Монгол Улс 2003 оноос далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг Сингапур улсаас эхлүүлсэн байдаг. Энэ нь манай улсын хѳлѳг онгоцны бүртгэл дэлхийд Люксeмбург, Щвейцарь улсуудын дараа далайд гарцгүй орнуудын үүсгэн байгуулсан гурав дахь хѳлѳг онгоц бүртгэлийн газар болон гарч ирсэн түүхтэй. Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй юм байна.
Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү. Энэ нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл ажээ. Монгол Улс энгийн (энэ нь дотроо түр ба байнгын), богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар манай улс нийт таван улсад итгэмжлэсэн агент томилон ажиллаж, мөн “Lloyd’s Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажиллаж, хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулж буй юм байна. Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог. Монгол Улс Хөвсгөл нуурт онгоц аялуулж эхлээд 100 гаруй жил, яг усан замын тээврийн салбар үүссэн 60 гаруй жилийн түүхтэй. Далайн тээвэр гэдэг нь зөвхөн нэг орны асуудал биш, дэлхийн орнуудыг хамарсан асуудал учраас дэлхийн болон улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр даган, хөгжин хувьссаар иржээ. Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулдаг.
Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын далбааг мандуулан далайд гардаг байнгын бүртгэлтэй 320 хөлөг онгоц байжээ. Тодруулбал, Сингапурын 121, Малайзийн 44, Вьетнамын 27, Панамын 24, Хонгконгийн 25, Индионезийн 18, Хятадын 13, Малтийн таван хөлөг онгоц манай далбааг мандуулж байсан аж.
Манай далбааг Сингапур хамгийн ихээр ашигладаг байна. Учир нь Монгол Улс Сингапуртай “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани байгуулан бүртгэлээ тэндээ явуулдаг. Газар зүйн байршлын хувьд ч, далбаа ашигладаг хамгийн олон онгоцтой гэдэг утгаар ч харилцаа холбоо сайтай ажилладаг аж.
Монгол Улс далбаагаа ашиглуулсныхаа хувьд хөлөг онгоцуудад бүрэн шалгалт хийх эрхтэй. Тодруулбал, манай далбаатай хөлөг онгоц хаана, хэдийд явна тэнд очиж шалгах боломжтой. Гарах зардлыг тухайн хөлөг онгоцыг эзэмшиж байгаа улс даадаг аж.
Монгол Улсын хувьд Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хоёр гол хуулиар, мөн далайн салбарын олон улсын конвениудаар зохицуулагддаг. Монгол Улс 26 орчим олон улсын гэрээнд нэгджээ. Дамжин өнгөрөх тээвэр, аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, хог хаягдал, тээвэр зэрэг олон хууль тогтоомж мөрдөх ёстой байдаг ажээ.
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна. Зарим тохиолдолд тухайн хөлөг онгоц зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал тухайн нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулагддаг ажээ. Хэрэв ямар нэгэн хэрэг, зөрчил гарвал хөлөг онгоцны ахмад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаа явуулах бүрэн эрхтэй юм байна.