Охины цахилгаанд цохиулж амиа алдсан газар
Налайх дүүргийн VI хорооны Горхины баруун салаанд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Хэргийн газарт Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиход “Болор” гэх амралтын газрын ойролцоох арван айлын цахилгаан дамжуулдаг 220 вольтын цахилгааны шон газар унасан байсан аж. Улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан охин утсан дээр унахдаа цахилгаанд цохиулж амь насаа алджээ. Одоогоор уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна.
Тэрэлжийн “Болор” хэмээх газрын “Benibana” гэх амралтын газраас доош 250 метрийн зайд цахилгааны шон унажээ. Үүнийг тэр хавийн оршин суугчид ажиглаагүй байна. Ер нь Тэрэлжийн амралтын газруудын ойролцоо байх цахилгааны шонгуудыг ажиглахад зарим нь хазайсан, аюулгүй байдал огт хангагдаагүй, ил задгай байх юм. Энэ сарын 5-нд Тэрэлжид хэсэг бороо орсны дараа нар гарч долоон настай Д.Номин гэх охин хамаатны хүүхэдтэйгээ гадаа гарч, дугуй унахаар болсон байна. Тэр хоёр гэрээс нь 250 метрийн зайд байрлах шонгийн мод хүртэл дугуй унаж, уралдахаар болсон гэнэ. Ингээд охин хурдтай явж байтал дугуй нь халтирч, газар унасан шонгийн модны утсанд орооцолдож, нүхэлсэн хэсэг рүү орчихжээ. Харин Д.Номин үсэрч модны ойролцоо шидэгдсэн байна. Тэрээр дугуйгаа шонгийн модны утаснаас салгаж, гаргаж авахаар хүрэхдээ цахилгаанд цохиулжээ. Түүний баруун гар нь тэр чигтээ хөө болж, амьсгал нь боогдсон гэнэ.
ОХИН ГЭР РҮҮГЭЭ ОЧИХ ЗАМДАА АМЬСГАЛ ХУРААСАН ГЭВ
Бид охины амиа алдсан газарт ирж, гэрийнхэнтэй нь уулзахаар очив. Гэвч гэр нь эзэнгүй байсан юм. Тиймээс хөрш айлын иргэн С.Гэрэлтнямаас зарим зүйлийг тодрууллаа.
-Амиа алдсан долоон настай охины талаар ярихгүй юу. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Д.Номин гэх охины өвөө нь “Benibana” гэх амралтын газарт манаач хийдэг. Нэг ёсондоо охины өвөө, эмээ энд ирж, зусдаг юм. Сарын өмнө охин ээж, дүү нартайгаа өвөөгийндөө ирж, амарч байсан. Тэрээр өвөөгийнхөө хамгийн бага хүүгийнх нь хүүхэд буюу ач охин нь юм билээ. Охины цахилгаанд цохиулж амиа алдсан шонгийн модонд гэмтэл гарч, бороо орсны улмаас газарт уначихсан юм байна лээ. Бид юу ч мэдээгүй. Тухайн өдөр бороо орсны дараахан үйл явдал өрнөчихсөн. Дугуй нь халтирч, шонгийн модны утсанд орооцолдож унасан гэсэн. Ингээд охин дугуйгаа татаж авахаар хүрэхэд цахилгаан цахиж, гар нь тэр чигтээ хөө тортог болж, хар болчихсон байсан гэсэн. Хажууд нь нөгөө хамаатных нь эрэгтэй хүүхэд байсан юм билээ. Тэрээр гэрийнхэнд нь ирж, дуулгасан. Охины ээж “Миний охин” гээд л сандраад, нулимс нь цийлэгнээд явсан. Гэрт байсан хүмүүс хурдхан машинаа унаад очсон чинь хоолойных нь тус газарт харлаж, хөө болчихсон байсан. Охиныг дуудахад сайн ярьж чадахгүй байсан гэнэ лээ. Тэрээр гэр рүү нь авчрах замд амьсгал хураачихсан гэсэн.
-Цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийнхан хурдан ирж амжаагүй юм уу?
-Цагдаагийн ерөнхий газар, онцгой байдлын алба хаагчид 40 орчим минутын дараа ирсэн. Тэд тухайн газрыг сайтар шинжилж, шонгийн мод, дугуй гэх зэргийг авч явсан. Биднээс шөнийн 01.00 цаг хүртэл мэдүүлэг, байцаалт авсан. Охин нэгэнт амиа алдчихсан учраас гэрийнхэн нь түргэн тусламжийнханд дуудлага өгч, моорогт байлгасан.
-Талийгаач охины аав нь хаана байсан юм бэ?
