Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ойрдууд

Ойрд гэсэн нэр (Oirat) анхлан 1202 онд үзэгдсэн байдаг. Уг онд Найманы вангийн дүү Буйраг, Мэргидийн тэргүүн Тогтайбэх, Ойрдын тэргүүн Хутугбэх нар хавсран Чингис хааныг цэрэглэн дайрсан боловч чадалгүй гэдрэг буцжээ. Дараа жил нь Хангайн нуруунд дахин тулалдсан боловч ялагдсан. 1208 онд Чингис хаан Эрчис мөрөн зүг цэрэглэхэд Ойрдын Хутугбэх цэрэг гарган тусалж итгэлийг олсон байна.[i] Ойрдууд Шишгэд гол болон өнөөгийн Тувагийн нутаг дахь Енисей мөрний эхээр амьдардаг байжээ. Рашид ад-Диний өгүүлснээр ойрдуудын хэл нь монгол боловч аялга нь баахан зөрүүтэй аж.[ii]

Чингисийн үед байсан 40 түмнээс Юань гүрний дараа Баруун гарын гурав, Зүүн гарын гурван түмэн үлдсэн ба үүний гадна Ойрдын Дөрвөн түмэн байлаа. Иймээс чухамдаа зургаан түмэн монгол, дөрвөн түмэн ойрд гэх үг гарсан ба мөн хуучин заншлаар бүх Монголыг Ойрдын хамтаар дөчин дөрвөн хоёр гэх ч бий. Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагджээ. Баруун Монгол нь дөрвөн түмэн ойрд, эсвэл товчоор дөрвөн ойрд гэсэн нэртэй болов.

Ойрд гэсэн нэрийн гарал эдүгээ болтол тодорхой биш. Ойн иргэд, ойн ард гэснээс гаралтай гэж нэг хэсэг нь батлахад нөгөө хэсэг нь ойр төрөл гэдгээс гэж мэтгэдэг. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй учраас “өөлд” гэсэн нэршил үүссэн (Olot people) ба тэндээс орос хэлээр “олёт” гэх болжээ. Өдгөө өөлд гэж Зүүнгарын хамгийн хүчирхэг аймаг нь болох цорос овгийнхны удмыг нэрлэх ба Монголд 15 мянга орчим, Хятадын Хөлөнбуйр болон Шиньжаанд цөөн хэдэн мянган өөлдүүд бий. Одоо Ойрд гэсэн ерөнхий нэрийн дор захчин (33 мянга), торгууд (арван мянга), мянгад (долоон мянга), баяд (тавин мянга), дөрвөд (67 мянга), өөлд зэрэг угсаатны бүлгүүд Монгол Улсад амьдран суугаа.[iii] Үүнээс гадна 170 мянган халимаг Орост, 150 мянган торгууд Хятадад буй нь мөн ойрдууд юм.

Чингисийн үед ойрдууд Байгал нуурын баруугаар их хөвчид амьдардаг байжээ. Тэд малчин нүүдэлчин биш, харин хөвчийн ангаар амь зуулгаа хангадаг байв. Персийн сурвалжид ойрд нарын тухай бичихдээ:

Бусад монголчууд эсгий гэрт амьдарч мал малладаг байхад тэд балар хөвчид зөвхөн ан хийж амьдрах ба малчин нүүдэлчдийн амьдралаас эрс тэс ялгаатай. Тэдэнд ангийн арьсаар хучсан шовгор урцнаас өөр сууц үгүй. Өвөл болохоор тэд цасан дундуур тэнүүчлэн, гартаа барьсан саваагаар цас хатган урагшилж ан хоморго үйлдэнэ.[iv]

Хэдийгээр ойн анч ойрдууд талын нүүдэлчдэд аюул учруулж барахгүй боловч тусалж чадах байлаа. Хутугбэк хүн ардаа дагуулан шинээр тодорч буй талын их баатарт дагаар оржээ.

