Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тус дүүрэгт хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд асуудал үүсээд байгаа тухай иргэд онцолсон байна. Тухайлбал, 126-р сургуулийн барилга угсралтын ажил долоон жил царцсан хэвээр байгаа, 88-р сургууль спортын заалгүй, 40-дүгээр яслийн дээвэр, шаланд нь нуралт үүсчихсэн тул тус барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа дүгнэлт гаргасан ч үйл ажиллагаа явуулсаар зэрэг асуудлууд сөхөгдөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүйгээс гадна тулгамдсан олон асуудал байгаа. Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна. Мөн зарим эмнэлгийн барилгын ажлыг яаралтай барьж дуусгах шаардлагатай байгаа. Цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар байна вэ, бодит нөхцөлд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Иймд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Баянзүрх дүүрэгт улсын цэцэрлэг ховор. Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 70 хувь руу дөхөж байна. Үлдэж буй 30 хувийг хувийн цэцэрлэг, хувийн хэвшилтэй хамтрах байдлаар буюу улсын төсвөөс хувьсах зардал болох 100 мянга гаруй төгрөгийг шилжүүлэх замаар шийднэ. Зарим цэцэрлэгт нэмж гэр цэцэрлэг барьж байгаа гэх мэт асуудлыг шийдэж байна” гэв.