Энэ жилийн “Оюутны хөгжлийн зээл”-ийг есдүгээр сарын 1-нээс олгох аж. Их, дээд сургуулийн оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгохдоо банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг байсан. Мөн зээлсэн мөнгөнд хүү тооцдог байсныг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шинэчилсэн юм. “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй зээл олгохоор журам тогтоож, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн.
Оюутны зээлд хамрагдсан сурагчид төгссөнийхөө хойш 6-10 жилийн хугацаанд цалингаасаа зээлээ төлөх боломжтой байдаг ажээ.
Зээлд хамрагдахыг хүссэн бакалаврт суралцаж байгаа оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх ёстой бол магистр, докторын зэрэг горилогчдын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх гэнэ. Мөн зээлд хамрагдах оюутан хичээлийн жилийн нэг улирад 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар журамлажээ. Их, дээд сургуулиудаас зээл хүссэн оюутнуудын материалыг Боловсролын зээлийн сан хүлээж авч байгаа аж. Бүх их, дээд сургуулийн материал бүрдсэний дараа мэргэжилтэн нэг бүрчлэн танилцсан шаардлага хангасан оюутнуудад зээл олгогдох юм байна.
Бүртгэлийн материалаа бүрдүүлэхдээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, ирээдүйн орлогоо тодорхойлсон эсээ бичлэгийг өгөх ажээ.
З.МӨНХСУВД