Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Винод Кумар Ахужа Итгэмжлэх захидлаа өнөөдөр гардуулав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Д.Цогтбаатар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж 2500 гаруй хүн гамшигт өртсөнтэй холбогдуулан Суурин төлөөлөгчийг газар дээр нь ажиллан, бодит байдалтай танилцахыг хүсэлт болгов. Суурин төлөөлөгч Винод Ахужа хүсэлтийг хүлээн авч Баян-Өлгий аймагт ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Европын Холбооны улсуудад сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэн бөгөөд эрдэм шинжилгээ, байгалийн нөөцийн менежмент, технологи дамжуулалт, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, онцгой байдал ба түүний дараах менежмент, ойн мэдээлэл, статистик, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр дэмжлэг, туслалцаа авч хамтран ажиллаж ирсэн.
Суурин төлөөлөгч Винод Ахужа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэн бөгөөд тэрээр 1994-1997 онд Дэлхийн банкинд судлаач, эдийн засагч, 1997-2003 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд туслах профессор, 2002-2003 онд Энэтхэг дэх НҮБ-ын ХХААБ-ын Өмнөд Азийн бүс нутгийн төслийн зохицуулагч, 2003-2009 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд профессор, 2009 оноос Бангкок дахь НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн төлөөлөгчийн газарт Мал, амьтны бодлого хариуцсан ажилтнаар ажиллаж байсан юм.