Categories
мэдээ нийгэм

80 орчим айлыг үерээс хамгаалжээ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явуулав.

Сүүлийн үед бороо хур элбэгтэй байгаагаас шалтгаалан орон сууцны хорооллын зарим айлын дээврээс ус нэвчсэн тохиолдол гарчээ. Хотын захирагчийн албанаас эдгээр байруудад очиж ажилласан байна. Ус нэвтэрч байгаа гэх эдгээр дээврүүдийн засвар 2016 оноос өмнө хийгдсэн дээврийн ажлууд байна. Иймээс Хотын захирагчийн албанаас холбогдох байгууллагуудад дээврийг засварлах үүрэг чиглэл өгчээ.

Мөн Уртын гол, Яргуйт, Их залуу зэрэг багуудад очиж үерийн ус зайлуулах суваг шуудууг газар дээр нь үзэж танилцсаны үндсэн дээр зарим нэгэн суваг шуудууг сэргээн засварлаж, 400 орчим метр газарт үерийн суваг шинээр татах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр 80 орчим айлыг үерийн усанд автахаас хамгаалж чаджээ.

Иргэд хашаагаа дур мэдэн өргөсгөж, үерийн ус зайлуулах суваг шуудууг хаасан, хогоо асгасан зэргээс шалтгаалан дээрхий суваг шуудуу ус нэвтрүүлэх чадвар муудсан байсныг цэвэрлэжээ. Мөн гэр хорооллын гудамжуудад борооны ус ихээр тогтож хүн, машин явахад хүндрэлтэй болсон хэсгүүдэд хайрга дайрга асгах ажлыг зохион байгуулж эхлэх гэж байна.

Тус аймагт ашиглагдаж байсан хоёр карьерийн хайрганы нөөц дууссан тул БОАЖЯ-аас хаасан юм байна. Тиймээс хайргыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гуйж авч байгаа гэлээ. Түүнчлэн гудамжууд руу орох хэсэгт автомашины орц, гарч шинээр хийх шаардлагатай байгаа бөгөөд мөн л “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ган хоолой авч буй аж.

Баян-Өндөр сумын зүгээс хотын ногоон бүсэд орж буусан мал бүхий айлуудыг нүүлгэх арга хэмжээ авч ажиллажээ. Орон сууцны хорооллуудын подвальд нохой бөөс ихээр үржсэн нь “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн засварчид орж ажиллахад эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгаа талаар мөн тус компанийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн мэдээллээ.

Шуурхай хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал төрийн албан хаагчид ажлын цаг ашиглалтыг сайжруулах талаар үүрэг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *