Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэм зөрчсөн 46 иргэнд 6.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулав

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамжаар өвчний голомт үүссэн сумдад хорио цээрийн дэглэм сахиулах, хүн, малын шилжилт хөдөлгөөн, вакцинжуулалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн явц байдалд хяналт тавин ажиллаж байна.

Шүлхийн өвчин хил залгаа аймгийн суманд гарсан цагаас эхлэн урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, малчдад 18 нэр төрлийн 10150 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, 21300 гаруй иргэнд шүлхий өвчний үед хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах, хувийн ариун цэвэр сахих, халдвараас сэргийлэх талаар сургалт сурталчилгаа, мэдээлэл өгч ажиллажээ.

07сарын 10 байдлаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж шилжилт хөдөлгөөн хийсэн, амьд мал тээвэрлэсэн, хулгайн тээвэр хийсэн нийт 46 иргэнд “Зөрчлийн тухай” хуулиар 6.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулжээ. Голомтын бүсэд байгаа албан тушаалтан, малчидтай холбогдох зөрчлийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж шийдвэрлэх юм байна.

Шинээр батлагдан мөрдөгдөж байгаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулиар хорио цээрийн дэглэм зөрчиж сэжигтэй бүсээс шилжилт хөдөлгөөн хийсэн, зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцдаг болсон. Мөн малчид өөр сумын нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэхээр хуульчилсан байдаг.

Цаашид амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд, малчид өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байх, тогтоосон авто замын маршрутаар зорчих, голомтын бүсээс шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малаа хариулга маллагаатай байлгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *