Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл маргааш эхлэх бөгөөд нийслэлийн хэмжээнд ирж буй хичээлийн шинэ жилд 114 мянган орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.
Нийслэлд өнөөдөр төрийн өмчийн 222, хувийн хэвшлийн 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт хүмүүжих хүүхдийн хамралтын тоо 77.8 хувьд хүрэх урьдчилсан дүнтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын дарга хэлж байв. Тэрээр, “2018-2019 оны хичээлийн жилд нийт хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдсан дүн хичээл эхэлсний дараа буюу есдүгээр сарын эхний хагаст боловсролын салбарын статистик мэдээ гарах үед тодорхой болох бөгөөд одоо байгаа урьдчилсан тооцоогоор нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 146 мянга орчим хүүхэд хамрагдахаар байгаагаас 114 мянга хүүхдийг төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хамруулах боломжтой байгаа” гэв. Түүнээс гадна өнөөдөр нийслэлийн хэмжээнд хүүхэд харах 143 төв ажиллаж 424 хүүхэд харагч 2100 гаруй хүүхдийг асарч байгаа аж. Өмнөх жилүүдэд 100 хүүхэд тутмын 69 нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол өнгөрсөн жил 72 болж өсч байсан бол энэ жил 78 болж хамран сургалт нэмэгдэнэ гэсэн тооцоотой байна. Өнөөдөр эхэлж буй цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилж, бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар цэцэрлэгт орох хүүхдүүдийг сонгох ажээ. “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийсэн гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.