Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: “Рио тинто” шиг дэлхийн хэмжээний компаниудаа хөөчихвөл урд хөршийхөн л орж ирнэ

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай уул уурхайн салбарт барьж буй төрийн бодлого гэсэн сэдвийг хөндөж ярилцлаа.


-Улс төр, эдийн засгийн бүлэглэл гэж их ярих болжээ. Нам дамжсан ийм бүлэглэлүүд үүсэх болсон уг шалтгаан нь юу вэ?

-Монголын гол хоёр намын үзэл баримтлал тэгш биш, итгэл үнэмшил болоогүй, итгэл үнэмшлээрээ намд элссэн хүн цөөхөнтэй л холбоотой. Дэлхийн том орнуудын намыг ажиглахад хоёр гол чиглэл байна. Нэг нь нийгмийн буюу зүүний чиглэлтэй, нөгөө нь хөрөнгөтний ба барууны чиглэлтэй. Барууны чиглэлийнхэн чадалтай нь амьдарна гэсэн байгалийн хуулийг гол зарчмаа болгодог. Зүүнийхэн нь нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой гэж үздэг. Гэтэл манайд нам гэдэг үзэл бодол нь төлөвшөөгүй хүмүүсийн нэгдэл болчихсон учраас хоорондоо эвсэж нэгдэх боломж маш их байгаа. Үзэл бодлын асар их зөрөөтэй, түүндээ үнэнч бол нам дамжсан нэгдэл гэсэн ойлголт хэзээ ч гарахгүй. Нэг нь засаг барихад нөгөө нь сөрөг хүчин байж таарна. Сөрөг хүчин байхдаа нөгөөхөө шүүмжлэх ёстой. Элдэв буруу зүйл хийвэл тэр дор нь засуулах арга хэмжээ авах учиртай. Гэтэл намууд нь үйл ажиллагаа, бодлогоороо ялгарахааргүй болсон ийм цагт нам гэж талцахаасаа илүү эдийн засгийн сонирхол нь давамгайлдчихаад байна л даа.

-Улс төрийн нам дамжсан бүлэглэлийн сонирхол уул уурхай дээр их тод байна уу?

-Ганц уул уурхай ч биш бүх салбарт байна.

-Гэхдээ их мөнгө эргэлддэг гэдэг утгаар нь уул уурхай дээр хүчтэй анзаарагдаж байгаа биз дээ?

-Ер нь их мөнгөтэй салбаруудад маш тод анзаарагддаг. Бас нэг асуудал бий. Манай улсын мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс төлөвшөөгүй байна. Социализмын үед бүгдээрээ ядуу байсан. Гэтэл гэнэтхэн ямар нэг арга, овсгоо самбаагаар хөлжсөн учраас хөрөнгөтний үзэл байдаггүй. Идэж уух хүсэл нь хязгаарлагдаагүй. Харин олон зуун жил капитализм хөгжсөн Англи гэх мэт улсад огт өөр. Өв уламжлаад баян амьдарч буй хүмүүс хоёрын хооронд юман дээр эсрэг намынхаа хүнтэй нийлээд явна гэсэн ойлголт байдаггүй. Манай хөрөнгөтнүүд бол шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг байна. Тэр онцлог нь нийлж нэгдэж идэж уухад нь нөлөө үзүүлээд байна л даа.

-Таныг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад уул уурхайн оргил үе таарсан. Уул уурхайн салбарын тэр тэсрэлт яагаад цааш үргэлжлэх боломжгүй болчихов оо?

-Хоёр үндсэн шалтгаантай. Эхнийх нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасантай холбоотой. Хоёр дахь нөлөө нь төр засгийн тогтворгүй байдал. Засгаас явуулж байгаа бодлого нь компаниудыг гацаасан үр дагавар авчирсаар өнөөдрийг хүрсэн. Ийм шалтгаанаар Монголд хөрөнгө оруулах хэцүү гэдгийг гадныхан маш сайн ойлгосон. Дотоодынхон ч халширч байна. Бизнес хийдэг найз нөхөдтэйгээ уулзахаар бүгд л толгой сэгсрэх болсон. Надтай адилхан бизнес хийхээс халширдаг болсон нь олширчээ.

-Уул уурхай ид хөгжиж байхад “Рио тинто” шиг том компаниуд Монголыг зориод ирж байсан байх аа?

-Тэгсэн. BHP Billiton байна. Чилийн төмөр, нүүрсний олборлолтоороо дэлхийн номер нэг шахуу компани сонирхож ирсэн. Олон лицензтэй гээд их ад үзэгдсэн дээ. Баруун Монголоор нэлээд хайгуул хийж их ч мөнгө зарсан. Тэгээд гараад явчихсан. “Пийбоди” байлаа. Ад үзсээр байгаад гаргасан. Фрийдландын “Айванхоу майнз”, Хан ресурс байсан. Гэхдээ тэд багахан компаниуд. Дэлхийд томоохон орд олж илрүүлэх ажлыг голдуу эдэн шиг жуниор компаниуд хийдэг л дээ. Олдсоных нь дараа томчууд нь худалдаад ч юм уу, түрээслээд авчихдаг зарчим ажиглагддаг. Дэлхийн том компаниудын хувьд манайх шиг хууль нь тогтворгүй улсад ажиллах хэцүү байсан байх. Дээр нь эх орончид гэж өөрсдийгөө нэрлээд үймүүлдэг улс ч нөлөөлсөн. Монголоосоо холдож үзээгүй, дэлхий ертөнцийг таньж мэдээгүй улстай харилцахад хэцүү л дээ.

-Компаниудыг шантаачлаад мөнгө аваад сурчихсан хэсэг бүлэг хүмүүс уул уурхайн төслүүдийг урагшлуулахгүй гацаахад том үүрэгтэй ажиллаад байх шиг анзаарагдах юм. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Тийм тал анзаарагддаг. Гэхдээ иргэний хөдөлгөөнийхнөөс гадна улстөрчид гэж хэцүү улс байна. Мэдээлэл багатай ард түмнийг ашиглаж, нэр хүндээ өсгөх гэж мэдсээр байж буруу юм ярьдаг хүмүүс шүү дээ.

-Өөрсдөө уул уурхайтай гишүүд Оюу толгойг шүүмжилдэг, гэсэн хэр нь тэр хүмүүсийн нэр дээр байдаг уул уурхайн компанийг шүүмжлэх хүн байдаггүй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Шууд хариулахад төвөгтэй асуулт байна. Гэхдээ нэг зүйл их тод ажиглагддаг. Манай хойд, урд хөрш гурав дахь орныг Монголд ирж үйл ажиллагаа явуулахад нь дуртай биш ханддаг тал анзаарагддаг. Бодит жишээ нь ураны салбар байна. Францын “Арева” гэж том компани ороод ирэнгүүт хойд, урд хөрш шууд эсэргүүцсэн бодлого явуулах жишээний. Хэвлэл мэдээллээр хэн нэг эрх мэдэлтэн нь яриад байхгүй ч манай улстөрчдийг түлхэж яриулаад байдаг. Заримыг нь бүр гайхдаг. Дорноговьд худаг хордсоноос болж мал янз бүр боллоо гэсэн мэдээлэл тарсан даа. Хэн тэр худаг руу хор хийв гэдгийг мөрдөх хэрэгтэй байсан. Хажууханд нь байгаа худаг зүгээр байхад яагаад заавал тэр худаг хортой бодистой гардаг билээ гэдэг өнцгөөс асуудалд хандах ёстой байсан. Худагнаас илэрсэн селен хажууханд нь хайгуул хийж буй “Арева”-д ямар ч хамаагүй байсан нь үнэн. Тэд тийм юм ашигладаггүй байсан. Селенийг хэн хаанаас яаж авчраад тэр худагт хийсэн юм бол гэдэг том асуулт шүү. Малчдын хувьд тугал мал нь үхэж хорогдохоор бухимдаж таарна. Уг нь шар нунтаг хийгээд гаргах нь тийм айхавтар зүйл биш. Аюултай, бараг л цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна шахуу зүйл ярьсаар гацаачихлаа л даа. “Арева” ийм шалтгаанаар бизнесээ царцаагаад байна.

