Жил бүр авто тээврийн ослоор 500-600 хүн харамсалтайгаар амь насаа алдаж байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 178 хүүхэд амь насаа алджээ. Зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироож байгаа жолооч нарын 90 гаруй хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчиж байгаагаас болж байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн замд хоёр хүүхдийг дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Б гэх 23 настай залуу саарал өнгийн “Соната 6” маркийн автомашиныг 80-90 километр цагийн хурдтайгаар жолоодож явсан. Мөн эсрэг урсгал сөрж гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийх үедээ хоёр хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Б гэх жолооч хэрэв замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ даган мөрдөж замын хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдахгүй байсан” гэх тайлбарыг өгч байна.
Г.Мэндсайхан: ЧАНАРГҮЙ ЖОЛООЧ БЭЛТГЭЖ БАЙГАА ЖОЛООНЫ КУРСҮҮДЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
Зам тээврийн осол юунаас болж гараад байна вэ. Мэдээж жолооч нарын буруутай үйлдлээс болж байгаа. Мөн жолооч нарын ихэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам огт мэдэхгүй байгаатай холбоотой. Шуудхан хэлэхэд автомашинаа ч олигтойхон барьж чадахгүй, хурд хэтрүүлэн давхидаг чанаргүй жолооч нарыг авто курсүүд хэдэн мянгаар нь бэлтгэн гаргаж байна. Үүнээс болж жилд 600 гаруй хүн зам дээр хядуулж, алтан амиа алдаж байгаа юм.
Энэ талаар хуульч Г.Мэндсайхантай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Зам тээврийн осол жилээс жилд нэмэгдэж байна. Юунаас болоод осол нэмэгдээд байна вэ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Миний бие замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дүрэм, журам, хууль батлах зэрэг олон ажилд гар бие оролцож явсан хүн. Жолооч бэлтгэн гаргаж байгаа авто курсүүдын буруутай үйл ажиллагаанаас болж олон зуун хүн харамсалтайгаар амь насаа алдаж байна. Жолооны курсийн нийтлэг алдаа байна. Хүнээс мөнгийг нь авчихсан л бол бүх зүйл болчихдог. Тэр хүн жолоо барьж чадаж байна уу, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ цээжилсэн байна уу. Сэтгэл зүйн хувьд машин бариад замын хөдлөгөөнд оролцох боломж байна уу гэдгийг огт судалж үздэггүй. Шалтгалтад уначихсан байхад л танил талаараа хөөцөлдөж байгаад тэнцүүлчихдэг. Шалгалт авч буй цагдаагийн алба хаагч гэсэн хүмүүсийг нүдээ аниад л тэнцүүлээд байдаг. Үүний цаана авлига хээл хахуулийн асуудал ч яригдаж байгаа байх. Ингээд мөнгөө төлсөн л бол жолооны курс, дамжааныхан жолооны үнэмлэхийг нь аваад өгчихдөг. Хэдэн мянгаар нь ар өврийн хаалгаар жолоочийн үнэмлэхтэй болсон “алуурчид” бэлтгэн гаргаж байна. Чанаргүй курс төгссөн жолооч нар дүрэм журам гэдгийг огт мэдэхгүй. Машин унаад л хаазлаад давхиж байвал өөрийгөө жолооч болчихлоо гэж ойлгодог. Ингээд л зам тээврийн осол гаргаж, хүний амь хөнөөж байна шүү дээ. Бүр нэг курсийн жолооч нар дандаа ноцтой осол гаргаж байгаа тохиолдол ч байна.
-Жолооны курсүүдэд шалгалт хийдэг биз дээ?
-Монголд мянга гаруй жолооны курс тусгай эрх авч, үйл ажиллагаа явуулж байна. Курсүүдыг шалгах нь шалгадаг. Гэхдээ үнэхээр үнэн зөв шалгадаг, алдаа дутагдал илрүүлдэг нь тодорхой бус. Жолооны курсийн багш нар ямар ч боловсрол мэдлэг, хүнд жолоо барих талаар заах арга барил байхгүй. Жолоонд сурахаар бүртгүүлж байгаа хүмүүс нь мөнгөө тушаачихаад алга болчихдог. Хичээлдээ огт ирдэггүй, бас хотын жолоо, дронд ч олигтой суралцахгүй байна. Тэдэнтэй замын тэмдэглэгээ, дүрэм журмын талаар яриад ч хэрэггүй. Энэ бүгдийг цэгцлэх цаг нь болсон. Өдөр бүр жолооны шалгалт авдаг. Жолоогоо төгсөж чадахгүй унаж байгаа хүмүүс тэнцэж, бүх зүйлсээ мэддэг болтлоо шалгалт өгдөг болмоор байна. Мөн бэлтгэн гаргаж байгаа хүмүүсээс мэргэжлийн хүнээр сэтгэл зүйн шалгалт авдаг болох хэрэгтэй байна. Жолооны курсүүдыг цэгцэлж, чанартай жолооч бэлтгэн гаргахгүй юм бол авто ослоор амь насаа алдах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байх болно. Бид өндөр хөгжилтэй орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг үзэж, нутагшуулах шаардлагатай байна. Америкт жолооч бэлтгэдэг жолооны курс их өөр. Хэн дуртай нь жолооч болж чаддаггүй. Жолооны шалгалт нь маш чанга. Замын хөдөлгөөний шаардлагыг бүрэн хангасан гудамжинд жолооны шалгалт авдаг. Дунд сургуулийн гадаа яаж явах, эмнэлэг, түргэний машинд зам тавьж өгөх зэргийг нарийн шалгана. Хэрэв биелүүлээгүй бол маш өндөр торгууль оногдуулдаг. Бүхий л тэмдэглэгээ заавар дүрмийн дагуу шалгалтад орж байгаа хүнийг явуулж, нэг үйлдэл алдахад л шууд унагадаг. Аргална гэдэг ойлголт байхгүй. Дахиад л мөнгө төлж дахин бэлдэж шалгалт өгдөг. Тэнд насан туршдаа жолооны шалгалт аваад мэргэшсэн нэг нөхөр өдөр болгон сууж байдаг. Алдаа гаргавал тэнцэхгүй гээд л явуулдаг юм билээ гэв.
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧ НАРЫГ ӨНДӨР ТОРГУУЛИАР ШИЙТГЭДЭГ БОЛЪЁ
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дийлэнх алдаа нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхдаа осол гаргаж байгааг Замын цагдаагийн газраас онцолж байв. Цагдаа нарын хэлж буйгаар осол гаргаж байгаа жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийдэг үйлдлийг дүрэм журамнаас хасах шаардлагатай байгааг хэлж байлаа. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хурдтай явж буй машинд жолооч нь хурдаа сааруулж зам тавьж өгдөг дүрэмтэй. Японд үүнийг ягштал биелүүлдэг юм билээ. Мөн дүрэм журам зөрчиж байгаа жолооч нарт өндөр торгуулиар торгож байж осол буурна. Нийслэлийн гудамжаар 60 километр цагийн хурдтай давхисан жолоочийг шууд жолоо барих эрхийг нь хасдаг болмоор байгаа юм. Жолооч нарыг их хэмжээний мөнгөн торгууль төлөөд эхлэхээр хариуцлагатай болдог. Хариуцлагатай жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хянуур хандаж осол аваар бага гаргадаг нь судалгаагаар хэдийнэ нотлогдсон байдаг.