МАН-аас мэдээлэл хийлээ. Найман сарын өмнө МАН-ын 28 дугаар их хурал хуралдсан. Энэ хурлаар гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Намын удирдлагаа шинэчилсэн, намын даргаа шинээр томилсон байна. Энэ талаар МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдэхдээ “Удирдах зөвлөл намын бага хурлаа өөрчилсөн. Намын дүрэмдээ гишүүдийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулна гэж ёс зүйн хороог байгуулсан. Ёс зүйн хороон дарга нь манай хяналтын хороон даргаар томилогдож байх дүрмийн өөрчлөлт орсныг мэдэгдэж байна. Намын их хурлын шийдвэр нь Монгол дахь нийгмийн амьдралд шударга ёсыг тогтооход намынхаа гишүүдыг манлайлах, үүргийг өндөржүүлэх зорилготой бодлого байсан. Энэ шийдвэрийг эрчимжүүлэх үүднээс манай хяналтын ерөнхий хороо 21 аймаг, есөн дүүргийн намын хяналтын хорооны гишүүдийн сургалт семинарыг наадмын өмнөх өдрүүдэд хийсэн. Нийт 250 гаруй хяналтын хорооны гишүүд удирдах ажилтнууд оролцсон. Энэхүү нэгдсэн сургалт семинарын үед манай намын гишүүд дэмжигчдээс хяналтын хороон гишүүдээр дамжуулж хэд хэдэн асуудалд онцгой анхаарал хандуулахыг шаардсан санал хүсэлт ирсэн. Манай намын нэр холбогдсон үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын асуудалд гишүүд дэмжигчид их эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгож хурдан шийдээч ээ гэсэн асуулгыг их тавьж байна. Оффшор данстай намын нэр бүхий албан тушаалтан холбогдсон байвал зохих хууль хяналтын байгууллагуудад нь нэн яаралтай шийдвэрлэж, хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй бол асуудалгүй гэдгийг шуурхай мэдэгдэх шаардлагатай байна. Энэ мэт асуудлууд манай намын нэр хүндэд сэв суулгаж байна гэдгийг онцгой анхааруулсан. Шударга ёсыг тогтооход манлайлал болон тэргүүлж, гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хэвлэл мэдээлэл сошиал орчинд явж байгаа худал мэдээллийг намын хяналтын хороо анхааралдаа аваач ээ гэсэн нийтлэг үндэслэлээр санал шүүмжлэлийг ирүүлсэн. Сургалтын үед намын удирдлагууд оролцож, өөрсдийн санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан бид дараах хэдэн саналыг хяналтын хороонд тавьсан.
-Намын гишүүд хамт олноос ирсэн санал шүүмжлэлийн дагуу арга хэмжээг авч, гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, намын дүрмийн дагуу удирдлагууддаа хатуухан шаардлага тавин ажиллах. УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдэл, зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр өндөр шаарлага тавин ажиллах.
-Намын удирдах зөвлөл удахгүй хуралдана байх. Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тодорхой санал санаачилга дэвшүүлэхийг намын удирдлагууддаа хатуу шаардах.
-Нийслэлийн МАН-ын гишүүд хурлаа зарлан хуралдуулж чадахгүй яваа. Энэ асуудлыг намын ерөнхий хороо онцгой анхаарал хандуулах.
-Намын анхан шатны үүр хороодын идэвх санаачилга муудсан. Үүнийг идэвхжүүлэхийг намынхандаа зохих ёсны шаардлагыг тавьж ажиллана.
Сүүлийн үед манай намын тодорхой албан тушаалтай гишүүдийн тухай хэвлэл мэдээллээр яригдах болсон. Энэ тал дээр намын хяналтын хороо гишүүдийнхээ нэр хүнд, эрх ашгийг хамгаалахаар идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Намын удирдлагуудад энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага тавина. Үнэхээр намын нэр хүндэд сэв суулгасан, хүлээлгэсэн үүрэг хариуцлага алдсан зарим нэгэн сонгуульт ажилтнуудтай хариуцлага тооцох болно. Үүнтэй холбогдуулан бид ирэх пүрэв гаригт намын ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар болсон. Тус хурлаар зарим нэгэн гишүүдийн сахилга хариуцлагын талаарх асуудал, намын удирдлагуудад тавих шаардлагын талаар нухацтай авч хэлэлцэнэ” гэв.
Аймаг нийслэлийн бүх түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнуудын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой бодитой баримттай асуудал байвал аймаг, нийслэлийн намын хороонд хандаж болно. Мөн Намын 28 дугаар их хурлаар нийгэмд хүлээлттэй байгаа нийгэмд шударга ёс сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор МАН-аас дорвитой алхам хийхийг зорино байх. МАН бол нэг дүрэмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд бид намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах болно. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болно. Гэвч намын хяналт сулраагүй байгаа гэдгийг намын хамт олон, гишүүд, дэмжигчдийн өмнөөс цохон тэмдэглэх нь зүйтэй хэмээн мэдээлэлд нэмж дурьдсан юм.