Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд амжилттай зохион байгуулжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 28 тамирчин оролцож аваргуудаа шалгаруулсан байна.
Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байранд Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байранд тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байранд тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ. Харин багийн дүнгээр гуравдугаар байранд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 084-р ангийн баг шалгарчээ. Харин шүхрийн спортын улсын аваргаар Үндэсний аврах бригадын баг тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.