Жонатан Свифтийн Гулливерийн аялал зохиолд зэргэлдээ хоёр арлынхан өндгийг мохоо талаас нь хагалах уу, хурц талаас нь уу гэдэг дээр маргалдан дайн хийсэн тухай гардаг.[v] Үүнтэй адил нүүдэлчид хоорондоо далим л гарвал муудалцахад бэлэн байдаг. Японы эрдэмтэн Мияваки Жунко Халх-Ойрдын муудалцааны анхлан шалтгааныг ингэж тайлбарласан байдаг. 1394 онд сууринд суусан Элбэг хаан ойрдын Хохай тайвангийн ятгалгаар Хархүчлүг хунтайжийн үзэсгэлэнт эхнэр Зунждунгоог булаан авчээ. Тэгэхдээ нөхрийг нь алсан байна. Хүүхэн өшөө авахын тулд Хохайд архи өгч согтоогоод өөрийг нь хүчирхийлсэн болгож их хаанд матжээ. Хохайг хаантан алсан төдийгүй хүүг нь болон өөр нэг ойрд хүн болох Угчхашахын бас цаазалж. Энэ нь Монгол, Ойрд хоёрын арцалдах эхний шалтаг болсон гэх. Муудалцаан улам даамжирсаар Эсэн тайшийн үед ойрдууд Хубилайн удмыг таслахдаа хүрсэн гэнэ.[vi]

Халх-Ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ. Юань гүрний үеэс эхлэн муудалцаж, Юанийн дараагаас бүр ширүүссээр Манж Чин гүрний эрхшээлд орох хүртэл үргэлжилсэн юм. Ихэнх тохиолдолд ойрдууд зүүн Монгол руу довтолдог, зүүн монголчууд эргүүлж цохидог, хөөдөг дараалалтай байв. Гол шалтгаан нь малын бэлчээрийн төлөөх дайн юм. Ойрдууд эртнээс Алтай болон Соёоны нуруугаар нутаглаж ирсэн. Тэнд мод ургамал тарчиг, хад асга ихтэй шовх залуу уулстай. Ийм газар олон малд хүрэлцэх бэлчээр хомс, байгаль цаг уур ч илүү ширүүн догшин. Ийм болохоор ойрдуудын амьдрал зүүн монголчуудаа бодвол илүү зүдүү байжээ. Гэтэл Хэнтий, Хангай, Хянганы нуруугаар нутаглах зүүн монголчуудад бэлчээр хангалттай. Тэдэнд илүү нам дор газрын өргөн уудам уулс, тал, говь заяажээ. Цаг уур илүү тааламжтай, малын бэлчээр тэнүүн учир мал сүрэг амархан өсч үрждэг болохоор илүү чинээлэг амьдралтай.

Ид зөрчилдөөний үеэр ойрдууд довтолгооны “Дөрвөн ойрд” хэмээх холбоо байгуулсан бол талын монголчууд “Халх” хэмээх хамгаалалтын фронт шинээр сөргүүлэн буй болгосон гэлтэй. Зарим эрдэмтний баталж буйгаар цорос, хошуут, торгууд гэсэн гурван аймаг дээр ХVI зууны үед дөрвөд аймаг нэмэгдээд Дөрвөн ойрдын холбоо үүссэн ч гэдэг. Чингисийн шууд удмын монголчууд болох халх болон цахарууд түүхийн ихэнх хугацаанд нэгдсэн удирдлагатай байсан бол ойрдууд дотроо тийм хэлхээгүй байжээ. Иймээс дөрвөн ойрд гэдэг нь биенээсээ хамааралгүй дөрвөн гишүүний холбоо юм. Гэхдээ ихэнх түүхийн баримтаас үзэхэд дөрвөн ойрдод цорос, хошууд, торгууд, бас хойдууд байсан ба дөрвөдүүд хожим энэ холбоонд нэгджээ.

Халимагт торгууд, хойдууд, дөрвөд, хошууд ястан гаралтай ойрдууд амьдардаг. Тэдний хоорондын антропологийн ялгааг олохоор Чебоксаров (1935), Левин, Трофимова нар (1937), Ашилова (1976) антропометрийн судалгаа тус тус хийсэн байдаг. 1997 онд Оросын Шинжлэх ухааны академиас мөн ийм зорилготойгоор халимаг хүмүүст генетик судалгаа явуулжээ. Тэд зарим генетик маркерийн уургийн системийн аллелийн давтамжийг зэрэгцүүлэн гаргаж ирэх популяцийн генетик судалгаа хийсэн юм. Ийм төрлийн судалгааг Европын бүх үндэстнүүдэд хийснээр гарал үүсэл, хэн нь хэнтэйгээ холилдсон болох, нүүдэл суудлын хандлагыг тодорхойлсон. vii] Тэр судалгааны хүрээнд Европын монголчуудыг бас хамааруулсан ажгуу. Судалгааны дүнг харьцуулан дүн шинжилгээ хийж болно. Торгуудууд нь Чингис хааны хамгаалалтад явж байсан хишигтэн цэргүүдийн удам аж. Тэд хорчин угсаатнаас салан нүүж ойрд угсаатад хамрах болсон аж. Тэдний гений давтамж нь нийт монголчууд, түүний дотор халх, буриад хүмүүсийнхтэй таарч байв. Хошууд, хойтууд ч мөн адил үр дүн үзүүлсэн байна. Харин дөрвөдүүдийн генийн давтамж нь түрэг хүмүүсийнхтэй таарсан байна.[viii]

Мөнх нүүж явдаг, газартай холбогдох шүтэлцээ нь сул монголчуудын тодорхой овог, отог, ястныг тэнд эндээс гаралтай гэж мэтгэх нь утга учраар бага юм. Тухайн бүлэг тодорхой газар орчмоор, тодорхой хугацаанд нутаглан нүүх боловч тун элбэг үзэгдэл болох дайн байлдаан, байгалийн гамшгаас болон хэдэн зуун километр, магадгүй заримдаа хэдэн мянгаар тоологдох километр хол нүүн холдож өөр газар овог, отог, аймгаараа нутаглана. Магадгүй Ойрдын олон отог, овог Сибирийн ойгоос ирсэн байж болох боловч мөн олон нь Хөх нуур, Байдрагаас нүүн иржээ. Эдүгээ Увс нуурын баруун эргээр амьдрах дөрвөд нар ХVII зуунд Зайсан нуурын орчмоос Хөх нуур руу нүүдэллэсэн ба тэндээ зуун жил амьдарсны дараанаас зарим нь Далай нуур руу, зарим нь Увс нуур руу дахин нүүдэллэсэн аж. Зарим нь торгууд нарыг даган Ижил мөрөн нүүсэн, Одоо ч Халимагт нэлээд дөрвөд бий. Өнөөгийн буриадын ч олон отог Хөх нуур, Долон нуур зэргээс умар тийш нүүн Байгал орчимд ирж нутагшсан гэдэг.

1393 онд үхсэн Мөнхтөмөр хэмээгч ойрд ноёны гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Элбэг хааныг үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүйгээ зарласан байна. Ингээд Монгол орон үндсэн хоёр хэсэгт хуваагджээ. Газар зүйн байршлын хувьд Ойрдынх илүү ашигтай байлаа. Учир нь, баруун тийш худалдааны гол замтай ойрхон, үүнээсээ болж Хятадын хойгуур хийх худалдааны замыг дангаар эзэгнэхийн тулд Халхтай байнга дайтаж байлаа. Мин династийн хятадууд үүнийг нь дорхноо өлгөн авч ойрдуудад янз бүрээр туслах болжээ. 1409 онд Эзэн хаан Юнлэ (Yongle) ойрдын гурван толгойлогчдод цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан байна. Ойрдууд Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд эргээд Халхыг дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч хавсарч Ойрдыг цохижээ. Халх-Ойрдын зөрчил ч энэ үеэс эхтэй, хятадууд ч ээлжилж бие биенд нь туслан монголчуудын хүчийг нь туйлдуулдаг аргаа энэ үеэс олон жил хэрэглэсэн юм.

1418 онд Тогоон тайш хэмээх ер бусын эр зоригтой, ухаалаг ноён Ойрдыг удирдлаа. Тэрээр Монголыг нэгтгэх зорилго тавин Зүүн Монголын тархай бутархай ноёдыг ээлж дараалан цохисоор бүх Монголыг нэгтгээд Тайсуныг хаан ширээнд залан өөрөө шадар сайд буюу тайши нь болжээ. Түүнийг үхсэний дараа хүү Эсэн тайши эцгийнхээ үйл хэргийг залгамжилсан төдийгүй Монголын үе үеийн хаадын хамгийн гол зорилго болох Хятадыг эзлэх дайнд морджээ. Тэрээр нэгэн удаагийн тулалдаанд Хятадын Эзэн хаан Ин Зун-г (Emper­or r Yingzong) олзолж авсан гэдэг. Хааныг хятадуудад ашигтайгаар наймаалцах гэтэл цаадуул нь Эзэн хааны дүүг шинэ хаан болгочихоод Ин Зун-г буцааж авах хүсэлгүй тул эцэст нь зүгээр буцаажээ.[ix]

Гэтэл Эсэн засгийн эрхийн төлөө Тайсун хаантай муудалцсан тул бушуухан Хятадтай сайдаад юун түрүүн дотоод асуудлаа зохицуулах боллоо. Зөрчил юунд байв гэхээр Тайсун хааны дараа Монголын хаан ширээг хэн залгамжлах вэ гэдэг дээр маргасан хэрэг. Тайсуны нэг эхнэр нь Эсэнгийн эгч, өөрөөр хэлбэл ойрд хатан. Хатнаас гарсан хүүг Тайсун угсаа залгамжлагч гэсэнгүй, өөр хатны хүүг нэрлэжээ. Тулалдаанд Тайсун хаан ялагдаж, зугтаж яваад хорлогдсон гэх. 1451 онд Тайсун алагдсаны дараа Эсэн Чингисийн угсааны бүх язгууртнуудыг алж зөвхөн ойрд гаралтай эмэгтэйчүүдийг үлдээв. Ингэж Хубилайн удмыг таслаад өөрийгөө бүх Монголын хаанаар зарлав.[x] Манжуураас Шиньжаан хүртэл, Байгал далайгаас Цагаан хэрэм хүртэл монголчуудын өлгий нутгийг Эсэн ийнхүү нэгтгэж чадлаа. Эсэн тайш Монголын хаадын удмыг таслахдаа Тайсун хааны дүү Агваржин, түүний хүү Хархүчүг нарыг ч хороожээ. Хархүчүг жононгийн төрсөн хүү Баянмөнх жонон Могиластан руу зугтан амь гарчээ. Хубилайн удмыхнаас үлдсэн ганц хүн болох Баянмөнх жононгийн төрсөн үр нялх Батмөнхийг говьд айлд нуусан. Хожим 1487 онд түүнийг долоон настайд нь сууринд суулгаж Даян хаан хэмээх цолыг хүртээжээ.

Эсэн улам цаашилж энэ үед Эрчис мөрнөөс Тэнгэр уул хүртэл, Бэркүлээс Балхаш хүртэл нутагт тогтнож байсан Моголистан улсыг байнга довтолж ихэд зовоов. Зөвхөн 1418-1429 онд Моголистан ойрдуудтай 61 удаа байлдаж ганц удаад нь ялж үзжээ.[xi] Эсэн хаан өөрийн үед Моголистаныг байнга довтолж байтал 1455 онд бослого гаргагчдад алагдлаа. Ингээд Монгол орон дахиад л биендээ үл захирагдах том толгой ноёдын дунд хуваагдан бутрах нь тэр.

[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-82

[ii] Рашид ад-Дин Сборник летописей (Москва 1952)

[iii] Хүн ам орон сууцны тооллого 2010

[iv] Juvani Ata Malik The History of the World Conquieror

[v] Swift Jonathan Gulliver`s Travel (Dover Publication, Inc)

[vi] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014)

[vii] Jean Manco Ancestral Journeys: The Peopling of Eorope from the Venturers to the Viking (Thames&Hudson, 2013)

[viii] Генетическая структура европейских ойратских групп по локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A ( Проблемы этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009.) с. 146-183.

[ix] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97

[x] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97

[xi] Бартольд.В.В. Двенадцать лекции по истории тюрских народов Средней Азии (Соч. Том Y, Москва 1968)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *