Categories
мэдээ нийгэм

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайн нээлт болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болно. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.

Байт харвааны зориулалтын энэ талбайг “360 градус” төслийн хүрээнд хийж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг facebook шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж.

Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна.

Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж, мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч байлаа. Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна.

“360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *