Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгөв.
Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн юм.
Доктор Мариа-Катарина Ланг нь хилийн чанадад монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалаар дамжуулан Монголын түүх, соёлыг олон улсад таниулах, монгол угсаатны зүйн эд өлгийн цуглуулга болон соёлын чиглэлээр олон улсын бага хурал, лекц семинар, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.