Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрт ёс хийгээд монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж яваа хүчтэн Сүхбаатарын Мөнхбат

Төрт ёсны их баяр наадмын дараа бөхчүүдээ үзэж чадахаа байдаг уламжлал бидэнд хэдийн тогтсон. “Авлига, найраагаар дүүрсэн наадам”, “Бөхчүүд гэж махан толгойтой юмнууд”, “Улс орны хөгжилд огтхон ч нэмэр болоогүй хэр нь байр, машинаар хахлаа” гээд л амтай бүхэн элдэв хоёроор хэлж, үзэж чадахаа байдаг. Сүүлд гэхэд энэ жилийн наадамд түрүүлсэн шинэ аваргад Онцгой байдлын газраас хурандаа цол өгсөнд олон түмэн жигтэйхэн дургүйцэж байна. Үнэхээр ч бөхийн нэр хүнд жил ирэх тусам унаад байгаа. Бөхчүүд нь өөрсдөө унагаад байгаа. Энэ хавар, зун юу болов. Төр засаг нь хүртэл эвий халаг болон хүлээж аваад түр эвлэрүүлсэн болоод наадмаа хийсэн. Одоо удахгүй хөгшин аваргууд нь бусдыгаа түрхрээд өнөө “сирийн дайн”-даа мордоцгоох юм байгаа биз. Төрийн суудал сандайлж суусан зарим нэг ойворгон бөх тэгэх нь “Одоо монгол бөх надад хамаагүй. Би хийдгээ хийж авдгаа авсан” гэх увайгүй зангаар бөхөө устгах гэж гүйлдэж байна. “Бөх бол төр юм” гээд амьтны элэг доог болж сууна. Ийм л дүр зураг монгол бөхөд тод харагдаад байгаа.

Гэтэл монгол бөхийн жудаг ёсыг хадгалахын төлөө тэмцдэг, монгол бөхийн дээд цол болох аварга цолны нэр хүнд, эрэмбэ дархлааг сэвтээлгүй авч явахыг эрхэмлэдэг бөхчүүд байна аа. Бүгд ч шуналын тулам болчихоогүй нь мэдээж. Тэдний нэгэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын идэр залуу аварга Сүхбаатарын Мөнхбат юм. Ердөө гуравхан жил улсын наадамд барилдаад монгол бөхийн дээд цол болох аварга цолонд хүрсэн гэдэг. Тодруулбал, 2009 оны улсын наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртээд тэр жилийнхээ наадамд Ховдын Ч.Батзориг заанаар тав давж улсын начин цол хүртсэн удаатай. Энэ тухайгаа аварга “Юм гэдэг их сайхан ерөөлтэй. Би Монгол Улсын заан Ч.Батзоригоор тав давж Монгол Улсын начин цол хүртсэн юм. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сурч байхдаа нэгдүгээр курсээ төгсчихөөд амралтаараа гэртээ харьчихсан байлаа. Тэр үед Ж.Алтансүх начин цолоо хүртээд удаагүй байсан юм. Сум руугаа явах үедээ манайхаар дайрлаа. Зүүнговь сум руу нь би хүргэж өгөхөөр болсон юм. Тэгтэл Хяргас суманд Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит барилдаан болж таараад оролцлоо. Гурвын даваанд Ч.Батзориг заан намайг амладаг юм байна. Ч.Батзориг зааныг татаад хавирах гэхээр нь хутгаад давахаа алдлаа. Хүмүүс ч юу болов гэж шуугиад. Хэдий унасан ч тахимаа өгөхдөө би их бэлгэшээж билээ. Өөртөө бол “Яасан гоё юм, өөр шигээ том бөх болгоорой” гэж бодож байсан. Тэр ерөөлөөр ч юм уу, Монгол Улсын начин гэх эрхэм цолыг тэр хүнийг давж хүртсэн дээ. Тэр үеэс хойш хүн сайн сайхныг хүсэж явбал бүтдэг юм байна гэж их итгэсэн” хэмээн нэгэнтээ ярьж байсан.

Начин цол авсныхаа дараа жил тавын даваанд одоогийн аварга Г.Эрхэмбаярыг, зургаагийн даваанд тухайн үед түрүү бөхийн тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байсан, арал, чацтай, хүчтэй гарьд М.Баяржавхлан нарыг өвдөг шороодуулж улсын харцага цолонд хүрсэн байдаг. Тэгвэл 2011 оны ардын хувьсгалын түүхт 90 жилийн төрт ёсны их баярыг ард түмэн санаж байгаа. Тэр жил Өсөхөө аварга наймын даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэд хөлөө алдан ар гэдэргээ савж хүчтэй унасан юмдаг. Энэ мэтчилэн аварга, арслан, гарьдууд толгой дараалан нурснаар 1024 бөхийн түрүү үзүүрт улсын харцага С.Мөнхбат, улсын начин Г.Эрхэмбаяр нар үлдэж байсан. С.Мөнхбат аварга наймын даваанд шинээр заан цол хүртээд байсан Ч.Санжаадамбыг хоёр сугаар нь тэвэрч, өөр лүүгээ хүчтэй татаад уран гоё хутгах мэхээр давж үзэгч олныг баярлуулж байсан. Ч.Санжаадамба долоогийн даваанд Ц.Содномдоржтой тунаад, тэр хоёрын заан цолны төлөөх барилдаан бантан болсон. Хоёр ч удаа барьц сонгож барилдахад засуул цэцүүд оролцоод юу ч болов. Тэр жилийн наадмыг хамгийн их уяж, үзэгчдийг залхаасан барилдаан тэр. Цэнгэлдэх дүүрэн цугласан наадамчид “Санжааг хас, Санжааг хас” хэмээн дуу нэгтэй орилж, Ц.Содномдорж хөлийн цэц нарын дэргэд уйлж зогссон ийм л дуулиан дунд наймын даваа эхэлсэн. Удаа ч үгүй байтал С.Мөнхбат Ч.Санжаадамбыг харцагадаж тэврээд омогтойхон хутгасан. Үзэгчдийн нүдэнд үзүүрлэгдсэн Ч.Санжаадамба сэтгэл зүйн хувьд нэг л сонин болчихсон байсан нь С.Мөнхбатын далбаанаас хүүхэд шиг зүүгдээд босоод ирснээс мэдрэгдэнэ. Яах учраа олохгүй, яагаад уначихснаа мэдэхгүй, хэсэгтээ л маанагтаж зогссон юм даг. Ингэж л С.Мөнхбат аварга шинэхэн заан Ч.Санжаадамбаар найм давж гарьд цолны болзол хангалаа. Есийн даваанд Өсөхөө аваргыг айхтар чанга хаясан уран барилдаанд Ж.Бат-Эрдэнийг илүүрхэн хаяж, арвын даваанд Сэлэнгийн Эрхэмбаярыг хүчийг нь дагуулан гар ачих мэхээр сөхрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн юм. Гуравхан жилийн хугацаанд бөхийн дээд цолонд хүрсэн гэдэг нь ийм учиртай.

С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр аваргаар арав давсан түүхэн барилдаанаа ийн дурсдаг юм. “Аль аль нь ес давчихсан. Би Г.Эрхэмбаяр руу хэд хэдэн удаа мэх хийх гэж үзээд маш их цуцсан. Хоёр талдаа харцагадаж сугадаж аваад, баахан шигшлээ, мушгилаа. Янз бүрээр л үзлээ. Нэлээд цуцлаа. Г.Эрхэмбаяр маань миний элэг бүсийг түрүүлээд авчихлаа. Харин би авч чаддаггүй. Сэнжиг дээрээс нэг зайлах гэж байна. Яг тэр үед миний улсын начин цолтой байхдаа хийж байсан мэх тархинд гялсхийн орж ирээд давтан хийсэн юм. Г.Эрхэмбаяр тэр мэхээ ахиад хийдэггүй юм болов уу гэж бодлоо. Элэг бүс авах гээд ухасхийхэд ахиад л хийлээ дээ. Тэр үед дагаж ороод л өвдөг шороодуулсан. Хүн бүр л түрүүлснийхээ дараа ямар мэдрэмж төрж байв гэж асуух дуртай. Надад түрүүлчихээд явж байхдаа болох ёстой юм болсон юм шиг л бодогдоод байдаг. Өөртөө итгэхгүй яагаад ингэж бодоод байна аа гэж өөрөөсөө асууж ч үзэв. Түрүүлснийхээ дараа үзүүр түрүүний бөх зураг авахуулахад Г.Эрхэмбаярыг би татаж авчраад өөрийнхөө дээд талд зогсоосон байдаг юм. Г.Эрхэмбаяр надад уначихаад уурлаад босч ирэх болов уу гэж гэж бодсон чинь инээгээд босч ирж билээ. Үүнд нь баярласан. Дотроо бэлгэшээн аварга болоосой гэж хүссэн юм даа. Эдүгээ би “Миний чин сэтгэлийн хүсэл сайхан биеллээ. Хүндлэл дээдлэл болсон Г.Эрхэмбаяр маань аварга болсноор биелжээ” гэж бэлгэшээж явдаг. Түүнийг аварга болоход үнэхээр баярлаж билээ. Улсын наадамд хоёр жил дараалан надад унасан юм. Тухайн үед өөрт нь би “Хоёр жил дараалан таныг давж хоёуланд нь том цол авлаа. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Монгол эр хүний, бөх хүний сэтгэл ийм байх ёстой юм болов уу гэж бодож явдаг. Монгол бөх гэдэг нь эрчүүдийн дундаас бие сэтгэлийн хувьд арай өөрөөр хатуужсан, сэтгэлгээ нь уужим учраас бөх хэмээх эрхэм алдрын эзэн болж явдаг болов уу. Энэ ёс жудаг жилээс жилд алдагдсаар байгаад аварга бөхийн хувьд эмзэглэн харж явдаг” хэмээн аварга хэлсэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Гэгээн Муза”-гийн эзэн Б.Цогнэмэх зохиолчтой хийсэн аваргын ярилцлага нэг л сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хуучны домогт их хүчтэнүүдийн яриа хөөрөөг сонсож байгаа ч юм шиг.

Ер нь аваргын ярианаас бодол сэтгэл нь нэвт шувт уншигддаг л даа. Тэрээр хоёр жилийн өмнө байна уу даа, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын өнөө дуулиантай, Санжаадамбын түрүүлдэг наадмын дараа манай сонинд ярилцлага өгсөн. Наймын даваанд С.Мөнхбат аварга эрэмбээрээ хамгийн түрүүнд ам авахдаа Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Энэ нь баахан хэл ам, шүүмжлэл дагуулж, нөгөө л улигт Увс, халхын хуваагдал, жалга довны жижигхэн үзлийг дэвэргээд авалгүй хаачихав. Тэр тухайгаа “Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг бодож л ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг. Г.Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан.

Тухайн үеийн нөхцөл байдлаас харж амлаж байгаа болохоос заавал аваргыг амалъя гэж төлөвлөөгүй. Бас наадмын өмнөхөн аваргуудын нэрэмжит барилдаанаар Г.Эрхэмбаяр аварга бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн юм. Би их амархан хаясан. Тэгээд ч тэр үү болчих юм шиг л сэтгэл зүйтэй байлаа. Гэтэл Г.Эрхэмбаяр аваргын маань бэлтгэл наадмаар нэлээн чамбайрч, сайн болж орж ирсэн. Би бол сайхан л барилдаан болсон гэж боддог. Унасандаа харамсдаггүй. Бөх хүн унаж, хаях гэж л бөх болдог. Гэхдээ наадам болгонд түрүүлнэ гэж бодож барилддаг даа” гэж хэлж хэлсэн.

Залуу аварга С.Мөнхбатын яриа хөөрөөнд философи шингээстэй байдаг. Яриа бүрийг нь анзаарахад эрхгүй тэгж санагддаг. “Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Бөх хүнд л Монгол Улсын аварга гэсэн сайхан цол бий. Үүнийгээ хадгалж сайхан л барилдъя гэж боддог. Надад Тува, Өмнөд Монголоос маш их үнэ өртөг бүхий бооцоотой барилдаанд хүч үзэх санал ирдэг. Би давна гэдэгтээ мэдээж итгэлтэй байна. Өөрийнхөө ахуй амьдралыг бодвол өндөр бай шагналтай тэр барилдаануудад очих нь надад ашигтай. Гэхдээ би Монгол Улсын аварга цолтой бөх хүн. Тийм байж тэнд очоод уналаа гэхэд Монголын нэр сүр цуг унана. Энэ цолны үнэ хүнд ч гэсэн. Тэгэхээр аварга боллоо ч үүнийг дааж явна гэдэг их том үүрэг хариуцлага байдаг юм шүү дээ. Ийм болохоор бас аймгуудын наадамд ч зодоглодоггүй. Үргэлж зөв байж, үлгэр жишээ байх юмсан гэж хичээдэг юм”. Энэ бол төрт ёс хийгээд монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж яваа хүчнээс л гарах үг.

Тэрээр 2009 онд улсын начин цол хүртсэнээсээ хойш Монгол төрийн наадамд найман удаа шөвгөрөөд байна. Бүр тодруулбал, гурван удаа долоо, хоёр удаа зургаа давсан байна. 2013 оны улсын наадамд С.Мөнхбат аварга долоогийн даваанд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өвдөглүүлж байсан. Н.Түвшинбаярын хувьд Д.Рагчаа гарьдаар тав, Өсөхөө аваргаар зургаа даваад байлаа. Гэвч “улааныг харж урвалгүй, шарыг харж шарвалгүй” С.Мөнхбат аварга л долоогийн даваанд Н.Түвшинбаярыг амлаад хаяж байсан. Өсөхөө аварга шиг Н.Түвшинбаярт элэг бүсээ тайлчих болох ч талтай, гэвч өнөө л худлаа барилдахгүй, ард түмэн, төрт ёс, аварга цолныхоо эрэмбэ зиндааг хүндэтгэх хүндэтгэл нь түүнийг долоо давуулж байсан. 2016 онд залуу заан Нэгдэлийн Жаргалбаяраар мөн л долоо давж шөвгөрсөн. “Увс нуур” дэвжээний Н.Жаргалбаярт худлаа барилдаад унаж болно. Гэвч тэгээгүй. Харин өнгөрсөн жилийн наадамд зургаа даваад долоогийн даваанд унаган багын найз Өлзийтогтохын Бат-Оршихдоо тахимаа өгсөн. С.Мөнхбат аваргаар долоо давсан Ө.Бат-Орших Н.Түвшинбаяр аваргаар найм давж түрүү үзүүрт шалгарсан юм. “Ноднин жилийн наадамд харин огтоос бэртэлгүй байлаа. Дээгүүр барилдах сэтгэл зүй ч өндөртэй. Харин Ө.Бат-Орших бид хоёр бол хар багаасаа биенээ хурцалж ирсэн найзууд л даа. Намайг цэргийн арслан ч болгосон. Аварга болоход маань бэлтгэл хангагч байсан бөх. Түүний бүхий л зүтгэл миний амжилтыг өргөсөн юм. Бэлэн гоймонгоо хувааж идсэн олон өдөр бий. Найздаа нөхрийн чанар харуулж байгаагаа олон түмэнд харуулсан. Өөрийгөө бодвол өөр ам авна шүү дээ. Энэ үүднээс л хандсан даа. Өмнөх жилийн наадмуудад авсан амыг минь ажиглаарай. Том цолны найраа явагдах гэж байхад нь би амлаж таслан зогсоогоод байсан юм шүү. Монгол бөхөд шударга ёс байгаасай гэдэг үүднээс ам авсан хэрэг. Аварга гэдэг алдар хүндийг ингэж л хамгаалах гэж бөхийн гал тогоогоо цэвэрлэх гэж тэр л дээ. Ард түмэн энэ учрыг мэдэж байгаа даа” гэсэн. Аваргын найздаа тахимаа өгч заан цолны босго алхуулчихаад уйлаад алхаж буй зураг тодхон байна. Тэгвэл С.Мөнхбат аварга энэ жилийн наадмаар мөн л аваргын буйр зааж, эрэмбэ хадгалж төрийн наадамд долоо даван их шөвөгт шалгарч Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Аваргыг тавын даваанд унаад өгчихөөч төчнөөн зуун саяыг өгье гэсэн хүмүүс олон байсан нь мэдээж. “Би тэр найрааны асуудалд орооцолддоггүй. Ёстой өөрөөсөө хол өнгөрүүлж ирсэн. Надад ийм санал ирж л байдаг юм. Үгүй ээ, чадахгүй л гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудаар ч над руу яриулж байсан удаа бий” гэж нэгэнтээ хэлсэн. Тавын даваанд больё гэхэд долоогийн даваанд өгчихөөч гэсэн гуйлт байгаа. Дам сураг сонсох нь ээ, энэ жилийн долоогийн даваанд С.Мөнхбат аваргад хэчнээн зуун саяын тоотой мөнгө дуулдаж л байсан. Гэтэл аварга өгсөнгүй. Хөдөлмөрийн баатар жудогийн нэрт тамирчин Х.Цагаанбаатарын хэлснээр мөнгөнд бууж өгөөгүй. Улсын наадамд хоёр удаа шөвгөрч чадалгүй унасан нь 2012 оны дөрвийн даваанд тэр жилийн түрүү бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд, нөгөө нэг нь 2015 онд Дундговийн Алтанхуягт тавын даваанд унасан. Энэ бүхэн найраагүй, үнэн хүчийг үзээд унасан гэдгийг олон түмэн мэднэ.

Өнгөрөгч хавар Монголын домогт их аварга Жигжидийн Мөнхбат бурхны оронд одсон. Тэгвэл их аваргын нэртэй Сүхбаатарын Мөнхбат гэж хүчтэн бөхийн дэвжээнд ийм л сайхан бодолтой, эрэмбэ жудагтай, хэдэн халтар төгрөгөөр төрт ёсны их уламжлалаа үгүй хийхийг бодолгүй, эв эеийг хичээхийн төлөө зүтгэж яваа нь сайхан юм даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *