Одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр нь Цэцэнхан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны төв байжээ. 1924 онд ардын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хошуудад улсын хэмжээгээр 23 сургууль байгуулагдахад түүний нэг нь Даланжаргалан сумын бага сургууль юм. Хан Хэнтий аймгийн Оцол сансарын уулын хошуу тамгийн төвд нэг гэр гучин сурагч гурван бүлэгтэй танхим нэртэй байгуулагдсан анхны бага сургууль юм. 1957 оны зун “Цомгийн хонхор” буюу одоо байгаа газраа төвлөрч 2014 онд 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Тус сургуулиас төр нийгмийн ажилтан Ө.Пүлжин, Ё.Адилбиш, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч МУУГЗ удирдаач Н.Бүрэнбаатар зэрэг алдар цолтнууд төрөн гарсан юм. Тус сургууль нь ШУА-ын хүрээлэн, УБТЗ-ын депо зэрэг газруудтай шефийн холбоотой ажиллаж ШУА-ын хүрээлэнгээс бүх анги танхим нь хими биологи физикийн кабинетийг иж бүрнээр байгуулан тохижуулж яам хүрээлэнгийн түшиц лабортори сургууль болсон юм. Тус сургууль нь өнөөг хүртэл аймаг улсад тэргүүний сургууль болсоор ирсэн. Энэ сургуулиараа түм буман шавь нар нь өнөөг хүртэл бахархаж байдаг юм. Энэ л дунд сургуулийн анхны төгсөлт болж 1974 онд Б.Чулуунцэцэг багштай 8 эрэгтэй 12 эмэгт эй 20 хүүхэд МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн ХАА-н салбарт малчин болж гарснаас хойш 44 жил өнгөрчээ. Энэ 20 хүүхдээс хоёр хүүхэд нь 8-р ангид дэвшин 18 хүүхэд нь МХЗЭ-ийн батламж тэр үеийн 300 төгрөг авч МАА-н салбарт ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Д.Оюунцэцэг, Г.Буурал нар тэр үедээ аймгийн 10 жилд элсэн суралцаж улмаар нэг нь МУИС-ийн дулааны инженер нөгөө нь МУИС-ийн биеийн тамирын багш мэргэжлээр тус тус ажилласаар гавьяаныхаа амралтанд гараад байна. 1967 оны намар 20 гаруй хүүхэд тус сумын бага сургуульд элсэн орж эрдмийн аянаа эхлүүлж ачит багш нараар “А” үсэг заалгаж эхэлснээс хойш дөрвөн арван жил өнгөрчээ. Тэр үед дунд сургуультай болоогүй учир 1971 онд дөрөв дүгээр ангиа төгсөж айраг сумын дунд сургуульд ангиараа шилжин сууж зарим нь дотуур байр зарим нь аав ээжийн танил айлдаа нь сууж хоёр жил суралцсан билээ. Даланжаргалан сум дунд сургуультай болох сураг чих дэлсээр л. Тэр хоёр жил мөн удаан өнгөрсөн билээ. Ашгүй 1973-1974 оны хичээлийн жилд дунд сургуультай болж бид гэр ойр санаа зовох зүйлгүйгээр тэр жилээ суралцан төгсөж билээ. Сургууль хичнээн дунд сургууль болсон ч гэсэн хичээлийн байр маань хуучин бага сургууль байсан жижигхэн цагаан байшиндаа ердийн галлагаатай мод нүүрс түлдэг хоёр ээлжийн хичээлийн хуваарьтай тийм л үе байлаа. Тэр хичээлийн жилд УБДС-ийг төгссөн залуухан багш нар Д.Цогбадрах, М.Сэртэв, Д.Бүрэнжаргал, А.Ганболд, Л.Баатар, Ш.Ханчиндорж, Д.Ванчин, М.Буянтогтох, Н.Наранжаргал, Ц.Батдорж, Н.Бадам, Б.Чулуунцэцэг зэрэг 10 гаруй багш ажиллаж байлаа. 1974 оны намар манай ангийг дааж авсан багш маань Базарын Чулуунцэцэг гэж дөнгөж төгсөж ирсэн эмэгтэй багш байв. Би ангийнхаа хамгийн сүүлд жагсдаг хүүхэд байв. Сургуулийн өмнө ангид орохоор хүүхдүүд анги ангиараа жагсана. Б.Чулуунцэцэг багшийн аав Базар гуай манай аав ээжтэй найз. Манай хүү наад ангид чинь сурдаг гээ биз багш жагсаалын өмнөөс хүүхэд бүртэй танилцаж явснаа хамгийн сүүлд над дээр ирээд нөхөр минь үсээ яагаад аваагүй юм маргааш үсээ авахуулж ирээрээ гээд үснээс чимхэж билээ. Тэгснээ жагсаалын өмнө очоод Ө.Зоригтбаатар гэж хэн бэ гэж асуусан чинь нөгөө нөхөр нь би байж бөөн инээдэм болж билээ. Танилынхаа хүүхдийг асуусан нь тэр… Ингэж бид сумынхаа дунд сургуулийн анхны долдугаар анги болж хориулаа суралцсан билээ. Бид сурахын хажуугаар өвс хадлан, малын тэжээл бэлтгэх, ямаа самнах, хашаа барих, өвөл мал нядалгааны газар ажиллах зэрэг ажлуудыг хийдэг байв. Мөн хавар төлд явна. Далан түрүүгийн амралтын газар сургууль ногооны талбайтай, хавар, намар түүн дээр ажиллана. Төгсөх жилээ ямарч байсан бид ажлын дөртэй, аав ээждээ туслаад байхаар болчихсон байсан юм. Тийм ч учраас МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн МАА-н салбарт гарч суурь хонь ямаа авч өөрсдийн нэр нь дээр маллаж улс эх орныхоо өмнө, нэгдэл нийгмийн өмнө хариуцлага хүлээж 16 наснаасаа эхлэн улсад хөдөлмөрлөж эхэлсэн билээ. Нэг суурь мал гэдэг нь 500-800 хонь ямаа маллаж түүнээ 100 хувь төлийн гарзгүй бойжуулж олон хүүхэд сумын “энх сүрэгтэн” болсон юм. Манай анги бол сурлагаар тийм ч муу байгаагүй юм шүү. Сурлага сахилгаар олон сайн хүүхэд байсан. О.Буманцэцэг, А.Лхагвадэлгэр, С.Энхтуяа, Б.Осгонболд нар сайн сурдаг. Манай ангийн онц сурлагатан Даваадарийн Оюунцэцэгийн нэр одоо хүртэл сургууль руу ороод очиход хананд нь үе үеийн онц сургалтнуудын магнайд хамгийн эхэнд байдагт манай ангийхан бахархдаг. Р.Сэнгэтөмөр, С.Энхтуяа, О.Буманцэцэг, Б.Батдэлгэр, Ш.Батхүү, А.Лхагвадэлгэр, Д.Үнэнбат нар нэгдэл компани хоршоололд үр бүтээлтэй ажиллаж, Б.Осгонболд аймгийн саран хөхөө театрт бүжиглэж Н.Ганболд, С.Ганхуяг нар аймгийн НААҮГ болон модны үйлдвэрт мастер бригадын дарга хийж байсан юм. А.Амаржаргал, Г.Алтантуяа, Р.Сэнгэтөмөр нар 780-800 төллөх эм хонь авч жил дараалан 100-аас дээш хувь төл хүлээн авч МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний малчин залуу алтан медалийн эзэд болж байлаа. Манай ангиас МУИС-ийн дулааны инженерийн анги төгссөн ТЭХ-ний яамны харьяа газрын тосны тэргүүний ажилтан Д.Оюунцэцэг, УБИС-ийн биеийн тамирын ангийг төгссөн боловсролын болон биеийн тамирын тэргүүний ажилтан спортын мастер Г.Буурал, МУСТА “Саран хөхөө” театрын бүжигчин Б.Осгонболд алтан гадас болон ОХУ-ын Лениний одонт “Боржигон нутгийн уул ус” “Сүмбэр оцол сансар” “Орос монголын найрамдал” ТББ Монголын ан амьтныг хамгаалах сангийн УЗГ Говьсүмбэр аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаадлах нийгэмлэгийн гишүүн Хишгийн Чулуунбаатар, ХАА-н тэргүүний ажилтан 5,6 таван жилийн гавшгайч С.Энхтуяа, Р.Сэнгэтөмөр, УБТЗ-ийн “хүндэт төмөр замчин” Ө.Зоригтбаатар, байгаль орчны тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальт “Боржигон тогоо” ХХК-ны захирал С.Ганхуяг, хоршооллын холбооны тэргүүний ажилтан тав ХААХХҮ-ийн тэргүүний ажилтан нэг, уламжлалт бариа засалч нэг зэрэг улс аймгийн алдартнууд төрөн гарчээ. Манай ангийн |Х.Чулуунбаатар нь бага сургууль байхдаа шинэ жилээр дандаа туулай болдог байв. Жижиг биетэй учраас. Туулайн багаа өмсөөд чихээр нь урдах замаа хардаг байв. Нэг удаа туулайны чих нь хугараад замаа харж чадахгүй чанга яригчийн утсанд бүдэрч унаад түүнээс хойш туулай болохоо больсон гэдэг. УБТЗ-ын Чойр өртөөний континер буулгалтын талбайд 20 жил ажилласан орос ах нарыг ирэхэд угтаж авсан, явахад нь гаргаж өгсөн нөхөр дөө. Одоо ТББ-ын шугамаар Чойрын богд ууланд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас 20 тарвага авч ирж нутагшуулсан, 200-300 гаруй аргаль угалз “малладаг” хоёр буга согоотой тусгай хамгаалалтын байгалийн нөөц газрын гишүүн Говьсүмбэр аймгийн “Боржигдой Цэцэн” утга зохиолын салбарын гишүүн олон талын авьяастай юм юмны захтай нийгмийн идэвхи сайтай нөхөр бий дээ. Чойрын төв дээр “Хас” гэж төрөл бүрийн барааны дэлгүүртэй. С.Энхтуяа айраг сумын төвд “Төгрөг” гэж зочид буудал худалдаа тавилгын дэлгүүртэй ажил үйлс амьдрал нь өөдрөг сайн сайхан яваа манай ангийн андууд байна. Бас саяхан бидний төрөлх сургуулиас ажлын гараагаа эхэлж байсан физик математикийн багш М.Сэртэв багш маань Монгол Улсын гавьяат багш болж түмэн олон шавь биднийгээ баярлуулсан. Хайрт багшдаа болон тэдний гэр бүл Д.Цогбадрах багш болон үр хүүхдүүдэд нь шавь нарынх нь өмнөөс өдрийн сониноор дамжуулан баяр хүргэж сайн сайхныг хүсье. Би өөрөө ангийнхныгаа жаахан шоглох дуртай. Хүн бүрт таарсан хошин шогийн дөрвөн мөртүүд бичиж нөхдөө инээлгэдэг. Заримдаа шүлгэрхүү юм бичнэ. ТЗ-д 25 жил жолоочоор ажилласан манай ангийн Ө.Оюунцэцэг малчин удмын хүн. Аав нь Д.Өлзийхутаг гэж МУ-ын аварга малчин улсын удаа дараагийн депутат мундаг хүн бий.
Ангийнхаа Х.Чулуунбаатарт ингэж дөрвөн мөрт бичжээ
Далан сумаас гаралтай “уйланхай” Чука
Довон дээрээ бол “Хасын” Чука
Шүлгэн дотроо бол “Шатдаг” Чука
Шүтээн болсон эх орноо өмөөрдөг Чука
Гончигдоржийн Алтантуяад
Ар говьд байхад нь
Ат ч юмуу ингэ ч юмуу гэж андуурам
Тэнэгэр говьд илгээгдсэн “заяа”
Тэмээчин нэрэндээ дассан Туяа
Дамбын Үнэнбатад
Говийн зэрэглээгийн “ангийн байцаагч”
Далан сумын “энгийн байцаагч”
Хөдөө гандаж гадаа давхисан
“Хөх даалимбан тэрлэг”
Ангийн дарга Даваадарийн Оюунцэцэгт
Аав ээжээс төрөхдөө “намхан”
Анги дотроо бол “өндөр”
“Хүжийн” галд ч ном уншиж явсан
Хөвөнд боолттой “Оюу-Эрдэнэ”
Даланжаргалан сумын дунд сургуулийг тэртээ 44 жилийн өмнөх анхны төгсөлт МХЗЭ-ийн илгээлтийн эзэд: А.Амаржаргал, Г.Алтантуяа, Г.Буурал, О.Буманцэцэг, Батдэлгэр, Ш.Батхүү, С.Ганхуяг, Н.Ганболд, А.Лхагвадэлгэр, Ч.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Н.Оюунчимэг, Б.Осгонболд, Р.Очирхуяг, Р.Сэнгэтөмөр, Д.Үнэнбат, Г.Эрдэнэжаргал, С.Энхтуяа, З.Яруусайхан, Ө.Зоригтбаатар нарыгаа одоо ч гэсэн сэтгэл зүрхэндээ санан дурсаж хайрлаж явдаг юмаа. Тэдний хань, үр хүүхэд, ач зээ нарт эрүүл энх байж урт удаан наслан аз жаргалаар бялхаж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн биднийг өдий зэрэгтэй явах анхны алтан шар замыг минь зааж өгсөн ачит багш нартаа тэдний гэр бүлд хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсье.
Ө.ЗОРИГТБААТАР