Categories
мэдээ соёл-урлаг

“Шанхайн Олон Улсын Балет”-ийн тэмцээнд О.Анужин оролцоно

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнд манай улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин, УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож байна. Уг тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Үүнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран оролцож байна.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байжээ. Тэрбээр улсын баяр наадмаар гавьяат цол хүртсэн билээ.

Олон улсын уг тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь манай улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг билээ. Харин нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили юм.

“Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээний шагналын сан 50,000 ам.доллар гэдгээрээ онцлог бөгөөд есөн шүүгч тэмцээнийг шүүн явуулах юм. Тодруулбал, ерөнхий шүүгчээр Данийн Рояал балет театрын уран сайхны удирдаач Франк.А.Андерсен ажиллах бол бүрэлдэхүүнд нь БНХАУ-ын Үндэсний балетын уран сайхны удирдаач Фенг Инг, БНХАУ-ын Лиаонинг Балетын уран сайхны удирдаач Чу Зи Жиао, ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Андрис Лиепа, Английн Хатан хааны Рояал Балет театрын балет мастер Гари Авис, АНУ-ын Сан Франциско Балет театрын гоцлооч Тан Юанюан, ОХУ-ын Мариинский Театрын прима балерина Улиана Лопаткина, Өмнөд Африкийн олон улсын балетийн тэмцээн зохион байгуулах хорооны захирал, Мзанси Балет компанийн захирал Дирк Баденхорст, БНСУ-ын олон улсын тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Парк Жэй Күн нар багтаж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *