УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах талаар өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ нарын тэргүүтэй 25 гишүүний гарын үсэгтэй шаардах бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн сарын 28-ны өдөр Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу УИХ-ын даргад 19 гишүүн нийтийн сонсгол хийх шаардах бичиг өргөн барьсан. Өргөх бичиг Хууль зүйн байнгын хороон дээр цохогдож очсон гэсэн. 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нийтийн сонсгол заавал хийх хуультай. Би Хууль зүйн байнгын хороонд наадмын өмнөх өдөр хүртэл хариу хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл ямар нэгэн байдлаар хариу ирсэнгүй. Тиймээс арга буюу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдлээ. Үүнд 25 гишүүн зөвшөөрч гарын үсгээ зурсан. 60 тэрбумын эсрэг гэх тодотголтой хээл хахуулийн хэрэг, Эрдэнэт үйлдвэр, Хадгаламж банк, Чингис бондтой холбоотой бүх асуудлыг УИХ сонсох нь зүйтэй. Мөн Х.Энхжаргал даргыг авилгатай холбоотой гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа гэж үзэж байна. Хэрвээ 60 тэрбум болон бусад авилгатай холбоотой гэмт хэрэг энэ хэвээр байвал түүнийг энэ ажлыг хийх эрхгүй гэж үзэж байна. Энэ талаар ард түмнийхээ өмнө нээлттэй чуулж, тайлбарлах нь зүйтэй юм. УИХ-ын тухай хуулинд ээлжит бус чуулганыг гуравны нэг хувь нь зөвшөөрснөөр зарлан хуралдуулахыг заасан байдаг. Хуулийн дагуу 14 хоногийн дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг учир баяр наадмын дараа ээлжит бус чуулган болох ёстой. Энэ чуулганыг АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор эхлэхээр эрх зүйн баримт бичгийг өргөн барих гэж байна.
М.Энхболд дарга 60 тэрбумын тухай бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдсэн. Тэгвэл нээлттэй сонсголоор Г.Доржзодовтой нүүрэлдүүлж, эвлүүлэг мөн эсэхийг асуух хэрэгтэй. Түүнээс биш гэмт хэрэг хийсэн эсэхийг тогтоох гээгүй. Үнэхээр эвлүүлэг гэж байгаа бол бүх гишүүдийн өмнө нээлттэй сонсгол дээр үүнийгээ хэлэх хэрэгтэй. Хэрэв худлаа хэлсэн бол үнэнээ хүлээж болно” гэв.
Тэрбээр “Цаашид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байна. Ийм авилгын хэрэгтэй нэр холбогдсон гишүүн, УИХ-ын даргыг Ёс зүйн хороо юу гэж дүгнэж байгааг сонсохыг хүсэж байна. Цагдаа, тагнуулын байгууллага руу бичиг хүргүүлж байгаа. Мөн МАН-ын Хяналтын хороо, Ёс зүйн хороонд хандахаар болж байгаа. Нээлттэй утас ажиллуулснаар 60 тэрбумтай холбоотой 11 тохиолдлын мэдээлэл ирсэн. Үүнийг зохих шатны байгууллага руу явуулах болно” гэдгээ мэдэгдлээ.