Categories
мэдээ нийгэм

Малаа эрүүл байлгахад малчдын хариуцлага чухал

2018 оны 7 дугаар сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалт нь хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа учраас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол зохицуулалт, хуулиар малчин, мал бүхий этгээдийн хүлээх үүрэг, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээний талаар танилцуулъя.

Мал сүрэг бол үндэсний баялаг. Мал, амьтан эрүүл байх нь нийгмийн эрүүл мэндийн нэг баталгаа учраас мал, амьтнаа эрүүл байлгахад малчин, мал бүхий этгээдийн үүрэг хариуцлага чухал. УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай бие даасан хуулийг 2017 оны 12 дугаар сарын 8-нд батлан гаргаж, 2018 оны 6 дугаар 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Хууль мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих үндсэн зорилготой. УИХ, Засгийн газраас нэн тэргүүнд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого барьж байна. Тиймээс мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ерөнхий болон тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуульд заасан.

Ерөнхий арга хэмжээ гэдэгт хашаа байр, тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиулах, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтэл хийлгэх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэг хамаарч байна.

Тусгай арга хэмжээ гэдэгт малын халдварт, гоц халдварт өвчний талаар тархвар зүйн судалгаа, лабораторийн шинжилгээ хийх замаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө гарган, төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалт хийх юм. Ийнхүү урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсны үндсэн дээр мал, амьтныг аливаа өвчнөөс хамгаалж чадна гэж үзэж байна.

Нэгэнт мал, амьтны халдварт өвчин гарлаа гэхэд халдварт өвчнийг шуурхай оношилж, яаралтай хариу арга хэмжээ авч, халдварын голомттой, сэжигтэй, хамгаалалтын, өвчингүй бүсийг тогтооно. Хорио цээрийн дэглэмийг хатуу чанд мөрдүүлж, бэлэн байдлын улсын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулж, нийтэд мэдээлнэ зэрэг олон чухал зохицуулалтыг хуульчилж өгсөн. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо шинэ шатанд гарч, Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг гэсэн босоо удирдлагатай, нэгдсэн тогтолцоонд шилжсэнээр мал эмнэлгийн үйлчилгээ илүү чанартай, хариуцлагатай, хяналттай болох нөхцөл бүрдэж байна.

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүлээх үүрэг

  • Мал, амьтны хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэврийг сахих
  • Малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглах
  • Хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт гамшгаас бусад тохиолдолд мал хорогдсон бол мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах
  • Хот, суурин газарт мал, амьтан маллаж байгаа иргэн нь нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулахгүй байх
  • Мөн мал, амьтнаа ялган тэмдэглэж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний талаар бүртгэл хөтөлж байх
  • Мал, амьтныг нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах зорилгоор сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авах
  • Өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруйд үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах
  • Дархлаажуулалтын үед мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах

Тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж яваа мал, амьтныг хяналтын цэгт үзлэг хийлгэх, лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаанаас гарах зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээд гаргана.

Хэрэв мал, амьтнаа тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамруулаагүйгээс бусдад хохирол учирсан бол, уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна.

Мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хүлээх үүрэг

  • Мал, амьтны халдварт өвчингүй, тайван бүс, нутагт байгаа мал, амьтан өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь холбогдох заавар, зөвлөмжийн дагуу шинжилгээнд тогтмол хамруулах
  • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэх
  • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх
  • Өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах
  • Малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх
  • Сум, дүүргийн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед төлөвлөгөөнд тусгагдсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах
  • Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх

Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хүлээх үүрэг

  • Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авах
  • Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаархи мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж, баримтжуулах

Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлана.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  • Малын хариулга, маллагаагаа сайжруулах, малаа ажиглах
  • Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах
  • Зун, намрын улиралд малаа угаалганд бүрэн хамруулах
  • Өвөлжөө, хаваржаа бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх
  • Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчдээ дуудлага өгч, үзлэг хийлгэх, онош тогтоолгох
  • Дур мэдэн оношлох, эмчлэхээс зайлсхийх
  • Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх
  • Зайлшгүй тохиолдолд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах
  • Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах
  • Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс, аймаг, сумаас мал худалдан авахгүй байх, мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх
  • Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг, сумдаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх
  • Малын өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөх
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах, малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх, бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэхгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *