрсөн ширээний алтан царан дээрх гүзээлзгэнэ, усан үзэм зэрэг өмнөд нутгийн амтат жимснээс ганц нэгийг амандаа хийсэн шиг, гоёмсог хөхөвч, саан цацагт дотоожноос өөр хувцасгүй охидын бэлхүүсээрээ туялзан, уян налархай хөдөлж, хондлойгоороо эр хүний хүсэл тачаалыг дуудан бүжиглэхийг, захаас нь эхлэн цатгалан харцаар халиаж эхлэв. Гэтэл тэдэн дунд яг хажууд нь хүүхнүүдийг харан хамар дороо зөөлөн архирч хэвтэх толбот ирвэсийнх шиг жартгар ногоон нүдтэй, зэгзгэр шар охин нүдэнд туслаа. Түүний хөдөлгөөн бүрийг алдалгүй дагуулан харахад охины эрэмгий цочмог бүжих, үе үе харц тулгарахад үл дальдрах зоригтой нүд бусад охидоос, тэр ч бүү хэл урьд өмнө учирч байсан бүсгүйчүүдийнхээс ч тэс өөр байсан нь хааны сонирхлыг татсан бололтой. Хаан энэхүү ирвэсийнх мэт хурц харцыг эр биеийн чадлаар номхруулах хүсэл нь оргилж дорнын султануудын заншлаар хөх алчуурт зангидсан очир алмасан бэлзгийг хүүхний зүг шидлээ. Түүнийг нүд цавчилгүй харж зогссон тайганууд бусад бүсгүйчүүдийг “гар” хэмээн дохиход хөгжим ч зогсож, охид бүжиглэхээ болин, хаанд таалагдсан бүсгүйд атаархасхийн гарцгаалаа.

Харин хажуу дахь ирвэс л тайвширч өгөхгүй, хаан хүүхнийг таалахад орыг нь тойрон, намалзтал алхлан үе үе араа шүдээ ярзайлган хүрхэрнэ. Чингэснээ хажууд нь оцойн сууж, бүсгүй ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн хийх л юм бол юу юугүй үсэрч багалзуурт нь асахад бэлтгэн хярна. Энэ ирвэс эхээс төрөөд нүдээ ч нээгээгүй байхдаа хааны ордонд ирж, зөвхөн хааны гараас л хоол идэж, хэзээ ч салалгүй, хонь шиг номхон явсаар өдий хүрсэн билээ. Чухам яагаад ингэж аашлаад байгааг хаан тааварлаагүй ч энэ бүсгүйд нэг л учир байна гэдгийг мэдэрлээ.

Хаан охиныг эзэмдэх үед түүний харц хомхрох нь бүү хэл, хамаг биенийх нь эмзэг бүхэн хөндөгдөж, ямар ч бүсгүй хүн өөрийн эрхгүй орь дуу алддаг атал хөмхийгөө зуун, хэдэрлэх мэт биеийнхээ хамаг булчинг чулуу шиг чангалахад Хубилай гайхсан ч энэ нь түүний дур хүслийг улам бадрааж буйд таашаан ирвэсээ зандран хэвтүүлэв.

Хааны бие хүүхнийхээс түрүүлж, зүйрлэх аргагүй гүнзгий мэдрэмжээр тайвширан сулбайж, өөрийн эрхгүй хоёр нүд нь анилдан нойрондоо дийлдэв. Бүсгүй инээмсэглэн ирвэсийн нүд рүү эгцлэн ширтэж, өөд өөдөөсөө шөвөгдөн харахуйд ирвэс дальдарсхийлээ. Хүүхэн энэ агшиныг алдалгүй үсэн дэх чичлүүр хутгаа шүүрэн далайтал, яг хааны зүрхэнд дүрдгийн даваан дээр ирвэс дүүлэн ирж, хутга барьсан гарт нь хурц соёогоо зоож амжлаа. Хүүхэн хутгаа алдаж, амь тэмцэн чарлахад хаан цочсондоо ухасхийн босов. Хаан ирвэсийг “боль” хэмээн зандрав. Ирвэс арга буюу эзнийхээ үгэнд орж, гаслантай архиран хүүхний бугалганаас соёогоо салгалаа. Бүсгүйн гар санжин, орчин тойрон улаан цусанд будагджээ. Хүүхний яс янхийлгэм цурхирах дуунаар ордоны тайган, шивэгчин нар гүйлдэн ирэхэд Хубилай “Оточ дууд” гээд хүүхнээс: -Яагаад, чи ингэхэд хэн юм бэ гэж ноцтой асуулаа.

Олон хаад бүсгүй хүний өвөрт амь тавьсаныг сонсож л байсан. Гэхдээ Хубилай хаан өөрт нь тохиолдохын чинээ зүүдлээ ч үгүй явсандаа харамсав. Оточ ирж хүүхний шархыг боосны дараа хаан бусдыг гар гээд бүсгүйтэй хамт үлдэв. Хүүхний эрүүнээс долоовор хуруугаараа өргөн:

-Яагаад? гэж дахин асуухад, шархандаа зовиурлан дагжих бүсгүй:

-Би өшөө авах гэж ирсэн. Намайг ал… гэхэд Хубилай:

-Чамайг алах амархан. Харин ямар өшөө… хэмээн догшрон дуугаа чангаруулав. Охин огт айсан шинжгүй:

-Би мянганы ноён, нангиад Хандугийн охин. Хаан таны зарлигаар таны шадар сарацин шашинт Ахмах бурхан шүтээнийг минь галдаж, миний эцэг эх, ахан дүүсийг минь хүйс тэмтэрч, голомтыг минь самарсан. Би нуугдаж золоор амьд гарсан. Гэхдээ зөвхөн энэ биш ээ. Манай тосгонд зовлон үзээгүй айл үлдээгүй, хөвгүүдтэйгээ нийлэн охид хүүхнүүдийг бузарлаж, алж талж явна. Одоо манай нутгийнхан удахгүй, тун удахгүй, энэ өмхий ордныг чинь галдан шатаана. Хаан та хэдэн мянган цэрэг явуулж тэднийг хайр найргүй няцлах биз. Гэвч ганц манай тосгон ч биш, энэ их гүрний зах хязгаарын нутаг бүрт гомдол цөхрөл, уур хилэндээ багтарсан олон, далайн давалгаа шиг түрэн орж ирнэ. Ингэлээ гээд та нар алах талахаас өөр юу мэддэг юм хэмээн цээжээ оволзуулан хэлэхэд цочирдож давчидсан Хубилайн хүүхэн хараа томрон охинд улам ойртон ирвэсэн нүдийг нь цоо ширтлээ. Гэвч бүсгүйг худлаа яриагүй гэдгийг түүний яахаас ч буцахгүй багтаж ядсан үзэн ядалтаас мэдэрч байлаа. Хубилай түүнд юу ч хэлсэнгүй. Алгаа хавсрахад харуул орж ирлээ. Хубилай:

– Энэ хүүхнийг хорь. Ахмах хаана байна. Тэрийг үтэр түргэн авчир гэлээ.

Хубилай хаан өгсөн эрх мэдлийг нь улс орон даяар бослого үймээн дэгдтэл хэтрүүлж, нэр хүнд, гавьяа зүтгэлийг нь шалбаагтай хутгаж орхисон Ахмахыг эцэгтэйгээ адил төрийн хуулийг завхруулан, ард олныг харгислан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн хөвгүүдтэй нь хамт олны өмнө амьдаар нь арьсы нь өвчиж, зовлог нь нохойд хаяж өгчээ. Ахмахын нүгэлийг их хааных биш гэдгийг ойлгуулах гэж Юань улсын өнцөг булан бүрт элч довтолгосон боловч нэгэнт хүчээ авсан харанхуй бүдүүлэг тариачдын сохор тэмцлийн галзуурсан эрч хүч сулрах нь өнгөрсөн байлаа. Хаан өөрийн үүргийг цалгардаж, зугаа цэнгэлд мансуурсны гайгаар, эрээ цээргүй зальхай, овжин Ахмахад төрийн хэргийг итгэж хүлээлгэн түүний балмад явдлыг даамжируулсандаа харамсавч барахгүй. Цусаар уйлсан ч нөхөгдөхгүй алдаандаа бүдэрч, мянга мянган тариачин, цэрэг эрсийн амиар боолчуудын бослогыг цус урсган дарлаа.

Гэвч хаантан түүнээс хойш төрийн алтан багана ганхаж, хэдэн арван сая хүний сэтгэлийн шарх лугшин идээлж, шалтаг л гарвал сэдэрсээр нэг л өдөр зад тавихын чинээ төсөөлөө ч үгүй биз.

Хэрэв мууран нүдэт ирвэсийнхээ харцыг уншиж чадсан бол тэнгэр заяат Чингис өвгийнхөө гэрээсийг тэрслэн, Өгөөдэйн хөвгүүдээс төрийн жолоог булааж, зулайг нь гишгэж төрсөн дүүгийнхээ амийг хүртэл егүүтгэн байж, хориод жил хутганы ирэн дээр амь дэнсэн тэмцэлдэж, улаан гараараа эмхэлсэн, ертөнцөд хосгүй их гүрнээ далаадхан жилийн дараа нуран унахыг харах байлаа.

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт, “Алтан өд”-ийн эзэн зохиолч Цэрэнтулгын ТҮМЭНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *