Баруун гар талаас Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэл, бөх судлаач О.Наранбаатар
Бөх судлаач О.Наранбаатартай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шуугиан хараахан намжаагүй л байна. Бөхөд хайртай түмэн 23 дахь аварга цолтноо өлгийдөж авлаа. Наадмын бөхийн барилдааны талаар ярилцлагаа эхлүүлье?
-Даншигийн аваргуудыгаа нийлүүлж тоолбол 60 орчим аваргууд байгаа. Ардын хувьсгалаас хойш бол 23 дахь аваргаар Н.Батсуурь тодорч байна. Наадам сайхан боллоо. Баяр наадмын өмнө бөхийн холбоод хэрүүл тэмцэлтэй байсан шүү дээ. Монгол наадам бол тусгаар тогтнол эв нэгдлийн баталгаа гэдгийг харууллаа. Аварга, арслан цолтон түрүүлнэ гэдэг өөрөө сайхан л даа. Үзэгчид Б.Бат-Эрдэнэ аварга завсаргүй түрүүлж байхад уйдаж байсан. Сүүлийн жилүүдэд өөр өөр бөхчүүд түрүүлэхэд “Аварга, арслангууд цолоо батлах хүн олдохгүй байна” гэх хандлага ажиглагдаж байсан. Харин сая Н.Батсуурь арслан цолоо батлаад хоёр дахь удаагаа түрүүллээ.
-Заалны барилдаанд сумын заануудад өвдөг шороодоод байсан Н.Батсуурь аваргыг түрүүлнэ гэж таамагласан хүн цөөхөн байсан даа. Анхаарлын төвд арслан П.Бүрэнтөгс, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий гээд залуучууд байсан?
-Сүүлийн жилүүдэд наадамд түрүүлсэн бөхчүүдийг ажиглахад заал танхимын барилдаанд доогуур амжилт үзүүлсэн бөхчүүд түрүүлээд байсан. Өнгөрсөн жил Ц.Содномдорж арслан заалны барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай наадамдаа зодоглоод л түрүүлсэн. Ч.Санжаадамба аварга ч ижил амжилттай ирээд л наадамд түрүүлж байсан.
Н.Батсуурь аварга барилдаан алгасалгүй зодоглож байснаараа онцлог л доо. “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд түрүүлэхийг харж байхад бэлтгэл их сайтай байгаа нь мэдрэгдэж байсан. Наадмаар огт хий зай гаргалгүй барилдаж байсан Н.Жаргалбаяр заан, Н.Золбоо харцага хоёр Н.Батсуурьт цуварч унахад нь “Батсуурь өнөөдөр хазайхгүй юм байна” гэж ойлгосон доо. Их сайн байгаа бөх нэг бол түрүүлдэг үгүй бол түрүүлэх, бөхөд унадаг гэдэг шүү дээ. Аварга ч өөрөө өндөр даваанд өрсөлдөгчөөсөө сэтгэл зүйгээр илүүрхэж барилдах юм. Улсын наадмын түрүү үзүүрт өхийлдөх мэх хийж давсан тохиолдол сүүлийн 50,60 жилд байхгүй байх шүү. Б.Бат-Эрдэнэ аварга алсын сүвээний барьц аваад хашиж өргөөд, О.Балжинням аварга хавирч, Д.Цэрэнтогтох аварга шуудагнаас, Х.Баянмөнх аварга хонгодож түрүүлж байсан.
-Аварга Ч.Санжаадамба даян аварга цол хүртэх боломжоо үгүй хийчихлээ. Аваргын алдаа оноо нь юунд байсан бол?
-Аварга сайхан барилдаж үзүүрлэлээ. Долоогийн даваанд Ш.Мөнгөнбаатартай хийсэн барилдааны үеэр гараа бэртээсэн нь түрүү байрын төлөөх барилдаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Аварга ирэх жил цолоо ахиулахыг үгүй гэх газар байхгүй.
-Улсын заан Н.Жаргалбаярыг олон хүн түрүү бөхөөр нэрлэж байсан ч түрүү бөхөд өвдөг шороодлоо. Их шөвөгт хийсэн барилдааных нь талаар ярихгүй юу?
-Жагаа залуу хүн гэхэд наймын даваа хүртэл ямар ч хий зай гаргалгүй, нягт барилдаж байсан. Батсуурь аварга их шөвгийн барилдаанд зүүн сугадаад мордоог нь хамгаалчихаад байсан. Сугадаагаа авахад нь Жаргалбаяр мордоод шилдүүлээд доор нь орчихсон. Аваргын тактикийн барилдаан амжилттай хэрэгжсэн болов уу гэж харж байгаа. Н.Жаргалбаярыг магтахад заан болчихоод дараа жил нь цолоо баталсан хүн Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр байхгүй шүү. Улсын начин цолыг баталж болно, заан цолыг дараа жил нь шууд батална гэдэг хэцүү. Ирэх наадмуудад арслан гарьд цолны даваанд босох байхаа залуу заан.
-П.Бүрэнтөгс арсланг аварга болно гэж бөх сонирхогчид найдаж байсан ч шөвгөрч чадсангүй?
-Наадмын галынхаа сорилго барилдаанд зодоглоогүй. Жин их тавьсан бэлтгэл тун сайн байгаа гэж “Увс нуур” галынхан ярьж байсан. Наадмын дөрвийн даваанд Сүхбаатарын Б.Зоригтбаатартай барилдаж байгааг нь харахад бэлтгэл нь таараагүй нь ажиглагдсан л даа. Давсан, дутсаныг нь би сайн мэдэхгүй юм. Тавын даваанд Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.
-Арсланг “амаа буруу авлаа” гэх шүүмж их харагдаж байна лээ?
-Хаяна гэсэн бөхөө л амласан байх. Д.Цэрэнтогтохыг амласан нь алдаа гэж би хувьдаа харахгүй байгаа. Тухайн үед сонгосон барилдааны хувилбар нь буруу байсан болов уу. Цэрэнтогтох ч салхитай, хэнийг ч хаяж мэдэх эсрэгээрээ хэнд ч унаж мэдэх бөх. Арслан илүү тогтож барилдсан бол яах байсан юм бол доо.
-Нийслэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд тааруу наадлаа. Үүнийг та юутай холбож байна?
-Өнгөрсөн хавар барилдаан хийхийг хориглосон. Тэр үед “Их Монголын хүчтэн”- дэвжээнийхэн сар болгон заримдаа сард хоёр барилдаан хийж байсан. Дээр нь гал дээрээ гурван ч удаа барилдаан хийж бэлтгэлийн ачааллыг айхтар их өгч байгаа харагдсан. Зарим аймаг барилдаан хийгээгүй шүү дээ. Бэлтгэл нь нийтээрээ унасан болов уу гэж бодсон доо. Эхний өдөр л Б.Сангисүрэн начин, Т.Санчир заан хоёроос бусад нь нураад дууссан шүү дээ. Хавар бол Өвөрхангайнхан шиг сайн хүмүүс байгаагүй. Наадмаар формоо хадгалж чадсангүй.
-Баянхонгорчууд Н.Золбоо гэж мундаг харцагатай боллоо. Тавын даваанд тунаж барилдаж улсын цолны босгоор алхлаа?
-Улсын харцага Д.Батболд, улсын начин Ж.Чулуунбат гээд мундаг хүмүүс зааж зөвлөж байгаа л даа. Золбоо үндэсний бөхөөр ийм барилдааны хувилбарыг сонгоход сайн барилдана гэдгээ мэдэрчихсэн байгаа харагдсан. Их суурьтай, зөв барилдаж байна лээ. Түрүү бөхийг ганц хазайлгасан хүн нь Н.Золбоо байсан. Шуудагны барилдаанаас ерөөсөө алдаа гаргахгүй байна лээ. Тавын даваанд Б.Бат-Өлзий харцагатай яаралгүй зөв барилдаан хийж өөрийнхөө талд шийдсэн. Өмнө нь Золбоо Бат-Өлзийд хэд хэд уначихаад байсан шүү дээ. Алдаан дээрээ сайн ажилласан нь харагдаж байсан.
-О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг өндөр даваанд харж байсан ч болсонгүй?
-Б.Бат-Өлзий харцага наадмын өмнө болсон Таван толгойн барилдаан дээр ажиглахад бэлтгэл нь жигдрээгүй байгаа харагдсан. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн болохоор л хүмүүс дээшээ барилдана гэж тооцоолж байсан болов уу. О.Хангайгийн тухайд наадмын бэлтгэлийн үеэр их нервитэй, нойр муу байгаа сураг дуулдаж байсан. Сэтгэл зүйн бэлтгэл тааруу байсан юм болов уу даа. Дээрээс нь Мөнгөнбаатар харцагын дархан мэхтэй зүүн талд нь барьц сонгосон нь алдаа байж болох юм. Мордуулаад унаж байсан.
-Дархан аварга Г.Өсөхбаярыг начин төрүүллээ гэж энгэрт нь “алдарт эх”-ийн одон зүүж шоглосон зураг цахим ертөнцөөр их явж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-1995 оны улсын их баяр наадмын өмнө Өсөхөө аварга дархан аварга Ж.Мөнхбаттай хамт бэлтгэлд гарч тэр жилдээ заан болсон байдаг. Энэ талаараа Өсөхбаяр аварга “Том бөхийн нөмөрт их юм сурсны хүчинд сайхан барилдаж цолд хүрсэн” гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ жил Мөнхбат аварга маань бурхны оронд одлоо. Өсөхөө аварга тавын даваанд Мөнхбат аваргын хүргэн аймгийн хурц арслан Ба.Батжаргалыг амлаж улсын цолд хүргэлээ. Ба.Батжаргалын тухайд тийм ч муу бөх биш шүү дээ. Үүнийг буруу гаж үйлдэл гэж би үзэхгүй байгаа. Монгол бөхөд эрт үеэс уламжлагдаж ирсэн юм.
Улсын идэр залуу цолтой хүмүүс тав юм уу гурвын даваанд бууж өгөөд байгаад нь бөх сонирхогчид дургүйцдэг. Дээрээс нь аймгийн баяр наадамд аймгийн заан, харцага цолтой бөхчүүд өөрөө дээшээ барилдаж цолоо ахиулах байтал шинэ цолтон төрүүлж байгаа нь монгол бөхийг бараантуулж байгаа. Аймгийн наадам нээлттэй хийхэд улсын том цолтой бөхчүүд очиж найраа хийж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байгаа. Зарим газар хэд хэдэн бүлэг улсын цолтнууд очиж найраанд орох бөхчүүдийг нь бүртгээд өөрөө барилдахыг нь хасдаг асуудал газар авсан. Сүүлийн үед аймгийн наадам үзэх юмгүй муухай жүжиг болж байна.
-Шинээр төрсөн начин, харцагуудын талаар ярихгүй юу. Тэр дундаа Ш.Мөнгөнбаатар?
-Цолондоо эзэн болж барилдах сайн бөхчүүд улсын цол авсан гэж харж байна. Ш.Мөнгөнбаатар харцагын тухайд эрт орой хэзээ нэгэн цагт улсын цол авах л байсан байх л даа. Сар шинийн барилдаанд түрүүлсэн хүн улсын цолгүй үлдэнэ гэж байхгүй шүү дээ. Улсын цолд хүрэлгүй удсан хүмүүс улсын начин болоод дээшээ барилдаад байдаг. А.Бямбажав цэргийн арслан цолтой удаан барилдаж байгаад шууд харцага, Ч.Санжаадамба нь улсын заан цолд шууд хүрч байсан шүү дээ. Дээр нь улсын заан Б.Соронзонболдыг нэрлэж болж байна.
-“SPS үндэс” телевиз баяр наадмын бөхийн барилдааныг анх удаагаа шууд дамжууллаа. Бөх сонирхогчдын дийлэнх нь ам сайтай байна лээ?
-Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сараас л бөх дамжуулах талаар бэлтгэж эхэлсэн л дээ. МҮБХ-ны ойлгомжгүй асуудлаас шалтгаалж ажил гацаанд орсон. Харин баяр наадмын бөхийн барилдаан дамжуулах эрх аваад 10 орчим хоног бэлтгэлээ хангаад л ажилдаа орсон доо. Анхны дамжуулалт алдаа оноо байсан л байх. Гэхдээ хэд хэдэн зүйлийг шинээр нэвтрүүлсэн. Бөхийн барилдааны тайлбар дээр хөлбөмбөг, сагстай ижил хоёр тайлбарлагч суугаад харилцан ярьж барилдааны явцад дүгнэлт хийж байсан. Тайлбарлагч хүн тоо баримт, статистикт тулгуурлаж ярихаас биш ганцаараа суугаад тэнгэр хараад тайлбарлаад байж болохгүй. Цагийн тооцооллын асуудлыг шинээр нэвтрүүлсэн. Улсын аварга Н.Батсуурь гэхэд нийт 119 минутын барилдаан хийж түрүүлсэн байх жишээтэй.
-Бөхийн барилдааны дундуур сонирхолтой статистикуудыг хүргэж байсан. Мэдээлэл шүүхэд хэр цаг хугацаа орсон бол?
-Улсын дэд гарын даа Т.Түмэндэмбэрэл бид хоёр хувийн цуглуулгаа шүүж мэдээллийг боловсруулсан. Улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 250 даваа авсан, улсын начин Адьяатөмөр хамгийн ахмад буюу 44 насандаа улсын цолтон болсон зэрэг мэдээллүүдийг шүүж гаргаж ирсэн дээ. Цаашдаа ийм үзүүлэлтүүдийг илүү баяжуулж өгнө дөө. Цаашид “SPS үндэс” телевиз үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулахад ямар нэгэн асуудал байхгүй.
-Ирээдүйд ямар залуусыг сайн барилдана гэж харж байна?
-Өнөө жил Сэлэнгийн наадамд түрүүлсэн Б.Орхонбаяр гэж залууг удахгүй дээшээ барилдах болов уу гэж харж байна даа. Өвөл заалны барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгсөөр хоёр давахад нь Ц.Содномдорж амлаж барилдаад нэлээн хүч шавхаж давж байсан. Дараа нь “Мундаг барилдаан суусан хүүхэд байна. Удахгүй цолоо ахиулах байх” гэж магтаж байсан нь энэ зун биелэлээ олж 20 насандаа аймгийн арслан болж байна.