Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Азийн хотын дарга нарын манлайлагчдын уулзалтыг нээлээ

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлын хүрээнд болж буй Азийн хотын дарга нарын манлайлагчдын уулзалтыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газарт амьдарч байгаатай холбоотойгоор хотуудын аюулгүй байдлыг хангах нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан нэн чухал асуудал болоод байгаа бөгөөд төрөл бүрийн гамшгийн тоо хэмжээ, давтамж, хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр тогтмол өсөн нэмэгдэж буй хот суурин газрын иргэдэд учруулах эрсдэлийг тэр хэмжээгээр ихэсгэж байгаа билээ. Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж буй Ази, Номхон далайн бүс нутагт хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон, орон нутаг, хот суурин газрын удирдлагын нэн чухал анхаарах асуудал болж байна.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэж байгаа билээ. Иймд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор 2011 онд “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллаж байна.

Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэж, гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байна. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот нэгдсэн орсонтой холбогдуулан хотын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага хамтран “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж төр, захиргааны байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, иргэд олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хотын эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хотын ерөнхий төлөвлөлтөд тусгах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж буй Япон Улсын туршлагыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүн амын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, барилга, байгууламжийн норм, норматив, стандартыг шинэчлэх, орон зайн мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор ОБЕГ, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна” хэмээв.

Энэхүү уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутаг, хотуудын ололт амжилт, хэрэгжүүлж буй шилдэг туршлагыг харилцан солилцож, олон улс орны нийслэл, хотуудын түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *