Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний зээл эхний улирлын байдлаар өнгөрсөн оныхоос 28 хувиар өсчээ

Өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Эдийн засаг өсч байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь 2 дахин өссөн үзүүлэлт.

Өрхийн өр нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хурдтай өсч буй хэрэглээний зээл. Банкны системийн хэмжээнд 2018 оны I улиралд нийт зээл 11.4 хувиар, үүнээс бизнесийн зээл 1.9 хувиар, хэрэглээний зээл 47.3 хувиар өсчээ.

Хэрэглээний зээлийг дагаад өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өсч 9.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт зээлийн 57.6, үүнээс хэрэглээний зээл нь 23 хувийг бүрдүүлж байна. Мөн хэрэглээний шинжтэй импорт эхний улирлын байдлаар өнгөрсөн оноос 28 хувиар өсчээ.

Харин бизнесийн салбарын зээлийн өсөлт сүүлийн есөн улирлын туршид дунджаар 1.5 хувьтай байж байгаад таван сарын байдлаар 5 орчим хувь болж өсч эхэлж байна. Бизнесийн зээл дорвитой өсөхгүй, зөвхөн хэрэглээний зээлд банкуудын зээлийн эх үүсвэр зарцуулагдах нь цаашид ажлын байр, иргэдийн орлого дорвитой нэмэгдэхгүй байх. Төлбөрийн тэнцэл, өрийн дарамт нэмэгдэх, санхүүгийн салбарт зээлийн чанар муудах эрсдэл хуримтлагдах зэрэг сөрөг үр дагавар үүсэх аж.

Улс орнуудын түвшинд хийгдсэн судалгаагаар өрхийн өр нэмэгдсэнээр дунд хугацаандаа буюу гурав орчим жилийн дараанаас нийт хэрэглээг бууруулах замаар эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ. Манай улсын хувьд өрхийн өрийн одоогийн түвшин нь дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд хүрсэн гэх судалгааны дүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *