Шинжлэх ухааны доктор Х.Ыханбай саяхан гаргаж нээлтээ хийсэн “Ойн тухай нийтийн ойлголтод” номын борлуулалтын орлогоосоо Баян-Өлгий аймгийнханд хандив өргөнө гэв.
Тэрээр хэлэхдээ, “Ой мод газрын усны урсгалыг 75 хувиар бууруулж байдаг юм. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн улмаас 1900 орчим өрх айл гарз хохирол амссан байна. Ой мод, ойжуулалт хийсэн байсан бол тийм үер болохгүй байсан. Иймээс бид үерийн хохирлыг багасгахад номын борлуулалтын орлогоос хандив өргөх болно” гэсэн юм. Ойг хамгаалах эрхзүйн орчин, ойн менежмент зэрэг Монгол орны ойтой холбоотой бүхий л мэдээллийг багтааж эмхэтгэсэн түүний номыг ШУА, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газар, байгаль орчин, хөгжлийн “ЖАСЫЛ” холбооны хамтарсан мэргэжилтнүүд, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжин гаргасан юм. “Ойн тухай нийтийн ойлголтод” ном 40.000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.