УИХ дахь АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг хуулийн дагуу СЕХ бүртгэсэн. Түүнчлэн ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын сайдад ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ “Яамны газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэрэг үйлдчихээд байхад салбарын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйх ёстой байсан. Хэрэг гарснаас хойш 20 гаруй цаг өнгөрөхөд нэг ч үг дуугарсангүй.
Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослоор олон хүн амиа алдлаа. Мөн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Тэр бүх хэрэг нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Энэ бүхний хариуцлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээх ёстой. Хамгийн их хариуцлага, шударга ёс ярьсан хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлсэндээ хүрэхийг нь харах болно” гэж мэдэгдсэн юм.