-“Хан ресурс”-ийн асуудлыг харахад уран дээр хоёр хөршийн том сонирхол байгаа нь анзаарагддаг шүү?

-Улайм цайм булааж оросуудад өгөх гэсэн бодлогыг төр засгаас явуулсан. Түүнээс болж Монгол Улс ямар их өрөнд орсон билээ. Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж төлсөн. Хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээ гэж бий. Тэр хэм хэмжээг хамаагүй зөрчөөд байж болдоггүй. Тод жишээ нь “Хан ресурс”.

-Оюу толгойн гэрээн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Өөрчилж янзалмаар юм анзаарагддаг. Нөөц ашигласны төлбөр гэхэд “Эрдэнэт”-ээс багыг төлдөг. Манайхны буруу бодлого, буруу менежменттэй л холбоотой. Анх 100 хувь гадны хөрөнгө оруулалттай байхад манайхан 51 хувийг нь авна гээд дайрчихсан. 51 хувиа алдахгүйн тулд буулт хийсээр байгаад 34 хувийг зөвшөөрсөн. Ингээд Монголын Засгийн газартай хамтарсан компани болсон. 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг гаргаж чадахгүй байсан учраас нөгөө талаасаа зээлсэн. Тогтвортой байдлын гэрээ хийсэн шалтгаан нь энэ шүү дээ. Эхнээсээ хувь эзэмшихгүйгээр татвараа өндөр тавьчих байсан юм. Борлуулалтын орлогоос нь 20 хувийн татвар авахад л маш их мөнгө. Зүгээр хүнээс мөнгө авчих юман дээр өөрсдийгөө аваачаад барьцаанд хийчихсэн. Энэ мэт асуудал Оюу толгойн гэрээнд бий. Засч залруулж болох асуудал. Түүнээс биш хөөж явуулах бодлого явуулж огт болохгүй. Монголын Засгийн газар 34 хувийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан асуудал дээр надад нэг хар байдаг. Надад хардах эрх байгаа шүү дээ. Оюу толгойд тодорхой хэмжээний юм шахахын тулд төрийн мэдлийн хувь байх ёстой гэж харсан байх.

-Оюу толгойг шалгах ажлын хэсэг УИХ-д ажиллаж байна. Оюу толгойг улстөржүүлдэг хэсэг бүлэг улстөрч бий. Ийм шалтгаанаар “Рио Тинто” арга нь барагдаад Монголоос гарахдаа тулбал яах вэ?

-Гадны хөрөнгө оруулалт бараг алга болно. Урд хөршийн хөрөнгө оруулалт л нэлээд өргөжих байх. Урд хөршийнхөн баргийн эсэргүүцэл, баргийн хэл амыг тоохгүй. Бид байнга л урд хөршөө доромжилж байдаг. Тэглээ гээд эсэргүүцдэггүй. Том гүрний том бодлого. Тэд зугуухан наашлахаа л бодно.

-Монголчуудад дэлхийн хэмжээний уул уурхайн үйлчилгээ үзүүлэх чадварыг суулгаж байгаа нь“Рио тинто”, “Оюу толгой”-н нэг өгөөж нь гэж ярьдаг. Наад захын ашиг нь монголчууд дэлхийн хаана ч очоод өрөмдлөг хийгээд эхэллээ. Хэрвээ та бид хоёрын төсөөлж ярьсан шиг хятадууд давамгайлбал ингэж найдахад хэцүү болох байх?

-Хятадын тухайд юун стандарт. Саяхнаас л Си Жинпинь Байгаль орчныхоо сайд дарга нарыг чангалж эхэллээ. Бидэнтэй адилхан явж ирсэн замналтай улс олон улсын стандартыг тийм амархан Монголд нэвтрүүлэхгүй. Морио илжгээр сольж байгаатай ялгаагүй.

-Таван толгой дээр Засгийн газар IPO хийх хувилбар гаргачихаад байна. Таны хувьд Таван толгойг хөдөлгөхийн тулд яах ёстой гэж харж байна вэ?

-Нэг бол гадны хөрөнгө оруулалт оруулж ирж хөрөнгө босгох, эсвэл хувьцаагаа арилжаалж мөнгөтэй болох гэсэн хоёр арга бий. Монголчуудад тийм мөнгө байхгүй. Таван толгойн хувьд нэг нэгэндээ дэгээ саад хийсээр яваад дараагийн сонгууль хүргэх болов уу гэж бодож байна.

-“Дисковер Монголиа”-гаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хэмжчихэж болохоор санагддаг. Эхлээд гадныхан ямар их оролцдог байлаа. Одоо бүр байхгүй шахуу болчихсон. Гол шалтгаанууд нь юу байв?

-Их мундаг болдог байсан. Одоо хүнгүй шахуу болсон гэдэг нь үнэн. Төр засгаас удаа дараа айхавтар цохилтууд хийсэн л дээ. Хамгийн эхний айхавтар цохилт бол 68 хувийн татвар.

-“Фортуна” Батбаярын санаачилсан хууль байх аа?

-Тийм. Энэ хууль нам цохихоор нөлөө үзүүлсэн шүү.

-Дараагийнх нь ямар хууль вэ?

-Урт нэртэй хууль. Гадныханд үзүүлсэн нөлөө нь харьцангуй бага байсан. Монголынхоо хэдэн уурхайг байхгүй болгосон. Тэр хууль гараагүй бол тухайн цагийн хэдэн алтны уурхай өдийд том компани болчихсон байх байлаа.

-Ер нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ийм шийдвэрүүдийг санаачилсан хүнтэй нь хамт ярьж баймаар санагддаг юм. Урт нэртэй хуулийг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга байх аа?

-Голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Урт нэртэй хууль гарсан нь буруу биш. Тийм хууль байж болно. Гол нь усны эх ой модоо хамгаалах ёстой. Гэхдээ судалгаа тооцоотой хандах ёстой байсан. Өмнө нь төрөөс ном дүрмээр нь лицензээ аваад хөрөнгө оруулалтаа гаргаж техник авч уурхайгаа ажиллуулсан хүмүүст гэнэтийн цохилт өгч болохгүй байсан. Тийм хүмүүст хуулийнх нь дагуу хяналт тавьж ажиллуудаад шинээр лиценз олгох тал дээр хатуу шаардлага тавих ёстой байсан санагддаг юм. Тэгэлгүйгээр социалист аргаар хандсан л даа. Үр дүнд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд нинжа болсон. Хаана алт байгааг мэддэг болохоор хулгайгаар ухаж эхэлсэн. Хулгайгаар олборлосон болохоор хулгайгаар зарж таарна. Хамаг алт гадагшаа гарсан нь ийм шалтгаантай.

-Гурав дахь цохилт нь стратегийн ач холбогдолтой салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль уу?

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр үргээсэн шийдвэр болсон.

-Хэн санаачиллаа?

-Г.Занданшатар тэргүүтэй улс санаачилсан. Дараагийн том цохилт нь эх орончдын “гавьяа”.

-Иргэний хөдөлгөөнийх-ний арга улам нарийслаа, нутгийн иргэдтэй хамтраад уул уурхайн төслүүдийг гацааж байна гэх юм?

-Нүдэн дээр ил байна шүү дээ. Сүүлд гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степп голд” гээд компанийг нутгийн иргэдтэй хамтарч эсэргүүцээд ажлыг нь явуулахгүй байна. Ойр тойрных нь малчдыг хөлслөөд байх шиг. Түүнээс биш тухайн компанийн ажлаа эхэлж байгааг энд байгаа иргэний хөдөлгөөнийхөн цаг алдалгүй мэдэх боломжгүй. Хөдөөний малчид малаа хариулахгүй яагаад уулын орой дээр дуран бариад суугаад байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Цалинтай харуулын үүрэг гүйцэтгээд байна гэж хардах үндэслэл бий.

-Одоо тэгээд төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр юм хийж байна уу?

-Өнөөдрийн хувьд салбарын яам, төр засгийнхан “Манайд хөрөнгө оруулаач” гээд яваад байна л даа. Гэхдээ өнөөдөр тэдэнд итгэх хүн байхгүй. Нэгдүгээрт бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орлоо. Дараагийн сонгуулиар үлдэх магадлал нь маш бага. Тэгэхээр итгэх хүн гарахгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *