Categories
мэдээ нийгэм

Монгол, японы уран бүтээлчдийн хамтарсан “Жудаг” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Шизүкэ” буюу монголоор орчуулбал “Жудаг” үзэсгэлэнг Монголын орчин үеийн калиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёс зүйн “Жудаг” нийгэмлэг, “NORPHEI” арт галерей хамтран нээлээ.

Үзэсгэлэнд Монголын талаас СГЗ, Чингис хааны одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Уран бичлэгийн мастер Д.Батбаяр, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, уран бичээч Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Ц.Тамир нарын 14 уран бүтээлч, Япон улсаас Японы “Шуудан” банкны захирал асан Адачи Сэйжиро, Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Андо Такао, ЗГХЭГ-ын дэд дарга асан Ишихара Нобуо, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко нарын японы улс төрчид, хувийн хэвшил, зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл багтжээ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын ГХЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Япон Улсын ЭСЯ, “Diamond Angel” сан, “Оrem” компани дэмжин ажиллаж байгаа аж.
Шизүкэ гэдэг үг нь япончуудын өөрийн бүтээсэн ханз бөгөөд “биеэ сайхан авч явах” гэсэн утгатай “хэл, сэтгэл, биеэ цэгцтэй авч явснаар бусдын нүдэнд сайхан харагдана” гэсэн санааг агуулж буй аж. Эдийн засгийн хөгжлийг дагаад эд баялаг, хөрөнгө мөнгө сонирхох хандлага нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, ёс зүй, алдагдаж, гэр бүл, сургууль орон нутагт “Жудаг” буюу хүмүүжлийг хангалттай олгож чаддаггүй байх талтай байна. Иймд хүн бүрийг “жудаг” ёс зүйд суралцахын үүднээс эл үзэсгэлэнг ийн нэрлэжээ.

Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчид оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *