ЗТХЯ-нд гарсан хүн амины онц ноцтой хэргийн улмаас хариуцлага алдсан олон албан хаагч ажлаасаа чөлөөлөгдлөө.
Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарын нийт долоон албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн ням гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргаж, шийдвэрлэсэн билээ.
Харин өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон байна.
Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.