Categories
мэдээ нийгэм

​Хөдөөний айлд амьдрангаа аялах боломжтой

“Эдгээрийг харахаар хурдан тайвширч, ойд яваа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Уран байгаль” нөхөрлөлийн ахлагч Ч.Туяа ярилаа. “Хөдөө гэр” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж буй тэрээр жуулчдыг хүлээн авч ургамал болон байгалийн танин мэдэхүйн хичээл, монгол наадгайг заадаг байна. Мөн өөрөө ургамал түүж хатаан, байгалийн модоор лааны суурь, бэлэг дурсгалын зүйлс хийдэг аж. Одоогоор 400 гаруй жуулчин хүлээн авчээ. Тэрээр “Иргэдийг байгальдаа ээлтэй амарч аялж сураасай гэж хүсдэг” хэмээн ярилаа.

Тогтвортой Хөгжлийн Зорилтын(ТХЗ) хүрээнд НҮБ, “Технож Бизнес Инкубатор Төв” ТББ хамтран “Хөдөө гэр” төслийн хэрэгжүүлж байна. Аялал жуулчлалд ойн нөхөрлөл-малчдын оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулан, бэлэг дурсгалын зүйлс хийж зах зээлд нэвтрүүлэх нь төслийн зорилго ажээ. Нутгийн иргэдэд түшиглэсэн, энэхүү төсөлд таван аймгийн 35 ойн нөхөрлөл хамрагдсан байна.

“Технож Бизнес Инкубатор Төв” ТББ-ийн захирал Г.Галаарийдий “Дэлхий дахинд нутгийн ард иргэдийн хамгаалалттай газар нутаг гэж бий. Монгол Улс ТХЗ-ын хүрээнд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад аван, онгон зэрлэг байдлаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлнэ гэсэн зорилтын тавьсан. Энэ их газар нутгийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал. Тиймээс тэдний оролцоотойгоор аялагчдыг байгальдаа ээлтэй аялахыг уриалж байна. Төлбөрийг тухайн орон нутгийн ханшаар төлөх боломжтой. Аймгаасаа хамааран нэг гэр 20 мянган төгрөгөөс эхэлдэг. Хэнтийн Дадал зэрэг алслагдмал газруудад илүү хямд. Адуунд явах, тэжээл бэлдэх зэрэг ажилд туслах үед төлбөр авахгүй тохиолдол ч байдаг” гэлээ.

Жилийн дөрвөн улиралд ойн нөхөрлөлүүд жуулчдыг авах боломжтой аж.

“Хөдөө гэр” төслийн зөвлөх Д.Мөнхтөр “Хөвсгөл далайгаас гадна гадаад, дотоодын жуулчид очих боломжтой газруудад манай нөхөрлөлүүд байрласан. Хөдөө айлд очин тэдний гэрт амьдарч, соёлоос нь суралцах боломж хүн бүрт байна. Өнгөрсөн жил НҮБ-ийн “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-тай хамтарсан төслөөр 32 нөхөрлөлийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сургалтад бэлтгэсэн. Энэ бол ТХЗ-ын нэг хэлбэр юм. Тухайн нутгийн байгалийн баялаг, газар нутгийг хэрэглэж л байгаа бол тэндэхийн ард иргэдэд л үр өгөөж нь очих ёстой. Монгол улсад 2017 оны байдлаар жилд 470 мянган жуулчин ирсэн. Нийслэлийн аялал жуулчлалын газарт 11 мянган жуулчны наадмын нээлт үзэх хүсэлт ирээд байна. Эдгээр жуулчид зөвхөн нээлт үзээд зогсохгүй, хөдөө орон нутгаар аялах сонирхолтой байдаг. Бид эдгээр хөтөч, жуулчидтай хамтран ажиллаж байна” гэв

Долоодугаар сарын 6;7-нд Сүхбаатарын талбайд ойн нөхөрлөлийн иргэдийн цагаан идээний үзэсгэлэн гарах юм байна.

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *