Categories
мэдээ нийгэм

Сайншандын салхин сэнс аравдугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэнэ

“Сайншанд Салхин Парк” ХХК нь өнгөрсөн долоо хоногт 25 дахь салхин сэнсний угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа бүрэн гүйцэтгэж дуусгасан байна.

Байгалийн урьдчилан таамаглашгүй нөхцөл болох элсэн шуурга, бороо салхины улмаас барилга угсралтын ажил 25 өдрөөр хойшлогдсон ч төслийн багийнхан, хамтран гүйцэтгэгчид ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байгаа ажээ. Төслийн гүйцэтгэлийн ажлыг хэрэгжүүлэхэд инженерийн болон барилга угсралтын мэргэжлийн ур чадвараас гадна барилгын үйл явцын ямарваа нэгэн сул зогсолт, осол гэмтэлгүйгээр гүйцэтгэхэд төслийн маш нарийн төлөвлөгөө, хариуцлага чухал шаардлагатай байсан байна.

Сайншанд салхин паркийн барилгын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэсэн. Энэ оны 10 дугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй. Уг төсөл нь Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа билээ.

Төслийн үр дүнд байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэн орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлэнэ. Мөн шинээр ажлын байр ч бий болж байгаа юм..

Төслийн барилга угсралтын ажилд нийт 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт оруулж байгаагийн 65 хувийг олон улсын банкууд санхүүжүүлж байгаа аж. Харин эзэмшлийн хувьд 98 хувийг Франц, Герман зэрэг Европын компани болон бусад байгууллагуудад хамаарч байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээ хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *