Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонжаргал: Алба хаагчдын мэргэшлийн шалгалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд “хангалттай” үнэлэгдсэн

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, албан хаагч, албан тушаалтнуудын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд зохион явуулжээ. Уг арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 27-ны өдрүүдэд явагдсан байна. Шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас тодрууллаа.


-Уг шалгалтыг зохион байгуулах гол зорилго нь юу байв?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллаж буйг та бүхэн мэдэж байгаа. Нэгж, байгууллага дээр энэ зорилтын хэрэгжилт ямар түвшинд байна вэ, ер нь дэвшүүлсэн зорилтдоо хүрэхэд нөхцөл, бололцоо ямар байгааг судлах, дүгнэх, алба хаагчдын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлох нь чухал юм. Үүний зэрэгцээ уг сургалтад хамруулах зорилгоор тус үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллага 2010 онд алба хаагчдын мэргэжлийн түвшинг шалгаснаас хойш нэгдсэн журмаар ийм шалгалт явуулаагүй. Харин 2016 онд цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнээс мэргэжлийн түвшин, ур чадварын шалгалт авсан байдаг. Иймээс нийт байгууллага, алба хаагчдынхаа үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох шаардлага бий болсон юм.

-Шалгалтын үеэр сургалт зохион байгуулсан гэсэн үү. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Бид энэ удаагийн сургалт, шалгалтыг алба хаагч болон байгууллага гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан. Тухайлбал, алба хаагчийн хувьд томилогдсон албан тушаалдаа тавигдах ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангаж байгаа эсэх, томилогдсоноос хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа эсэхийг нь ажиглаж, дүгнэлээ. Газар, хэлтсийн хувьд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчил болон Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт ямар байна, практикт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна гэдгийг ч анхаарсан. Түүнчлэн алба хаагчийг хөгжүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж буйг нь шалгаж хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай сургалтыг зохион байгуулсан.

-Шалгалтын нэгдсэн дүн мэдээ гарсан уу. Ер нь ямар журмаар, хэрхэн дүгнэсэн юм бэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам, батлагдсан аргачлалын дагуу үнэлгээ дүгнэлт өгсөн. Нийт 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс нэр бүхий арван аймаг “сайн” гэсэн үнэлгээтэй шалгагдсан. Харин арван аймаг “хангалттай” түвшинд явж байна. Нэг аймаг “дутагдалтай” үнэлгээтэй тус тус шалгагдсан. Орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд дунджаар 78.5 хувьтай буюу “хангалттай” гэж дүгнэгдсэн гэсэн үг.

-Шалгалтын явцад ажиглагдсан ололттой зүйл нь юу байв?

-Ололттой зүйлс олон байсан. Цагдаагийн байгууллагын нэгэн чухал үйл ажиллагаа болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутгийн өөрөө удирдах байгууллагуудтайгаа хамтран нэлээн үр дүнтэй зохион байгуулдаг болжээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа нь ч тогтворжсон байна. Мөн зарим аймгийн цагдаагийн газраас алба хаагчдыг хөгжүүлэх сургалт, судалгааны төвийг байгуулж эхэлсэн. Энэ нь бусад газар, хэлтэс ч санал, санаачилга авч жишиг болгохуйц ажил болсон байна. Бид энэхүү үйл ажиллагааныхаа үеэр тухайн орон нутгийн удирдлага, хууль сахиулах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал, хүсэлтийг нь сонссон. Тухайн үед цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой ноцтой гомдол, санал ирээгүй. Харин ч орон нутгийн удирдлагууд, хууль сахиулах бусад байгууллага нь цагдаагийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг, тэдний хамтын ажиллагаа сайжирсан нь харагдлаа.

-Тэгвэл дутагдалтай, анхаармаар зүйл юу байна вэ?

-Энэхүү шалгалтад 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн 3400 орчим алба хаагчдын 85.2 хувь нь хамрагдсан. Шалгуулсан нийт алба хаагчдын 30 орчим хувь нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хэдийгээр алба хаагчид маань цаг наргүй ажилладаг боловч өөртөө тодорхой цаг зарцуулж хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ дээшлүүлэх, дадлагажих, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдлаа.

-Шалгалтын үр дүнгээс шалтгаалаад ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зургаан ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явуулсан. Тэдгээр ажлын хэсгээр дамжуулан шалгалтад хамрагдсан цагдаагийн газар, хэлтсүүдээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад 40 орчим саналыг уламжилсан. Үүнийг нэгтгэж шийдвэрлэхийг зохих албан тушаалтан, алба нэгжүүдэд хүргүүлээд байна. Мөн шалгалтад хамрагдаагүй үлдсэн алба хаагчдын шалгалтыг нөхөж авах ажлыг эхний ээлжинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Алба хаагчид эрүүл мэнд, бие бялдрын хувьд хангалтгүй байгаад анхаарч “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн сургалтын чанарыг дээшлүүлэх, алба хаагчид өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүдээс гаргасан саналын дагуу аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд нэгж бүрийн онцлогт тохирсон үүрэг чиглэлийг хүргүүлсэн. Шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаас тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжийг тухайн нэгжүүдэд хүргүүлж биелэлт үр дүнг жилийн эцсээр тооцохоор ажиллаж байна.

-Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарыг нийслэлд сэлгэж ажиллуулах тухай саналыг ажлын хэсгээс гаргасан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Шалгалтын явцад орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарын ачаалал нийслэлд байгаа мөрдөгчдийн ачааллаас харьцангуй бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс тухайн цагдаагийн газар, хэлтсээс тодорхой тооны алба хаагчийг тодорхой хугацаагаар түр сэлгэн ажиллуулснаар нийслэл дэх мөрдөгчдийн ачааллаас хуваалцаж, улмаар өөрсдийн мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх боломж байна гэж үзэж байгаа.

-Уг шалгалтыг нийслэлийн цагдаагийн хүрээнд хэзээ зохион байгуулах юм бэ?

-Улаанбаатар цагдаагийн хүрээ буюу нийслэлийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудад энэ оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний мэргэшлийн түвшинд үнэлгээ дүгнэлт өгөх юм. Цаашдаа мэргэжлийн түвшинд үнэлгээ өгдөг шалгалт, сургалтыг цагдаагийн төв байгууллагаас гурван жилд нэг удаа, нэгжүүд дотооддоо жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байх шаардлагатай байгаа. Түүнчлэн мэргэшлийн түвшнээрээ шалгарсан, ерөнхий болон тусгай шаардлагыг ханган, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад зэрэг олгох байдлаар урамшуулж, цалингийн тодорхой хувийн нэмэгдэл олгож байх саналыг шалгалтын ажлын хэсгээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулсан. Эдгээрийг хэвшүүлж чадвал алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол жил дараалан сайжирна гэж харж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *