Соёл судлалын ухааны доктор А.Янживтай ярилцлаа.
-Уран зургийн галерейд одоогоор ямар асуудал тулгамдаж байна вэ. Та яагаад манай сонинд хандах болов?
-Уран зургийн галерей нь 1991 оноос хойш Нийслэлийн өмчийн Соёлын төв өргөөний B корпуст, 2500 метр квадрат талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сард арван сая 518 мянган төгрөгийг түрээсэнд өгдөг. Гэвч манайд хоёр том тулгамдсан асуудал бий. Нэгдүгээрт, барилгын дээврээс дусаал гоождог. Борооны улиралд, хавар цас хайлахад ус нь дуслаар орж ирдэг. 2008 оноос хойш дээврээ янзлуулаагүй. Мөн Уран зургийн галерейн гурван давхарт байрлах цонхыг хоёр давхар зузаан циллоноор хаалт хийж гагнаж, байршуулсан. Үүгээр арван жилийн хугацаанд маш их хэмжээний тоосжилт орж ирсэн байдаг. Зуны халуун өдрүүдэд тэр хэсэг нь мөөгөнцөртсөн нь мэдэгддэг. Тухайлбал, галерейн зураасан зургийн сан хөмрөг гурван давхарт байрладаг. Тэрхүү сан хөмрөг рүү шууд дусаал дусдаг. Энэ бол хүнд нөхцөл байдал юм. Уг асуудлыг үе үеийн захирлууд ярьж, хөөцөлдөж байсан. Гэвч одоогоор нэг мөр шийдсэн шийдвэр алга. Нэг ёсондоо хамгаалалтын горим алдагдаж байна гэсэн үг.
-Өөр ямар асуудал тулгамдсан байна вэ?
-Хоёрдугаарт, цахилгааны асуудал байна. Одоогоор гурван давхарт хоёр зуугаад метр квадрат талбайн цахилгааны залгуур ажилладаггүй. Анх барилга баригдсанаас хойш цахилгааны хуучирсан хогийг сайтар цэвэрлэж, янзалсан нь тун ховор юм билээ. Гэхдээ өмнөх захирлуудын үед цахилгааны монтажийг сольсон ажлууд хийгдсэн юм. Гэвч монтажны эх үүсвэрүүдийг мэргэжлийн түвшинд биш юм уу, эсвэл хийгдсэн утасны чанар нь шаардлага хангахгүй байгаа юм. Иймээс гурван давхарт цахилгаан массалдаг. Олон гэрэлтүүлэг хийвэл анивчиж, массална. Тиймээс гэрлээ ээлжилж асааж, ажлаа явуулдаг. Уран зургийн галерейд 2009 оны тавдугаар сарын 18-нд цахилгаанаас үүдэлтэй галын аюул учирч байсан. Тухайн үед 100 зураг бүр мөсөн шатаж байсан. Энэхүү эмгэнэлт байдал дахин давтагдаж болзошгүй. Учир нь түймэр гарахгүй гэх баталгаа алга.
-Уран зургийн галерейд жил бүр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газраас шалгалт ирдэг гэсэн. Энэ үеэр ямар зөрчлүүд илэрдэг юм бол?
-Хадгалалт, хамгаалалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирнэ. Харин байцаагчид “За ийм арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлчихээд явдаг. Түүний дагуу хөөцөлдөхөд төдийлөн дорвитой арга хэмжээ авдаггүй. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, дэд сайд нар ач холбогдол өгч, авч хэлэлцэхгүй байна. Би УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хаяглаж, гишүүн Г.Мөнхцэцэгт өөрийн биеэр өргөдөл, гомдол хүсэлт явуулсан. Гэвч арга хэмжээ аваагүй.
-“Их тэнгэр” цогцолборт уран зургийн галерейн түүхэн зурагнууд хууль бусаар хадгалагддаг гэсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Их тэнгэр” цогцолбор, “Хатан туул” зочид буудлын ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр 1986 онд Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл тэнд байршуулсан байдаг. Тухайн үед хүлээлцэх акт үйлдэж, түр байршуулсан. 2008, 2012 онд “Их тэнгэр” цогцолборт очиж, манай уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тоолсон байдаг юм билээ. Ингэхэд “Их тэнгэр”цогцолбороос 34 зураг тоолуулсан юм байна лээ. 1986 онд явсан 40 бүтээлээс нэг л бүтээл тоологдсон. Өөрөөр хэлбэл, 33 бүтээл 1986 онд аваачсан бүтээл биш байсан. Уг асуудлыг сая ажиллаж байх хугацаандаа гаргаж ирсэн. 2008, 2012 онд очиж тоолуулсан 34 бүтээл алдартай хүмүүсийн туурвисан зургууд. Тэд яалт ч үгүй Уран зургийн галерейд байх ёстой зургууд юм. Өмнөх 40 бүтээл хаана байна вэ гэдгийг судалсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард архивын материалуудыг шүүж үзсэн. Би Уран зургийн галерейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2017-2018 оны долдугаар сар хүртэл ажилласан. Ингэхдээ мэргэжилтнүүдтэй хамтарч ажлын хэсэг байгуулж, дотооддоо шалгалт хийж үзлээ. Гэтэл хоёр бүтээл нь манай галерейн сан хөмрөгт буцаж ирсэн. 38 бүтээл нь “Их тэнгэр” цогцолборт бий гэсэн судалгаа гарсан. Төрийн тусгай хамгаалалттай газарт хүсэлт гаргаж, сая ажлаа өгөхөөс өмнө өнгөрсөн зургадугаар сард ажилласан байдаг. Тодруулбал, Уран зургийн галерей, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газар, “Их тэнгэр” цогцолборын төрийн тусгай хамгаалалттай газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гарсан. 37 зургийг эрэн сурвалжилсан. Үүнээс 21 зургийг нь огт олоогүй. Уг асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Хэн ямар журам, ямар тоот бичгээр хаашаа явуулсан бэ гэдэг асуудал нь шинэ захирлын хийх ёстой ажил юм.
-Та ажлаасаа яагаад гарсан юм бэ?
-Миний тушаал өнгөрсөн сарын 9-нд гарсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд ажил хүлээлцэх тухай тушаал гарсан байсан. Энэ үеэр Б.Сарантуяа гэдэг эмэгтэйд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэр хүний талаар тодорхой сайн мэдэхгүй. Музейн салбарт захирлуудыг ойр ойрхон солих асуудал түгээмэл болсон. Мэргэжлийн бус хүн ирж ажиллаад салбарыг дөнгөж ойлгож, яг ажил хийх гэж байхад л халж, солих асуудал их болжээ. Үндэсний аудитын газраас жил бүр шалгалт явуулдаг. Аудитын зөрчлөөр “Их тэнгэр” цогцолборын зөрчил удаа дараа дурдагдсан байдаг. Тодруулах шаардлагатай. Мөн өмнөх захирлуудын үед гарсан өрийн хэмжээ тодорхой гарч ирсэн байдаг юм билээ. Өрүүдийг тэглэх асуудал одоогоор яригдаж байгаа. Санхүү, нягтлан бодогч, хууль эрх зүйчийн мэдлэг дутмаг учраас алдаа гарсан байдаг юм болов уу. Ажиллаж байх үедээ тус асуудлуудын талаар хуулийн байгууллагад хандаж, зөвлөгөө авч байсан. Тэгэхэд хэрэг бүрдүүлэлт тодорхой биш, дутуу гэсэн утгаар хүлээж авахгүй байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж, хуулийн хэлтэст зөвлөгөө өгч, чиглэл өгнө үү гэсэн хүсэлтийг явуулж байсан. Тухайн үед үүн дээр ажиллах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Би ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа тодруулъя. Тухайлбал, би намын харьяаллын бус, хэн нэгэн албан тушаалтны лифтэнд сууж орж ирээгүй. Би тус салбарын судлаач, мэргэжилтний хувьд ажилд орохыг хүсч, удаа дараа явсан. Заримдаа тохироо нь бүрддэггүй байсан. Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны урлагийн газрын даргын албан тушаалд тэнцэж, орон тоонд орсон юм. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд намайг албанд томилсон. Нөгөө талаас мэргэжлийн хүн учраас асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн. Төр засгаас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Сайн үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээх ёстой. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлаа авснаас хойш дээврийн талаар зургаан газарт арваад бичиг, хүсэлт явуулж байсан. Гэхдээ хараахан засуулж чадаагүй. Одоо дусаал дуссан хэвээр байгаа.
Монголын Уран зургийн галерей байнгын үйл ажиллагаа явуулдаг. Ашгийн төлөө бус үзэгчдэд уран зургаар дамжуулж гоо сайхны боловсрол олгодог. Уран зургийн галерей нь туурвисан он цагийн үед бүтээгдсэн бүтээлүүдийг цуглуулж авч, сан хөмрөгтөө хадгалж сурталчилдаг байгууллага.
-Манай Уран зургийн галерей ямар зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?
-Олон улсын Музейн зөвлөлийн ёс зүйн дүрмээр галерей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, амьтны хүрээлэн зэрэг нь бүгд музейн статуст ордог. Музей нь үзэгчдэд таашаал өгөх, гоо сайхны аливаа нэг чиглэсэн урлагийг илүү их гүнзгийрүүлэн судалж, орчин үетэй хамт амьсгалах тэр боломжийг бүрдүүлдэг орчин юм. Тэрхүү бүрдүүлдэг орчныг бий болгогчид нь музейн ажилтнууд. Ажилтнуудыг зөв чиглүүлэгч нь мэргэжлийн удирдлагууд юм. Удирдлага нь зөв арга технологиор ажиллах нь чухал байна. Уран зургийн галерей өөрөө тусдаа байртай байх ёстой шүү дээ. Бид өнөөдөр улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин хамгаалалт, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөө хадгалах хэрэгтэй байна шүү. Уран зургийн галерейг дамжсан зарим хүн сэтгэл гаргахгүй ханддаг юм болов уу гэж бодогдсон. Иймээс уг салбарт төр засгийн дорвитой бодлого үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүй болсон залуустаа өвөг дээдсээс уламжилж ирсэн бахархмаар бүтээлүүдээ хайрлаж, хамгаалж, үе үед авч үлдэх нь чухал байна.