Categories
мэдээ цаг-үе

Дуучин С.Дуламсүрэн: “Монгол самолёт” дуу гэхэд Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй холбогдоно

“Сүлд” чуулгын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хүрээ дуучин, ардын урлаг судлаач Сүхбатын Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Урлагийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Аравдугаар ангиа төгсөөд “Түмэн эх” чуулгад Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт уртын дуучин Солийн Цоодол багшийн шавь болж дагалдан дуучнаар очиж байсан. Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хашаанд “Түмэн эх” чуулга маань байдаг. Дараа нь МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн дэргэд байгуулагдсан Ардын урлаг судлалын тэнхимд урлаг судлаач мэргэжлээр суралцсан. Эл тэнхимийг Жамцын Бадраа, С.Цоодол багш нар маань үндэслэсэн. Тэр хоёр ахмадуудын “Эртний сайхан”, залуучуудын “Түмэн эх” чуулгыг байгуулж, намайг яагаад ч юм бэ “Эртний сайхан” чуулгад оруулсан.

-Өөрөө Монголын урлагийн алтан үеийнхэнтэй нэгэн дээвэр доор ажиллаж байсан азтай дуучин юм даа?

-Үнэхээр азтай. “Эртний сайхан” чуулгад Бадраа багш, ардын жүжигчин Цогзолмаа гуай, Жамьянжав гуай, ардын жүжигчин Г.Хайдав багш, Буян хуурч, ардын жүжигчин шанзны Дашдулам гуай, хуучрын Цэвэлмаа, Базаррагчаа гуай нарын мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан. Шанзны Базаррагчаа гуай гэхэд өвөр дээрээ тавьж тоглодог баян хуурын даралттай, мандолины утас шиг чавхдастай чин гэдэг дөрвөлжин хөгжмийн зэмсгээр тоглож би “Тогтох тайж” гэдэг дууг дуулж байсан сайхан дурсамж надад үлдсэн. Бичлэг нь ч байдаг юм.

-Та ч энэ гайхамшигтай хүмүүсийн урын сангийн судалгааг хийх л хүн байна даа?

-МУИС-д суралцан ардын урлаг судлаач мэргэжил эзэмшсэнийх одоо судалгааны ажил хийж байна. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Урлаг, утга зохиолын тэнхимд эрдмийн ажлын сэдэв аваад явж байгаа.

-Таны судалгааны ажлын сэдэв нь юу вэ?

-Судалгааны ажил маань “Хүрээ дуу” гэсэн сэдэвтэй. Хүрээ дуу гэхээр хүмүүс янз бүрээр л ойлгодог байх. Ардын богино дууны л өвөрмөц нэг хэлбэр нь хүрээ дуу. Өмнөх зууны хорь, гуч, дөчөөд онд Нийслэл хүрээнд дуулагддаг байсан хэсэг ийм ардын богино дуу байгаад байгаа юм. Энэ чиглэлээр сонирхон судалж байна.

-Хэд орчим хүрээ дуу байх юм?

-Олон дуу байгаа. Яг хүрээ гэсэн тодотголтой 160 орчим дуу байдаг гэж ярьдаг юм.

-Хүрээ дууны жинхэнэ мастеруудтай ажиллаж байсных их зүйл сурсан байлгүй?

-Багш нар маань энэ дууг ийм аяар дуулдаг байсан гээд зааж өгдөг байсан. “Сүнжидмаа” гэхэд л дөрвөн янзын тогтсон хэлбэртэй. “Хөх торгон дээл” дууны аялгуу гэхэд долоон янзын хувилбартай байх жишээтэй. “Хөх торгон дээл”-ийн анхны нэр нь “Жинжий Бадам” гэж байсан юм билээ. 1926 онд Улаанбаатар хотод дуулагдаж байсан хэлбэрээр нь би сая дуулж дүрсжүүллээ. Энэ дууг ардын жүжигчин Ичинхорлоо, гавьяат дуучин Лувсангомбо нар эхэндээ дуулсан. 1952 онд Увс аймгийн Хөгжимт театрын дуучин Загаржав гуай одооны хөнгөн аялгуунд оруулан дуулж, түүнээс хойш ардын жүжигчин Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Банзрагч, сүүлд соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч нар дуулж түмэн олонд хүргэсэн. Миний хувьд дууны тухайн үед дуулж байсан ая, аялбар нь илүү санагддаг. Нэг ёсондоо жинхэнэ амьд гэж хэлж болохуйц ая аялгуу, нугалаа хийц нь тэнд л нуугдаж байдаг. Арван наймтайгаасаа алтан үеийнхэнтэй ажиллаж, аялгуу дууг нь сонссоных тэднээсээ сурсан ая дангаар л уран бүтээлээ олон түмэнд хүргэнэ дээ.

-“Жинжий Бадам” дууны зохиогчийн ач зээ нартай уулзсан гэл үү?

-Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсом хурц энэ дууг хайрт хань Жинжий Бадамдаа зориулж зохиосныг Монголын ард түмэн мэднэ. Догсом хурцын садан төрлүүдтэй саяхан холбогдсон. Гоо зүйн ухааны доктор Наранцацрал, ээж нь Батмөнх гэж хүн байна. Эднийхэн “Догсом төр тогтох” сангийн үйл ажиллагаа явуулдаг. Дууны клипээ хийж байхад танилцаад нээлтийг нь “Хөх торгон дээл” дууны тухай” эрдэм шинжилгээний хуралтай хавсруулж хийсэн дээ. Энэ хурал, нээлтэд Хэнтий аймгаас Догсом хурцын нутгийнхан ирж оролцсон.

-Хүрээ дууны онцлог нь юу байдаг бол?

-Аялгуундаа л гол онцлог нь байх шиг байдаг. Янз янзын нугалаа, хугалаа, үгийн төгсгөлийг хаяж өгөх, дуниаруулах, өргөх зэрэг маш олон элементийг дотроо агуулдаг. Энэ бүхнийг хаяж гээж боломгүй. Одоо цагт ардын дууг зохиолын дуу шиг л хүн бүхэн нэг аяар дуулаад байдаг. Тэгэхээр нөгөө ардын сайхан уламжилж ирсэн донж, хэв маяг нь гээгдээд байгаа. Аль болохоор л хуучны дэгээр дуулбал үнэ цэнтэй, сайхан байх ёстой. Хүмүүс одоохондоо миний дуулсан хэлбэрийг “Ямар сонин аятай дуу вэ” гэж гайхаад л байх шиг байгаа юм. Одоо л дуулахгүй бол ая нь үүрд мартагдчихмаар “Монгол самолёт” ч юм уу олон дуу байна. Тухайн нийгэм цаг үед гарч ирсэн соёлын үзэгдэл, хүмүүсийн амьдрал тэмцэл бүхнийг дуу илэрхийлж байж. Судалгааны чиглэл маань ийм л байна. Миний хувьд хэд хэдэн хүрээ дуу дуулж олны хүртээл болголоо.

-Ямар дуунуудыг дуулав?

-“Ган төмөр”, “Жинжий Бадам” буюу “Хөх торгон дээл”, ардын жүжигчин Хандсүрэн, Ичинхорлоо гуай нарын донжтой дуулсан “Хонгор морь”, “Гандий мод” дуунууд байна. Тэр хүмүүсийн радиогийн алтан санд дуулж үлдээсэн бичлэгүүдийг их сонсож, судалдаг. Тэнд л ардын, хүрээ дууны донж маяг байгаад байгаа юм. Тэр гайхамшигтай алдарт дуучдын ардын дуунд оруулсан сонгодог донж маяг, уламжлал, шинэчлэлийг бид хослуулан өвлөж авах учиртай. Хөгжмийн зэмсгийн хувьд орчин үелэг байж болох боловч дуулаачийн хувьд өөрийнхөөрөө, хүрээний хэв маягаар дуулж гаргаж ирнэ л гэж хичээж явна. Монгол Улсын филармониос цагаан сарын өмнө “Торгоны хээ” гэж ардын дууны тоглолтод “Монгол самолёт”, “Манай театр” гэж хоёр дууг Морин хуурын чуулгатай дуулахад үзэгчид их таашаалтай хүлээж авсан. Нэг өндөр настай хүн “Гучаад онд л яг ингэж дуулдаг байсан” гэж баяр хүргэсэн нь надад их урам өглөө. Би үгийг нь хүртэл хуучин хэв маягаар “театр” гэхийг “чаатр” гэх маягаар дуулсан. “Хөх торгон дээл” дуунд гэхэд “Цайраад байгаа цастай уулын…” гэхийг “цас-у-тай уулын маань” гэх мэтээр хуучин галиг цалигаар дуулахад хүний сонорт их наалдацтай байгаа нь анзаарагдсан.

-“Монгол самолёт” гэхэд ямар үг, аятай дуу байна?

-Миний анхны дүрсжүүлсэн дуу маань “Монгол самолёт”. Анх 1925 оны тавдугаар сард Зөвлөлт Орос улсаас манай улсад нисэх онгоц бэлэглэсэн юм билээ. Герман улсад үйлдвэрлэсэн энэ онгоцыг Кольцов гэдэг нисгэгч жолоодож ирсэн гэдэг. Ингэж Монгол Улсын нисэх хүчний түүх эхэлж. Агаарт нисэх техник битгий хэл машиныг ч хараад гайхан бахдаж байсан ард түмэндээ Хүрээ захиран шийтгэх газраас “Удахгүй агаараар нисдэг төмөр шувуу нисэн ирэх тул ард олон айж сандралгүй үзэж сонирхох”-ыг уриалж байсан байна. Цагаан хуаранд нөгөө онгоц бууж. Онгоцны их нүргээн дуу чимээнээс айж сандарсан ардууд бараан доогуур, байшингийн араар нуугдаж байсан юм гэнэ лээ. Ингээд нисэж байгаа онгоцыг хараад цэцэн билигт ард түмэн маань шууд зохиомжлон дуулсан түүхтэй дуу л даа. Үг нь гэвэл:

“Шувар шувар дуутай

Шувуу шиг далавчтай

Дуутай шуутай

Монголын самолёт

Хүр хүр дуутай

Хүржигнээд нисдэг

Дуутай шуутай

Монголын самолёт

Ар ар дуутай

Агаараар нисдэг

Ард Монголын

Дуутай самолёт” гэсэн их амархан дуу. Амнаас ам дамжаад дуулагдаж байхдаа бадаг нэмэгдсэн. Сүүлдээ “Хил нутгийг хамгаалсан хөнөөлт дайсныг сөнөөсөн дуутай шуутай Монголын самолёт”, “Тунгалаг цэнхэр агаартаа шумбан нисэх нь бахтай дуутай шуутай Монголын самолёт” гээд баяжаад явчихсан. Сурахад маш амархан, дөрөвхөн нотны хооронд хэлбэлздэг дуу. Энэ дуунаас улбаалаад “Агаараар нисдэг аэрофлоон” зэрэг дуунууд зохиогдсон. Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй яах аргагүй холбогдох дуу даа. Би энэ түүхийг нь судлаад давхар тэр үеийнх нь ая дангаар дуулж ард түмэндээ хүргэж байгаа юм.

-Эдгээр сайхан дуугаараа хэзээ цомог гаргах гэж байна?

-Одоогоор дөрөв таван ч дуу дүрсжүүлж хүргэлээ. Найман дуутай цомог гаргана аа. Дууныхаа тухай ярьсан түүхтэй DVD ч гаргая гэж бодож байгаа. Дуу болгоноор нэвтрүүлэг хийхэд л их сонирхолтой болно. Дууны түүх домгийг, дуучдын дуулсан хувилбартай гаргахад их сонирхолтой доо.

-Таны эгч дуучин хүн бил үү?

-Миний эгч соёлын тэргүүний ажилтан, хуучнаар Ардын дуу, бүжгийн чуулгын дуучин С.Гэрэлмааг ард түмэн сайн таних байх. Бид хоёр удахгүй ардын богино дуунаас бүрдсэн уран бүтээлийн цэнгүүн хийх бодолтой байгаа. Эгч бид хоёрын цуглуулгад найман мянга гаруй дуу байдаг. Энэ бүхнээс хүрээ дуугаа дагнан судалж байгаа хэрэг. Цуглуулгад байгаа дуунуудаа дотор нь Их Хүрээ, Нийслэл хүрээ, Өргөө хот, Улаанбаатар хот болсноос хойш дуулагдсан дуунууд гэж он цагаар нь ангилъя гэж бодож байгаа.

-“Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” зэрэг дуунууд хэдий үед орох бол?

-Өмнөх зууны гуч, дөчөөд оны Улаанбаатар хот болсон үеийн хүрээ дуунууд. Опель дугуй унаж, оноотой дээл өмсдөг, өдөн цагаан малгай моодонд ороод байсан үед эдгээр дуунууд түгэн дэлгэрсэн.

-Өөрөө цагдаагийн “Сүлд” чуулгадаа ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиад явж байна уу?

-Мөрдэс зүүж, тангараг өргөсөн хүний хувьд ард иргэдээ амгалан тайван байлгадаг албатай цагдаагийн алба хаагчдаа мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойгоор ЦЕГ-ын даргын тушаалаар саяхан “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнагдлаа. Салбарынхаа хамгийн том шагналыг хүртсэндээ маш их баяртай байна даа.

Л.БаТцЭнгЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *