1996 онд “Улаанбаатар” сонины урилгаар Японы олон ангит “Ошима” киноны бага Ошимагийн дүрд тоглосон жүжигчин Аяако Кубаяиши зочлон ирсэн билээ. Сонины редакцийнхан Автай сайн ханы өргөөнд уулзалт хийгээд зургаа татуулсан нь энэ. Зураг дээр арын эгнээнд хоёр охины дунд зогсож байгаа нь Аяако Кубаяиши… Хамгийн урд эгнээний дунд суугаа нь их Гүр Нямдорж.
Нэрт орчуулагч Г.Акимын эрхлэн гаргадаг “Ил товчоо” сонин Монголын чөлөөт хэвлэлийн түүчээ байсныг би одоо хүртэл мартдаггүй. 1994 онд Үржингийн Хүрэлбаатарын “Манцуйлсан Улаанбаатар” сонинд хөдөөнөөс би ирээд ажиллаж байсан үе. Манай сонины хоёр давхар цагаан байшингийн үүдээр Монголын нэртэй төртэй уран бүтээлчид цувдаг байв. Тэгэхэд л анх удаа Гүр Нямдоржийн царай зүсийг ойроос харж билээ. Сэлбийн гүүрний шавар арслан шиг хүрлийсэн бараан царайтай, үг дуу цөөтэй, хаанаас нь энэ ийм их авьяас гардаг юм бол гэж гайхмаар, ургуулан бодоход уул хадаар тэнэдэг “Геологийн хүн” баймаар хачин нөхөр харагдаж байсан сан. “Ил товчоо” сонин тэр үед Одоогийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын гуравдугаар давхрын баруун жигүүрт байрлаж байсан. Г.Аким манайхыг Булганы төвд байхад очиж байсан болохоор хааяа Ил товчоогоор орно. Тэгэхэд одоогийн УИХын гишүүн Л.Энх-Амгалан, Гүр Нямдорж, нэрт орчуулагч Ж.Нэргүй нар ажиллаж байсан үе. Энх-Амгалан чинь их сайхан уянгын шүлэгтэй залуу байлаа. Нямдорж бид хоёр тэгэхэд л үерхэлийн “тусгаар тогтнолоо” эхэлж байв. Хааяа манай сонингоор хүрээд л ирнэ. Би нэг давхарын 17-р өрөөнд ганцаараа сууна. Тэр өрөөг тамхины утаагаар манантуулж мань хүн зохиолынхоо санааг ярьж надад сэнхрүүлэг өгнө. Би өөрөө үргэлжилсэн үгийн зохиолын хүн биш учраас сайн ойшоодоггүй байсан бололтой юм. Дараа нь тэр ярьж байсан юм нь сонинд нийтлэгдсэнийг үзээд үнэхээр авьяасаар “өвчилсөн” хүн юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Түүний бичсэн Хайкунууд хачин янзтай. “Дөрвөн намрын Энэ цагаан мөөгийг Дү Фүгийн ээжид өгөхсөн…” гэнэ шүү дээ. Яасан ч их чихэлдсэн авьяас байсан юм бэ? Сүүлд манай сонинд сэтгүүлчээр ирж бид хоёр нэг өрөөнд суудаг боллоо. Тамхиа баагиулж сууснаа нэг харахад гараад явчихсан байна. Удсангүй ороод л ирнэ. Мань хүн Беоломорканал буюу Цагаан далайн суваг ойр ойрхон угсруулна. Би ч бас дутахгүй тэр үеийн хямдхан орос янжуур ноцооно. Бид хоёр заримдаа бие биеийгээ олж харахааргүй утаан дунд суудаг сан. Орж гарч явах хоорондоо л хэзээ ч юм юмаа биччихсэн байдаг нь маргаашийн дугаараас нь олж хараад гайхдаг сан. Сэтгүүл зүйн болон зохиол бүтээлдээ тийм л үзэгдэж харагддаггүй сонин хүн байлаа. 1996 оны зун мань хүн “Оргил” рашаан сувилалд хэд хоносон юм. Тэгэхдээ арваад тууж биччихсэн давхиад ороод ирсэн дээ. “Үнгээрэн бар” гэдэг гайхалтай сайхан туужийг нь манай сонин цувралаар нийтэлсэн. Эл туужаар киноныхон хоёр ангит уран сайхны кино хийчихсэн бол өнөөдөр мөн ч үнэтэй бүтээл болж үлдэх байсан даа. Энэ талаар би сониндоо асуудал болгон бичиж байсан ч яагаад ч юм нүд, сэтгэлийнхээ хорхойслыг уран бүтээлээр “жирэмслүүлэх” тийм овсгоотой найруулагч олдоогүй л юм даа… Түүний анхны ном нь “Гүнд цэцэг”, удаах нь “Авга гүний эрчүүд” өгүүллэгийн ном юм. Хөвсгөл аймгийн “Мөнгөн үсэг” компанид 1993 онд хэвлүүлсэн энэ шар алаг хавтастай жижиг номд “Манай эриний хүн”, “Нинжмэд”, “Танихгүй хүн”, “Цочоод сэрсэн заяа”, “Авга гүний эрчүүд” зэрэг таван өгүүллэг нь багтсан байдаг бөгөөд энэхүү номоо 1994 оны 09.16-ны өдөр гарын үсэг зуран надад дурсгасан нь миний сэтгэлийн болон номын хойморт залаатай байдаг юм. Манай хүн гараар бичих гэж сийлж өгнө. Зураачийнх нь увдис ч байж болох юм. Нэрт орчуулагч Ж.Нэргүй бид хоёр Нямдоржийгоо нэг удаа Төмөр замаас Гуравдугаар хорооллын эцэс рүү нүүлгэлээ. Манайхны нэрлэдэг “аавын цээж” тэргэнд авсаархан ачааг нь аччихсан бараг ханхай шахуу тэвшин дээр нь бид хоёр ёндогонуулаад буучихлаа. Одоо бодоход садангийнх нь айл байсан санагдана. Гурвуулаа нүүдэл суудлаа тэмдэглэн ганц хоёр лонх юм султгаад тарсан сан… Энэ мэт олон сонин учрал бий ч заримыг нь хагасаллаа. 1998 оны намар оройхон Богд уул нойтон манантсан өдөр гэнэт миний өрөөнд Нямдорж маань ороод ирэв. Том ногоон борооны бөмбөгөн цув нөмөрчихсөн, сүртэй нь аргагүй, өөрийнх нь “Авга гүний эрчүүд” өгүүллэгийнхээ баатар шиг салхи татуулан суусан сан. Бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байжээ. Нямдорж маань Мөрөнгийн төвөөс зүүн хойхно байх “Түнэл” хэмээх хөвчийн жижигхэн сууринд бурхны хутгийг олж, тэндээ л уран бүтээлийн хийгээд насан хутгийн тэтгэлэгт тэтгэгдсэн билээ. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн үгийн болон уран зураг, шог зургийн нэрт мастер байлаа. Мөн асар их уншиж гэгээрсэн сэрэл сэтгэмжийн соёрхолтон бүлгээ. Ямар сайндаа л идэр есийн жавар тачигнасан шөнөөр Түнэлийн дан байшиндаа үстэй дээл, дах дэгтий давхарлаж өмсөөд гартаа хөвөнтэй бээлий углачихсан ном уншаад сууж байсан гэдэг юм. Ямархан нулимстай бөгөөд өөрийнх нь шүлэглэсэн шиг бас яруухан дуулал байв аа.
Хемингуайн романыг уншиж уншиж
Цонх руу харвал зүс бороо асгарч байдаг
Пушкиний шүлгийг уншиж уншиж босвол
Хаалгыг минь цасан шуурга дарсан байдаг
Нацагдоржийн шүлэгнээс бүрхээр тогоо хөлөрч
Намрын мөнгөн хяруу гялав цалав хийдэг
Гүлрансын шүлэгнээс сүмэн өвс анхилнам
Гүйцээ бусдыг нь би бичнэ… хэмээн тунхаглаад
Тэнгэрийн хяр дээгүүр даван одсон ч одоо ч Түнэлдээ тамхиа баагиулсаар суугаа мэт над руу авьяасынх нь гэрэлт шуурга давалгаалан ирсээр л байдаг юм даа. Г.Нямдоржийнхоо дурсгалд зориулж би “Түнэлийн эрин”, “Жирийн биш” хэмээхүй хоёр шүлэг чадан ядан бичиж “Зэлүүд сарны галбир номдоо оруулсан билээ. Саявтар тэрлэсэн гурав дахь шүлгийн минь хүлээн авна уу?
Түнэлийн тэмдэглэл
Аглагхан Түнэлийн сайвар гудамжинд
Авьяасын салхи хаанаас үлээхийг
Нэг л хүн мэддэг байсан гэх юм.
Нэр нь “Манай эриний хүн”… …
Хойшоо урагшаа сугарсан
Хэдэн шавар байшин
Ховч хүүхнүүдийн амны зугаа шиг
Одоо ч тэндээ л суугаа гэх юм
Лаа, чийдэнгийн гэрэл холилдсон
Лайтай харанхуйн хонгилоос
Хэмингуэйн роман хэл орж
Хэн нэгэн Пушкинтай сугадалцан
Ирж явах шиг үзэгдээд
Эндээ л төгсөнө… …
Бүрэнхий Түнэлийн хяр дээгүүр
Бүтэн сар мандахыг хүлээж
Асаасан тамхиа утаатай нь тохсон
Аль цагийн үлдээсэн дүр чинь
Яг л дэргэд сууж байх юм.
Яасан ч их тэсвэр хатуужил вэ?
Бид хоёрын холдсон харгуй дээрээс
Би ч бас тамхиа асаалаа, нөхөр минь
Д.НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ Д.БАЯНТУНГАЛАГ