Categories
мэдээ нийгэм

Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэнэ

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Ойн хүрээнд Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулах юм. Яруу найргийн наадам энэ сарын 26-нд Дорноговь аймгийн “Соёмбо” цогцолборт болно. Түүнчлэн энэ сарын 27-нд Ноён хутагтын есдүгээр дүрийн гэгээнтэн Данзанлувсантүдэв аймгийн “Хүүхдийн ордон”-д сүсэгтэн олон түмэнд ерөөл айлдах аж.
XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.

Тэрбээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан туурвиж, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан гэж судлаачид үздэг.
Мөн түүний эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд эдүгээ шашин соёлын томоохон өв болон Дорноговь аймгийн төв Сайншанд хотын Данзанравжаагийн музейд хадгалагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *