Үндэсний төв номын санд хадгалагдаж буй 35 мянган ном судар, баринтаггүй, нэн яаралтай баринтгийг нь солих шаардлагатай байгаа тухай мэдээлэл телевизээр үзэж ахмад настнууд өөрсдийн санаачилгаар 300 орчим номын баринтаг урлажээ. Тэд өнөөдөр эдгээр баринтгаа Төв номын сангийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Лүн сумын уугуул, Сэргэлэн сумын суугуул өдгөө 72 настай Н.Цэндсүрэн ярихдаа, “Өнгөрсөн жил зурагтаар баринтаг хийж байгаа хүмүүсийг хараагүй бол энэ санаа төрөхгүй байлаа. Миний эмээ “Номонд баринтаг хийхэд хүнд дээл оёсонтой ижил буян болдог” гэж ярьдаг байсан. Олон зууны тэртээгээс өртөөлөн ирсэн монгол түмний түүх соёл, ёс заншлыг хадгалж ирсэн ном судруудад баринтаг хийж өгсөндөө баяртай байна. Олон зуун жилийн түүхтэй ном соёл сайхан хадгалагдаж, үр хүүхдүүдэд хүрч, та бүхэн цаашид уламжлан түгээгээсэй гэж бодож байна. Номын цагаан буян дэлгэрч олон хүмүүс ховор түүхтэй номуудыг “дээлтэй” болгоосой” гэв. Ахмад настнууд баринтаг оёход шаардагдах материал хэрэгслийг өөрсдийн тэтгэврээсээ илүүчилж, хүүхэд, гэр бүлээсээ хандив авч урлаж дуусгасан байна. Үүгээр зогсохгүй ойр орчмын өндөр настнуудаа эл үйлсэд гар бие оролцохыг уриалж, хамтдаа 293 баринтаг оёж дуусгажээ. Тэрбээр 108 номын баринтаг хийхэд 10 хоногийн хугацаа зарцуулсан бөгөөд сүсэг бишрэлээр хийж байгаа учраас хэцүү байгаагүй хэмээж байв. Үүнээс гадна хоёр хүүхдээс нь тус бүр 15 баринтаг, сумын өндөр настан н.Цэвэлмаа, Я.Жавзандулам, н.Жавзмаа тэргүүтэй хүмүүс баринтаг бэлэглэж байгаа аж. “Номын баринтаг” төсөл энэ онд дуусах аж.