БСШУС-ын дэд сайд
Г.Ганбаяр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд асан, Парламентын төлөөлөгчдийн
танхимын гишүүн Кихара Сэйжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2020 онд Токио хотод болох Олимпийн наадамд оролцох Монголын
тамирчдыг Японы Мүсашимүраяма хотод хүлээн авч, хоёр улсын тамирчид хамтарсан
бэлтгэл сургуулилт хийх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр эрхэм ноён
Кихара Сэйжид “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг
Мүсашимүраяма хотод хүлээн авах гэж байгаад талархал илэрхийлээд “Токио-2020”
зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн
тамирчдын бэлтгэл цугларалтыг Японы талын дэмжлэгээр 2018-2020 онд жил бүр нэг
удаа тус улсын мужуудад хийлгэх талаар санал солилцохын сацуу уламжлалт анагаах
ухаан, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх
чиглэлд хамтран ажиллах талаар санал тавилаа. Тэрээр “2020 оны Токиогийн
олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэлээ чамбай хийхийг үүрэг болгосон. Тэр
дундаа олимп болох хотын ойролцоо цаг агаартай газар тамирчдынхаа бэлтгэлийг
хийж, танай улсын тамирчидтай хамтарсан нөхөрсөг тэмцээн уралдаан хийх нь маш
их үр дүнтэй, ач холбогдолтой явдал гэж бид үзэж байна. Одоогийн байдлаар манай
улс жүдо бөх, чөлөөт бөх, буудлага гэх мэт олимпт амжилт үзүүлдэг долоон төрөлд
эрхээ аваад байна. Ирэх онд нэмж хоёр, гурван эрх авахын төлөө бид чармайж
байна. Ирэх 8 дугаар сараас бэлтгэлээ эрчимжүүлнэ. Мөн багийн спортыг
хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа тул энэ чиглэлд цаашид танай улстай хамтран
ажиллахдаа таатай байна болно” гэв. Японы Улсын Парламентын төлөөлөгчдийн
танхимын гишүүн, ноён Кихара Сэйжи, “Би Монгол Улсад долоо дахь
удаагаа ирж байна. Наадмын их ажлын өмнө биднийг хүлээн авч уулзаж буйд танд
талархал илэрхийлье. Мүсашимүраяма хот Токиогоос машинаар нэг цаг явах
зайд буюу их ойрхон байдаг. Энд 2020 оны олимпт оролцох монгол
тамирчдыг хүлээн авч, хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхдээ би таатай байх
болно. Түүнчлэн ирэх 10 дугаар сард Хан-Уул дүүрэгтэй хамтран Хүүхдийн багт
наадам зохион байгуулна. Үүнд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран
ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Салбарын сайд хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа спортын
салбар дахь хамтын ажиллагаанд бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тэрээр уулзалтын төгсгөлд Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй спортын гэмтлийг
дагнан оношлох, эмчлэх, эмнэл зүйн сургалт судалгааны төв байгуулах,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолын 3.2.2-т заасан “Биеийн
тамир, спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны үндэсний төв байгуулах”
зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд санал солилцов.