Шагайн харваа хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Нийт 90 багийн 720 харваачид оролцсоноос өнөөдөр 46 баг үлдэн тоглож байна. Залуу тамирчид ихээр оролцож байгаагаараа онцлогтой.
“Улаанбаатар төмөр зам”-ын багийн ахлагч Л.Болд “2000 оноос хойш улсынхаа наадамд оролцож байна. Манай баг 2007-2009 оны аварга, 2015 оны гутгаар байр эзэлсэн. Энэ жил мөн амжилт үзүүлэхээр оролцож байна. Тэмцээнд Улаанбаатар хотын 27 баг байгаа бол Завхан, Говь-Алтай аймгуудаас хамгийн олон тамирчид оролцож байна” гэв.
Гадаадын олон жуулчин наадам үзэхээр ирсэн байлаа. Тэдний нэг болох Австралийн иргэн Аманда Юунг (Amanda Young) “Нэг цаг мөчид соёлын олон талыг харах сайхан юм. Анх удаа Монголд ирж байна. Шагайн харвааны дүрмийг би сайн мэдэхгүй. Зөвхөн эрчүүд л тоглодог, их өрсөлдөөнтэй харагдаж байна. Тамирчдын гаргаж буй авиа их сонирхолтой санагдлаа. Монголд ажлаар ирээд нэг сар боллоо. Наадмын нээлт, морь уралдах, бөх барилдахыг үзсэн, одоо шагайн харваа үзэхээр ирээд байна” гэлээ.
Эхний байруудын төлөөх тоглолт маргааш эхэлнэ. Нэг тоглолт цаг гаруй үргэлжилдэг байна.
Шагайн харвааны баг үндсэн долоон харваачтай. Харваач жилд нэг багт л харвадаг аж. Эхний үеийг “нийлэг үе”, дараагийн үеийг “шувтарга үе”, гурав дахь үеийг “гоц”, сүүлчийн үеийг “мэргэ үе” гэж нэрлэдэг байна.
Шагайн харвааны хэрэгсэл мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум зэрэг ордог.
Зурхайг 50х35см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийдэг байна.
Э.АНХМАА