Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул аймгийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Гэвч хорио цээрийн дэглэм тогтоочихсон байхад хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж шилжилт хөдөлгөөн хийн, амьд мал тээвэрлэсэн, хулгайн тээвэр хийсэн зөрчил гарчээ. Иймээс хорио цээрийг зөрчсөн нийт 46 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 6.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулжээ.
Шинээр мөрдөгдөж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хорио цээрийн дэглэм зөрчиж сэжиг бүхий бүс нутгаас шилжилт хөдөлгөөн хийсэн, зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцдаг болсон. Мөн малчид өөр сумын нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэхээр хуульчилсан заасан байдаг.
Цаашид амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлсэн багаатай холбогдуулан иргэд, малчдыг өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байх, тогтоосон авто замын маршрутаар зорчих, голомтын бүсээс шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малаа хариулга маллагаатай байлга зэрэг санамжийг тавин хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.