Өчигдөр орой 21:08 цагаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон байна. Ослын улмаас олон хүн гэмтсэнийг эмнэлгийн болон онцгой байдлын дөрвөн машинаар зөөвөрлөж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Улмаар эмнэлгийн тусламжинд хамруулсан бөгөөд бусад зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн тусгаарлаад байгаа талаар тус галт тэргээр явж байсан иргэн мэдээлж байна.
Ослын улмаас хүний амь нас эндээгүй. Осол гарсан газарт онцгой, цагдаа, эмнэлгийн баг ажиллаж байгаа юм байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч говийн нутагт орсон их хэмжээний борооны улмаас зэрлэг үерт дайрагдсан төмөр замын дэр мод хугарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Түүнчлэн дуудлагаар хэргийн газар очсон цагдаагийн хоёр албан хаагч шуурхай арга хэмжээ авч, галт тэрэгний цонхыг хагалж, зорчигчдыг яаралтай гаргаж чадсан учир хүний амь эндэхээс сэргийлсэн гэдгийг зорчигчид ярьж байна.