-Охины гэрийнхэн Зам-Үүдэд амьдардаг юм билээ. Аав нь Замын-Үүдэд ажил хийдэг. Ээж нь гэртээ бага насны хүүхдүүддээ асардаг байсан. Тухайн өдөр ээж нь нялх хүүгээ асарч, том охин нь гадаа тоглохоор явчихсан. Хажуугийн гэрт нь өвөө нь болон хамаатных нь хүмүүс байсан юм билээ. Эмээ нь Ховд руу ажил явдал гараад явсан гэж сонссон юм байна. Охинтой хамт тоглож явсан хүү гэнэт л чанга орилоод ороод ирсэн гэсэн. Долоон настай охин их сэргэлэн цовоо, энэ жил нэгдүгээр ангиа төгссөн юм байна лээ. Тэр хоёр дүүтэй. Нэг нь ой гарантай, нөгөө нь 5-6 зургаан сартай гэж сонссон. Харамсалтай юм. Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдчихлаа. Одоо гэр бүлээрээ Замын-Үүд явсан байх. Налайх дүүргийн VI хороо дөрвөн хэсэгтэй. Хороо хариуцсан дарга, хэсгийн ахлагч нар юу хийж явдаг байна аа. Энэ хавиар явж, шонгийн модны аюулгүй байдлыг сайтар шалгаж байх ёстой биз дээ. Одоогоор хоёр гурван хоног тог тасарчихсан байна.
-Та бүхэн хорооны засаг дарга болон хариуцсан албан тушаалтнууд руу ярьж, шаардлага тавьж байна уу?
-Бид хорооны ажилтан, хэсгийн ахлагч нар руу ярьсан. Тэгсэн шуурхай хуралдаж байна гэсэн. Тус шонгийн моднууд 1986, 1987 оны үед баригдаж байсан. Эдгээр шонгийн моднуудыг одоо налайхын Цахилгаан түгээх станц огт хариуцдаггүй. Манайх ч гэсэн бага насны хоёр гурван хүүхэдтэй. Бид одоо тэмцэнэ. Энэ ил задгай харагдах шонгийн моднуудыг цэгцэлж, гадна талд нь аюулгүй байдал хангасан зориулалтын хаалт хийх хэрэгтэй. Манай энд тухайн өдөр хүчингийн хэрэг гарсан. Мөн нэг иргэн өөрийгөө боомилж амиа хорлох дөхсөн гэсэн. Аюултай юм гэв.
Л.ГАНТӨГС: ТЭРЭЛЖ ОРЧИМД ЦАХИЛГААНЫ ХҮРТЭЭМЖ МУУ БАЙДАГ
Налайх дүүргийн Улаанбаатар цахилгаан түгээх станцын мэргэжилтнүүдтэй уулзахад “Бид шуурхай хуралдаж байна. Энэ талаар тайлбар хэлэх боломжгүй” гэсэн юм. Мөн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр очиход “Хэргийг шалгаж байна” гэв. Тус дүүргийн зургадугаар хорооны иргэн Л.Гантөгс “Талийгаач охин эмээтэйгээ манайд ирж морь унадаг байсан. Хичээлээ уйгагүй давтаж, онц сурдаг, сэргэлэн цовоо охин байсан. Их хэцүү байна. Эмээтэй нь холбогдсон. Тэдний гэр бүлд их хүнд байгаа. Налайх дүүрэг, тэр дундаа Тэрэлж орчимд цахилгааны хүртээмж их муу байдаг. Бид цахилгааны станцынханд хандахад, дорвитой арга хэмжээ авч өгдөггүй. Засаг дарга ч ажлаа хийдэггүй. Хэд хоног угаалгын машин ч ажиллуулж чадсангүй. Цахилгааны төлбөрөө хугацаанаасаа хоёр гурван хоног л хэтрэхэд биднийг хорооны ажилтнууд ирж загнадаг. Тэгсэн хэрнээ огт аюулгүй байдлаа бодож, зөв алхам хийдэггүй. Хоёр жилийн өмнө айлын цахилгааны шон унаснаас болж хүн амь насаа алдах дөхсөн. Төр, засгийн удирдлагууд ард иргэдийнхээ төлөө ямар ч ажлыг хийнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг мөртлөө огтхон ч хөдөлдөггүй. Дүүрэг, хорооны дарга нар ч гэсэн юу ч хийдэггүй. Өмнө нь бага насны хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан. Тэгээд холбогдох албан байгууллагынханд хатуу хариуцлага тооцоогүй биз дээ. Мөн хяналт шалгалт хийж, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэсэн зүйл ч алга. Ямар нэг байгууллага, төрийн алба хаагч нартай тулж ажиллах хэрэгтэй. Тэд тавьсан шаардлага, дүрэм журмаа баримтлахгүй бол торгож, шийтгэх ёстой” гэж ярилаа.
Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд осолд орж, амь насаа алдсан харамсалтай хэргүүд их гарч байна. Улаанбаатар хотод цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хоёр ч хүүхэд амь насаа алдлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VII хороо “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож явсан есөн настай хүү цахилгаанд цохиулсны улмаас амиа алдсан хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 25-ны өдөр гарсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэв. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгдсэн хэрэг энэ сарын 1-нд гарсан билээ. Тухайн үед учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дунд анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварсан байдаг. Тэрээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон аж. Ийнхүү ил задгай цахилгааны утас, ухсан нүх, онгорхой траншейн зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж, цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажилдаа хойрго, хайхрамжгүй ханддаг иргэд, албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Удахгүй улсын их баяр наадам болно. Энэ үеэр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулахыг холбогдох албаныхан анхаарууллаа.