Говийн 5-р ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа суу билэгтний жанч халсны 150 жилийн ойг 2006 онд НҮБ-ийн дэргэдэх ЮНЕСКО-оос дэлхий нийтээр хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. Энэ жил Соён гэгээрүүлэгч, Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорноговь аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манжийн Тэнгэрийн тэтгэсний хааны 1794 онд буулгасан зарлигаар Говийн Ноён хутагтын дараах дүрийг тодруулахыг хориглосон тул Наваан аграмба цоржийн хойд дүр хэмээн Ү Ноён хутагтыг тодруулсан байдаг. V Ноён хутагт Лувсанданзанравжаа 1803 онд Зүүн Сөнөдийн Дулдуйт хэмээх Өлзийтийн гэр бүлд Халхын Түшээт хан аймгийн Мэргэн засгийн хошууны нутагт лагшин мэндэлжээ. Ноён хутагт Лувсанданзанравжаа Монголын бурхны шашны их зүтгэлтэн төдийгүй гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, хэл шинжээч, эмч, газар шинжээч, зураач, багш зэрэг олон салбар ухаанд гарамгай нэгэн байв. Тэрбээр Өвөр баясгалант Хамрын хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Улаан сахиусны хийд зэрэг олон сүм хийдийг байгуулжээ.
Дорноговьчууд говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтан Оюуны бүтээл туурвих, соён гэгээрүүлэх, Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр зохион байгуулагдаж Хутагтын гурван шүтээнийг дүрсэлсэн үзүүлбэр, Ноён гэгээний бага, залуу насыг харуулсан зохиомжит найруулгаар үзэгчдэд хүрсэн нь нэн сонирхолтой байлаа. Ойн арга хэмжээнд Дорноговь аймагтай найрсаг харилцаатай БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.
Соён гэгээрүүлэгч Говийн V ноён хутагт Данзанравжаагийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн нийт 22884 өрх тус бүрд хутагтын дүрийг бэлэг болгон өгсөн байна.