Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Жаргал: Сургуулиудын хөл бөмбөгийн талбайг МХБХ-оос гаргаж баталсан зааврын дагуу хийхээр болсон

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны техникийн хэлтсийн дарга С.Жаргалтай ярилцлаа. Тэрээр Клубуудын ДАШТ-д зохион байгуулагчаар ажилладаг арвин туршлагатай нэгэн.

– Монголын шигшээ багийн бэлтгэл ямархуу байгаа вэ?

– МХБХ нь шинэчлэгдсэн удирдлагын дор 2015 оноос эхлээд шат дараалсан олон ажлуудыг хийж байгаа. Үүний нэг нь шигшээ багуудыг нас насны зохих ангилалд олон улсын тэмцээнд байнга оролцуулж, насанд хүрэгчдийн эрэгтэй шигшээ багт Герман дасгалжуулагч, эмэгтэй шигшээ багт Япон дасгалжуулагч ажиллуулж байна.

– Дасгалжуулагчдын боловсрол шигшээ багийн хувьд чухал үүрэгтэй.Германы дасгалжуулагчийн ажлын үр дүнгийн талаар яриач. Одоогоор МХБХ-оос олон улсын чансаагаа дээшлүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

– Майкл Вайсс шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээр маш олон өөрчлөлтүүдийг Монголын хөлбөмбөгт нэвтрүүлсэн. Тухайлбал, шигшээ багийн үйл ажиллагааг тогтворжуулж, байнгын бэлтгэлтэй болголоо. Шигшээ багийн хэлтсийн үйл ажиллагааны шавыг тавьж, шаардлагатай арын албыг байгуулсан. Үүнд хаалгачийн дасгалжуулагч, туслах дасгалжуулагч нар, мэргэжлийн эмч, багийн менежер гэх мэт. Сүүлийн жилд Монголын шигшээ багийн чансаа FIFA ranking-д ахисан. Мөн олон орны шигшээ багуудтай албан ёсны болон нөхөрсөг тоглолтуудыг байнга хийснээр тоглогчдын ур чадвар, сэтгэл зүй илт сайжирч байгаа. Тоглолтуудаас гадна МХБХ шигшээ багийг байнга гадагшаа цугларалтад явуулж бэлтгэлийг олон улсын өндөр зэрэглэлийн баазад байрлуулж бэлтгэлийг нь хангадаг болсон.

Манай насанд хүрэгчдийн шигшээ багийн гол зорилго бол ирэх жил эхлэх Дэлхийн аваргын 2022 оны эрхийн төлөө тэмцээн мөн 2023 оны Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнүүд билээ. Дээрх тэмцээнд сайн бэлдэхийн тулд МХБХ энэ оны есдүгээр сард Зүүн Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулахаар болсон.

– Гадаа талбайн тэмцээн эхэлсэн байна. Одоогоор ямар ямар тэмцээн болж байгаа вэ?

– МХБХ-ны талбайн улирал дөрвөн сарын сүүлээр эхэлсэн. Одоогийн байдлаар хүүхдийнесөн тэмцээн болж, тус тусын насны ангиллын аваргууд тодорсон. 10, 12, 14 хүртэл насны охид хөвгүүдийн тэмцээнүүд олон улсын стандартын талбай, хаалга болон бөмбөгөөр тоглож дууссан. Охидын 16 хүртэл насны аваргууд өнгөрсөн долоо хоногт тодорсон. Харин хөвгүүдийн 16 хүртэл насны аваргууд мягмар гарагт аваргуудаа тодруулна. Энэ насны тэмцээний шилдэг найман багууд ирэх наймдугаар сард эхлэх лигийн эрхийг олж авна.

Насанд хүрэгчдийн тэмцээнүүдийн хувьд эмэгтэйчүүдийн лиг саяхан өндөрлөж аваргуудаа тодруулсан. Энэ жил лиг эрт дууссан шалтгаан ньЯпон руу шигшээ багийн бэлтгэлд гарсантай холбоотой. Манай охидын 16, 19 хүртэл насны шигшээ багууд энэ намар Монгол Улсад зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байгаа. Насанд хүрэгчдийн шигшээ баг энэ есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.

“Мазала” дээд лиг болон “Мазала” нэгдүгээр лигүүд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар солилцооны цонх наймдугаар сарын 1-ээс 14-ийг хүртэл нээгдсэн байгаа тул клубүүд шинээр хүчээ сэлбэж байгаа нь дамжиггүй. Мөн Японы “Дэнцү” компанийн ивээн тэтгэж байгаа МХБХ-ны цом тэмцээний III шат удахгүй эхэлнэ.

– Саяхан 79-р сургуулийн сурагч хөл бөмбөгийн хаалганд даруулж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай улсын хөл бөмбөгийн талбай болоод, хэрэглэж буй техник хэрэгслийн стандарт ямар байдаг вэ?

– Маш харамсалтай хэрэг болсон. МХБХ-ны хувьд талбайн стандартыг хоёр жилийн өмнө баталж БСШУСЯ-д хүргүүлсэн. МХБХ нь өөрийн мэдлийн хөл бөмбөгийн талбайг хариуцаж ажилладаг. Мөн МХБХ-ны тэмцээн зохион байгуулдаг талбайнууд дээр очиж шалгалт хийн, шаардлага хангасан тохиолдолд тэмцээн зохион байгуулах эрхийг өгдөг. Манай холбооны зүгээс сургууль болгоны талбайг очиж шалгах эрх зүйн тогтолцоо, эрх нь байхгүй. Гэхдээ саяхан Монгол улсад ирсэн АХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын захирагчтай хийсэн уулзалтаар сургуулиудын хөл бөмбөгийн талбайг манай холбооноос гаргаж баталсан зааврын дагуу хийхээр болсон. Мөн МХБХ болон АХБХ-оос тусгай хөтөлбөрийг 79-р сургууль дээр хэрэгжүүлж шинээр стандарт талбай барьж өгөхөөр шийдсэн байгаа.

– АХБХ-ны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ямар нааштай асуудлуудыг шийдэв?

– Маш олон асуудлууд шийдэгдсэн. Дээр дурдсанаас гадна МХБХ-ны бодлогын хүрээний ажлуудаас АХБХ-той хамтран ажиллах төслүүдийг эцэслэсэн. Хамгийн анхаарууштай зүйл бол МХБХ-ны Техникийн захирлыг гадаад мэргэжилтэн хийхээр болсонтой холбогдуулан түүний гэрээний хоёр жилийн цалинг АХБХ-ноос гаргуулахаар шийдүүлсэн. Мөн АХБХ-ны ерөнхийлөгчийн саналаар шийддэг төслүүдийг МХБХ маш идэвхтэй хэрэгжүүлдэг гишүүн холбоодын нэг. Одоогийн байдлаар нийт зургаан хөл бөмбөгийн жижиг талбай ашиглалтад оруулсан. Цаашид дэд бүтцийн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Мөн МХБХ-ны боловсон хүчний асуудлуудыг шийдэж дасгалжуулагч, шүүгч болон МХБХ-ны ажилчдыг мэргэшүүлэх зорилготой олон сургалт, семинарт хамруулж байна.

– Та маш олон гадаад, дотоодын хөл бөмбөгийн тэмцээнд зохион байгуулагчаар ажилласан. Тэр үед олон алдартай баг, тамирчидтай хамтарч ажилладаг байх. Мөн өнгөрсөн жил “Клубуудын ДАШТ”-д зохион байгуулагчаар ажилласан. Энэ бүх хугацаанд танд үлдсэн хамгийн үнэтэй дурсамжаасаа хуваалцаач?

– Миний бие сүүлийн зургаан жилийн хугацаанд “FIFA Match Commissioner” болон “AFC Match Commisioner” үүргийг нэр төртэйгөөр биелүүлж байгаа. Өнөөг хүртэл цөөнгүй Олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж ажилласан. Тэдгээр тэмцээнүүдийн нэрсийг дурдвал маш олон болох байх. Хамгийн томоос гэвэл мэдээж “FIFA Club World Cup”-ийн Азийн бүсийн урьдчилсан шатны нийт найман тоглолт дээр ажилласан. Мөн Азийн хөл бөмбөгийн холбооны охид, хөвгүүдийн 14, 16, 19, 23 гээд ер нь тивийн холбооноос зохион байгуулдаг бүх төрлийн шигшээ багуудын дунд зохион байгуулдаг тэмцээнүүд дээр ажилласан. Мөн клубүүдийн тэмцээн болон Азийн Аваргуудын лиг, AFC Cup тэмцээнүүд дээр байнга ажилладаг.

Сэтгэгдлийн хувьд мэдээж клубүүдийн дэлхийн аваргад олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж цаашид Монголын хөлбөмбөгт хэрэгтэй туршлага хуримтлуулсандаа сэтгэл хангалуун байна.

– Тэр үед та “Мөрөөдөл биеллээ” гэж хэлж байсан. Одоо ямар мөрөөдөлтэй болсон бэ?

– Хөл бөмбөгчдийн амжилтын дээд оргил Дэлхийн аваргад оролцож аварга болох байх. Харин тэмцээн зохион байгуулагч хүний хувьд Дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулалтад оролцох болов уу гэж бодож байна.

– Миний ажигласнаарМонголын хөл бөмбөгийн тэмцээн уралдаан үзэгч, хөгжөөн дэмжигчдээр дутмаг санагддаг. Энэ тал дээр таны үзэл бодол? Яавал бид үзэгчдээ нэмэх вэ?

– Маркетингийн тал дээр дутуу ажиллаж байснаа мэдсэн. Одоо шинэ залуусын бүрэлдэхүүнтэй шат дараалсан олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Стадионы соёлыг Монголд сурталчилж дэлгэрүүлэх, үзэгчдийг тоглолтоо үзэхэд тав тухтай орчинг бид яаралтай бүрдүүлэх хэрэгтэй.

Хүмүүс кино үзэх гэж очихдоо юу шаарддаг билээ. Үүнтэй адил, хөгжөөн дэмжигчид хөл бөмбөг үзэхдээ манай стадионд ирээд идэж уух зүйлтэй, боловсон соёлтой үйлчилгээний ажилчидтай, цэвэрхэн ариун цэврийн өрөөболон орчинтой байхад хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх гэж найз нөхөд гэр бүлтэйгээ манайхыг зорихцаг удахгүй ирнэ гэж найдаж байна.

– Таны хувьд Европт 20 гаруй жил амьдарч, хөл бөмбөгд суралцаж байсан гэсэн. Та яагаад тамирчин болоогүй юм бэ?

– Олон жил хөл бөмбөг тоглож янз бүрийн тэмцээнд ордог байсан ч хэзээ ч хөл бөмбөгчин болно гэж бодож байгаагүй байх. Чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглож, хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хажуугаар нь амьдралаа хөөж явсаар өдий хүрсэн байх./инээв/

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *