Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын арвангуравдугаар байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны мэдээллийг өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу энэ сарын 9-ны 21.45 цагт цагдаагийн 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны байрны гадна хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бүрэлдэхүүн үзлэг, шалгалт хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтооно. Урьдчилсан байдлаар Г, М нар албан тушаалын маргаанаас болж, нэгнийхээ аминд хүрээгүй, хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, нэгнийгээ хөнөөсөн болохыг тогтоогоод байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгалтаар тогтоосон” гэв.
Энэ талаар ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ “Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Уг хэргийг хуулийнхан шалгаж байгаа болохоор дүгнэлтийг нь хүлээхээс өөр аргагүй. Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Төрийн яаман дотор ийм золгүй хэрэг гарсанд маш их харамсаж эмгэнэж байна” гэв.