Categories
мэдээ цаг-үе

С.Доржсүрэн: Халтмаа гуай чинь миний мастер багш юм шүү дээ

Нам, төрийн ахмад зүтгэлтэн Сандуйжавын Доржсүрэнтэй ярилцаж байна. “Хөнгөн үйлдвэрийн” гэсэн тодотголтойгоор нэгэн жарныг үдэж яваа энэ хүний амьдрал, хувь тавилан сонин юм.

-Доржсүрэн гуай та чинь аль нутаг усны хүн билээ?

-Би Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Баянзүрх хайрханыхаа Хөшөөтийн Дэл мод гэж газар төрсөн юм гэнэлээ. Манай улсад 535 овоо тахидаг байсны долоог нь төрийн тахилгатай уул овоо болгосны хоёр нь манай суманд Нөмрөгийн уул, Баянзүрхийн уул гээд овоог нь одоо хүртэл тахиж ирсэн. Миний унасан газар, угаасан ус минь баян сайхан хангай л даа.

-Аав ээжээ дурсах уу?

-Аав ээж хоёр минь жирийн л малчид. Аав минь мал маллахын зэрэгцээ уран дархан хүн байсан. Мөнгө, төмрөөр бол, юу л бол юу хийнэ. Аавын урласан мөнгөн аяга, эмээл хазаар, төмөр зуух, сав суулга, одоо хэрнээ Нөмрөгийн айлуудад байдаг л юм. Ээж маань сүү, цагаан идээ сайхан боловсруулдаг, их л уран хүн байсан даа. Би таван охин, дөрвөн хүүтэй айлын отгон хүү нь.

-Отгон хүү жаахан эрх, мал дагаж өсөв үү?

-Нэг сонин тохиолдол боллоо. Би чинь Нөмрөг сумынхаа дунд сургуульд сураад, мал маллах ажилтай. Ах нар цэрэг, сургууль гээд яваад өгсөн. Аав ээжийнхээ ажилд тусалдаг нь би л дээ. Хаврын нэг цастай хүйтэн өдөр би малд яваад төөрчихлөө. Тэр тэсгим хүйтэн шөнө, эзгүй талд ганцаараа. Зүг чигээ алдчихсан. Тэгтэл аавын маань хэлж байсан үг гэнэт санаанд орлоо. “Шөнө төөрвөл мориныхоо цулбуурыг сул тавиад, жолоогоо бүсэндээ хавчуулчихаад яваад байдаг юм шүү. Морь гэдэг амьтан гэрээ олоод л ирнэ” гэсэн үг санаанд орж морио сул тавилаа. Морь маань яваад л байна. Их явсан даа. Гэнэт нохойн дуу гарлаа шүү. Манайх дондор, бүргэд гэж хоёр нохойтой, дуу нь мөөн. Ингэж хөлдөж үхдэгийн даваан дээр гэрээ олж ирсэн юм. Аав ээж минь сандарчихсан, том ах цэргээс халагдаад ирчихсэн “дүү минь ингэж амьдарч болохгүй” гэж үглэж сууна.

Тэгээд яаж амьдрахаар шийдэв?

-Тэд сургуульд явуулах л юм яриад эхэлсэн. Аймаг сумаар ч хөөцөлдөх шиг боллоо. Надад техникумын хувиар авч өгөөд Улаанбаатар хотод Чойндон ах руу маань явуулж байгаа юм. Ингэж би 16-хан настайдаа энэ их Өргөөний босго алхсан хүн дээ.

-Хотод ирчихээд ямархуу амьдарч байв?

-Чойндон ахындаа буулаа. Тэднийхээс өөр таних амьтан хүн байхгүй. Ах юу гэнэв, тэр л хууль.

-Нөгөөх зорьж ирсэн техникумдаа оров уу?

-Нутагтаа долдугаар анги төгсчихсөн, техникумд ороход алзахгүй дээ л гэж бодож байсан. Тэгтэл нэг өдөр Чойндон ах маань сургуульд орох гэж яараад хэрэггүй ээ. Би чамайг сайхан ажилд оруулаад, оройн сургуулиар аравдугаар анги төгсгөчихнө. Цаашаа суралцах зам чинь чөлөөтэй болно гэдэг байгаа. Би ахын үгнээс зөрөх эрхгүй. Тэгээд ч ажил хийж арав таван төгрөг олох нь надад сайхан санагдлаа. Ингэж би Чойндон ахыгаа дагаад, тэр үеийн хамгийн том үйлдвэраж үйлдвэрийн комбинатын Гутлын үйлдвэрийн хаалгаар орсон хүн дээ. Арван зургаахан настай байж.

-Ийм жаахан хүүхдийг чинь ажилд авдаг байсан юм уу. Насанд хүрээгүй, энээ тэрээ гээ биз дээ?

-Чойндон ах маань л аргалсан байх. Том цехэд, олон ажилчинтай, сүрдмээр газар байсан л даа. Бакалан гутлын өсгий өлмийг “винтов” машин дээр хаддаг ажилд анх дагалдангаар ороод төдхөн жинхэлсэн.

-Машин дээр ажиллах амаргүй биз дээ?

-Дарга , мастер- багш, сайн нөхдийн ач буянаар төдхөн сурчихсан л даа. Манай мастер- багш Халтмаа гуай байсан. Одооны энэ Ерөнхийлөгч Баттулгын аав шүү дээ. Манай цехийн гурван мастераас хамгийн зөөлөн, ая дуу нь Халтмаа гуай. Хүнийг загнана гэж байхгүй, харцаараа л удирдана. Байнга ирж зөвлөнө, “ядарч байна уу” гээд л яг л хүүхэд шигээ ханддаг хүн байсан. Би дагалдангийн сарын хугацааг 18 хоногт дуусгаж шалгуулаад жинхэлчихсэн, ажилд сайн болохоор мастер-багш маань надад их сайн. Зүйл бүрээр дэмждэг байсан даа.

-Халтмаа гуай ер нь ямархуу хүн байв?

-Ажилд ирж очихдоо унадаг дугуйгаар явна. Дугуйг бол бидний л морио унадаг шиг сайхан эдэлнэ. Бор даавуу дээлтэй, саравчин малгай хазгайдуу тавьсан залуу байсан. Мастер- багш маань бидний ажлыг бүртгэж дүгнэнэ. Би өдөрт 135 хос гутлын өсгий өлмий хадах нормоо 150 хос болгож давуулж биелүүлээд эхний сард 300 төгрөгийн цалин авч билээ. Тийм их мөнгө барьж үзээгүй, ямар сонин байсан гээч. Ахдаа хэлсэн чинь “миний дүү өөрөө л хэрэглэ” гэлээ. Тэгээд би анхны цалингаараа аав ээжийгээ баярлуулах сан гэж бодлоо. Олон л янзын юм сэтгэлд орж ирж байна. Тэгээд жинчид дээр очиж, гурван зуун төгрөгөөрөө нэг сайхан шар тайлаг худалдаж аваад, нутгийн танил жинчнээр аав ээждээ явуулж билээ. Тэр үед манай нутагт тэмээ ховор. Ойр зуурын ачлага уналганд аав минь айлын тэмээ гуйдаг байсан юм. Тэгээд л анхны цалингаараа аав ээжээ баярлуулж байгаа нь тэр юм даа. Би чинь төлөвлөгөө нормоо тогтмол давуулж биелүүлээд цалин сайн авна. Мастер багш маань надад “Цалингаа хамаагүй битгий үр. Хурааж байгаад хэрэгтэй зүйл ав” гэдэг байсан. Сүүлд надад ИЖ-49 мотоцикл хүртэл авч өгсөн. Намайг өөрийн дүү шигээ л харж ханддаг байсан даа.

-Халтмаа гуай чинь бөхийн засуул байсан гэдэг бил үү?

-Гурван жил хамт ажиллаж байтал Халтмаа мастер маань дэвшээд Аж үйлдвэрийн комбинатын материал хангамжинд бригадын дарга болж дэвшсэн. Гэлээ ч бидний хэлхээ холбоо тасраагүй. Би тэднийхээр очдог, мастер маань хааяа таарахаараа бөх ярих дуртай байсан. Тэгснээ л бөхийн засуул болчихсон, намайг очиж бөх үз гэдэг байж билээ. Үндэсний бөхийн засуулаар олон жил ажилласан даа. Тэгээд хоёр хүүгээ бөх болгосон байх.

-Гутлын үйлдвэртээ олон жил ажилласан уу?

-Гурван жил ажилласан. Тэгж байтал тэргүүний залуу ажилчдаасаа гадаадын дээд сургуульд явуулна гээд, хүндэт самбарт зураг нь гарсан намайг хамгийн эхэнд оруулсан юм. Тэр үеийн Чехословак улсын дээд сургуульд явуулахаар бүх бичиг баримтаа бүрдүүлчихээд байлаа. Аж ахуйн газруудаас энэ жил 27 хүүхэд гадаадын дээд сургуульд явуулахаас би гутлын үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр явах байсан юм билээ. Өнөөдөр Намын төв хорооны боловсон хүчний хэлтэст цуглаж, маргааш зардал мөнгөө аваад л явах юм боллоо. Тэгтэл ах маань аминчлан ярьж байна. “Чи шинэ тутам эхнэр авсан. Эхнэр чинь гэдсэндээ хүүхэд тээчихсэн. Ийм нөхцөлд харь оронд сурахаар явж болж байгаа юм уу. Чамайг гадаадад тав зургаан жил болохыг энэ хүүхэн, хүүхэд хоёр чинь хүлээхгүй л байх даа. Дотооддоо сургуульд орж болоогүй юм уу!” гэж байна. Би энэ авгайтайгаа суугаад жил л болж байсан юм. Би чиньтэр шөнөжин бодлоо. Нээрээ л амьдрал шинээр зохиох гэж байдаг, би хол газар удаан хугацаагаар сургуульд явчихдаг, юу л болж байна даа? гээд нэлээн эргэлзэж эхэллээ. Маргааш нь МАХН-ын Төв Хороон дээр нөгөө 27 хүүхэд цуглалаа. Лувсанцэрэн, Жадамбаа гэхчлэн дарга нар хүлээж аваад гадаадад суралцах нөхцөл байдлыг танилцуулаад “асуух зүйл байна уу” гэлээ. Бадамсүрэн гэж хүүхэд босоод, аав ээжийн бие муу, гадаадад явмааргүй байна гэлээ. Би ч нэлээн зориг орчихсон, дараа нь бослоо. “Эхнэр бие тулгар. Би дотооддоо сургуульд ормоор байна” гэлээ. Дарга нар ч олон юм хэлсэнгүй. “За тэгвэл энэ хоёрыг хаслаа. Төсөв зардлыг хасна шүү” гээд нөгөө 25 хүүхдийг баталчихаж билээ. Тэгээд надад МУИС-ийн эдийн засгийн ангийн хуваарь өгсөн юм. Ингэж би 1966 онд сургуулиа төгсгөж байлаа.

– Буцаад л Гутлын үйлдвэртээ очив уу?

-Үгүй дээ. Миний бодол бол гутлын үйлдвэртээ л очих сон гэж байгаа. Тэгсэн чинь Намын төв хорооны боловсон хүчин болсон, хаана ажиллуулахаа нам мэднэ гэв. Тэгээд Хөнгөн хүнсний үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин гуай дээр орууллаа. Саяхан хөдөлмөрийн баатар болсон Дамдин гуай шүү дээ. П.Дамдин дарга нэг хүнд “Дангааг дууд” гэсэн чинь Дангаа дарга төдхөн ороод ирлээ. Т.Дангаа гэдэг маань Аж үйлдвэрийн комбинатын (АҮК) намын хорооны дарга, Ардын Их хурлын депутат, Намын Төв хорооны гишүүн байсан хүн. П.Дамдин сайд Дангаа дарга руу шууд л “Шинэ системийн ажлыг энэ нөхөрт хариуцуул” гэдэг байгаа. Т.Дангаа толгой дохиод намайг хөтөлж гарсан. Тэгээд би АҮК-ын дэргэд дөнгөж байгуулагдаж байсан “Эдийн засгийн шинэ системийг туршин нэвтрүүлэх групп”- ийг ахлаж газар газраас ирсэн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнуудтай гар нийлж ажилласан юм.

-Нэгэн үед эдийн засгийн шинэ систем гэж их яригдаж байсан. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Социалист орнуудын дунд эдийн засгийн харилцан туслах зөвлөл (СЭВ) ид хүчээ авч байсан үе. Эндэхийн туршлагыг үйлдвэр аж ахуйн газруудад туршин нэвтрүүлэх зорилготой юм. Үйлдвэрийн ашгаасаа тусгай фонд байгуулж ажиллах юм. Гурван фонд байгуулсан. Шагналын фонд, нийгэм соёлын арга хэмжээний фонд, үйлдвэр хөгжүүлэх фонд гурвыг байгуулж уялдаа холбоотой 2 жил ажиллуулсан. Хоёр жилийн дараа энэ ажлынхаа үр дүнгээр үзэсгэлэн байгуулж билээ . 22 үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж тавигдсан энэ үзэсгэлэнг Ж.Батмөнх тэргүүтэй Намын Төв хорооны улс төрийн товчоо ирж танилцсан юм.

-Товчооны гишүүд юу гэж байх юм?

-Өндөр үнэлсэн. Батмөнх дарга надаас: Нэг гэрт хэдэн метр эсгий ордог юм? Эсгий гутлын хэдийг нь цэрэгт, хэдийг нь малчдад гаргадаг юм? гэхчлэн асуусанд би хариулсан. Ер нь их том үзэсгэлэн гаргасан даа. Товчооны гишүүд: “Аргагүй л нүд тахлах юмтай боллоо” гэж баярлаж байсан сан.

-Шинэ систем нэвтрүүлсэн гээд нэг үе таныг их л магтаж байсан шиг санагдах юм. Тэгээд яалаа?

-Нэг өдөр хотын намын хорооны Д.Бямбаа дарга дуудаж “ЗХУ-д коммунист намын дээд сургуульд явуулна” гэлээ. Би бас л нэг гачигдалтай үе таарсан. Энэ удаа явж чадахгүй нь гэсэн чинь дотооддоо намын дээд сургуульд оруулчихаж билээ. Гурван жил суралцаад, зарим шалгалтаа ч өгч амжаагүй байтал Намын Төв хороонд дуудаад “Эрдэнэтийн намын хороонд хүн хүч хэрэгтэй болоод байна. Яаралтай тийшээ оч” гэлээ. Ингэж би “Эрдэнэтийн хүн” болсон юм даа.

-Эрдэнэтийн намын хорооны дарга чинь Ж.Банзрагч байгаа биз дээ?

-Тэгсэн. Намайг Банзрагч даргын харьяанд шинэ дутам байгуулагдаж байгаа Эрдэнэт хотын үйлдвэрлэлийн цогцолбор хариуцсан намын хорооны д арга бол гож байгаа юм. “Эрдэнэт хивс”, Хялгантын мод бэлтгэх аж ахуй зэрэг томоохон үйлдвэр үйлчилгээний газрууд харьяалагдаж байсан л даа. Хэдэн жил намын ажил хийж байснаа мэргэжлийн дагуу Эрдэнэтийн Хивсний комбинатын эдийн засаг нийгмийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Би танаас нэг зүйлийг сонирхъё. Эрдэнэтийн хивсний комбинат Монголдоо байтугай, дэлхийд ховорхон үйлдвэр байсан гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар жаахан тодруулах уу?

-Ер нь том үйлдвэр шүү. Жилд 1,5 сая хавтгай дөрвөлжин метр хивс үйлдвэрлэдэг байсан юм. Нэг метрийн өргөн хивсийг Улаанбаатараас БаянӨлгий өнгөртөл дэвсэнэ гэсэн үг. Аугаа байгаа биз. Тэр их хивсний голыг ОХУруу, дамжуулаад Европын социалист орнуудад гаргадаг байсан. Дотоодын хэрэгцээг бол бүрэн хангасан л даа. Оросууд бидэнд, томоохон орд газруудыг түшиглээд хот тосгон, ийм том үйлдвэр аж ахуйн газруудыг барьж өгч байсан юм. Одоо Рио Тинтог хар даа. Арван хэдэн жил Оюу-толгойг ухаж зөөсөн хэрнээ, одоо хэдэн цэнхэр амбаар л байна шүү дээ. Дэндүү харамсалтай юм.

– Таны чинь гавьяа шагнал юусан билээ . Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болчихсон бил үү?

-Ерөөлөөр болог. Ийм яриа гарсаар байгаад замхарсан шүү дээ. Дээр үед авсан алтан гадас одон л бий.

– Г э р б ү л и й н х э э амьдралаас сонирхуулах уу?

-Эхнэртэйгээ дээр үед АҮК-аас өгсөн орон сууцандаа амьдарч байна. Хүүхдүүд тусдаа гарсан.

Г.ЖАМЪЯН (МУСГЗ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *