Categories
мэдээ нийгэм

Шинэ хичээлийн жилд 18 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн өргөтгөл, хоёр шинэ сургууль, долоон сургуулийн өргөтгөл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон шинэ сургуулийн барилга баригдах юм. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нийслэлд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөж байгаа аж.

“Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний таван цэцэрлэг ашиглалтад орсон байгаа. Тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно. Үлдсэн найм нь энэ ондоо багтааж үүдээ нээнэ. Мөн энэ онд сургууль, цэцэрлэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болоод бусад санхүүгийн эх үүсвэрээр 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 84 их засвар, тохижилтын ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулав.

Мөн шинээр сургууль, цэцэрлэг барихаар 39 байршил тусгагдсан. Нийслэлийн Газрын албанаас 33 байршилд газар чөлөөлөх ажлыг нөхөн олговортойгоор хийж байгаа юм. Энэ байршлууд дээр газар чөлөөлөхөд 135 иргэн, нэг аж ахуй нэгжид 7.6 тэрбум төгрөг нөхөн олговор олгожээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувьтай байна гэж нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *